
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Бангкок хотод болж байна. 30 орны шилдэг жүдочид оролцож буй тус тэмцээн хувийн барилдаанаар өндөрлөлөө.
Тэмцээний гурав дахь өдөр буюу өчигдөр хүнд жингийн барилдаан болж, Монголын багаас эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд А.Адъяасүрэн хүрэл медаль хүртэж, багийнхаа медалийн буухиаг үргэлжлүүллээ. Манай жүдоч сүүлийн хоёр жил дараалан тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлэв.
А.Адъяасүрэн өнгөрсөн жил аваргын алтан медалийн төлөө барилдаж байсан бол энэ жил хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд өрсөлдөгчөө ялж, хошой медальтай боллоо.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр холимог багийн барилдаанаар өндөрлөнө. Багийн сугалаа гарсан. 11 багаас Монголын баг эхний тойрогт хийлж, Казахстаны багтай оноолт таарсан. Манай жүдочид Казахстаны багийг хожвол хагас шигшээд Японы багтай таарах юм.
Нөгөө хэсэгт Энэтхэг, БНСУ, Узбекистан, Туркменистан, Тажикистаны холимог багтжээ.
2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Япон, Монгол, БНСУ, БНХАУ, Тайвань, Арабын Нэгдсэн Эмират улс, Узбекистан, Тажикистан, Казахстан болон Хойд Солонгосын жүдочид хувийн барилдаанд медальт байранд орлоо. Тэмцээний талаарх мэдээллийг эргэн хүргэнэ.

Ч.БОЛОР