Нийслэлийн МАН-ын түүхт 100 жилийн ойд зориулсан “Монгол Улсын аварга цолны хүндэтгэл” Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр бөхийн өргөөнд боллоо. Тус барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэв.

Барилдааны шөвгийн дөрөвт Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын харцага Ц.Мөнхбаяр, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нар шалгарлаа. Харин наймд дархан аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан Б.Серик, улсын харцага Б.Зоригтбаатар нар үлдэв.

“Монгол Улсын аварга цолны хүндэтгэл” барилдааны түрүү бөх 20 сая, үзүүр бөх 10 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн шагналт хүртжээ. Мөн шөвгийн наймд шалгарсан бөхчүүд тус бүр 2.5 сая төгрөгийн бай шагнал гардсан байна.

Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр 2025 он гарсаар гурав дахь түрүүгээ авлаа. Тэрээр нэгдүгээр сарын 26-д болсон “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоожоор найм даван түрүүлсэн. Н.Өсөхбаяр энэ сарын 4-ий өдөр болсон Сүхбаатар аймгийн Онгон сумын түүхт 100 жилийн ойд зориулсан барилдаанд улсын заан Д.Хүдэрбулгаар долоо даван түрүүлсэн юм. Өчигдрийн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлснээр энэ оны гурав дахь түрүүгээ авлаа.