Хаварт цөөн тохиодог, хавсарга салхигүй намуун өдөр спорт талбайд хүний хөл ихтэй.

Ямар нэг арга хэмжээг бүчин зогссон хүмүүс үзэж байгаа зүйлдээ шимтэнгүй. “Толгой бол байна шүү”, “Тэр цаана зогсоо харыг барах амьтан алга”, “Түрүүлэх тоолондоо чимэг нэмээд явна шүү дээ” гэх мэтээс бөх үзэж байна уу гэж андуурам. Морь, бөх шиг шинжүүлж, шимтүүлж буй энэ амьтан бол монгол банхар. Монгол банхар судлалын холбооноос зохион байгуулж буй шилдэг банхар нохой шалгаруулах тэмцээн болж байгаа нь энэ аж. Монгол банхар гэж цаанаасаа харц зөөлөн, ааль намуун, алхаа тавиун амьтан юм. Тэмцээний горимын дагуу зогсоохоор эзэн нь хөл, сүүл, ам шүдээр нь оролдож байхад хөдөлж, уцаарлах юм алга, хэлээ унжуулаад, хээв нэг зогсож л байх юм. Гөлгөн банхар нь ч ийш тийш үсчиж давхиад байхгүй их тогтуун. Амралтын өдөр болохоор хүмүүс гэр бүлээрээ ирж, хиймэл зүлгэн дээр нарлан суужээ. Тэдний дунд эзнийхээ бөөрөнд наалдан хэвтэх банхрууд хамгийн жаргалтай харагдана.

Удахгүй монгол банхар бие даасан үүлдэр болно

Монгол банхар судлалын холбооны тэргүүн Д.Цэрэнхандаас зарим зүйлийг тодрууллаа.

Шалгаруулж байгаа процесс сонирхолтой юм. Олон улсад ч ийм маягаар шүүдэг үү?

Монгол банхар үржүүлгийн газар нэлээд олон болжээ. Нэгдсэн тоо байдаг уу?

2009 оноос хойш бүртгэлжүүлснээр одоогоор цэвэр цусны 9000 гаруй банхар бүртгэлтэй байна. 200 гаруй үржүүлэгчтэй.

Монгол банхрыг дэлхийд гаргахад танай холбоо нэлээд идэвхитэй ажилладаг харагддаг?

2009 онд Нохой судлалын холбоо байгуулагдсанаас хойш уугуул үйлдвэрийн нохойнуудыг цэвэр цусаар нь бүртгэлжүүлж, үзэсгэлэн тэмцээн зохион байгуулж өнөөдрийг хүрсэн. Бүртгэлжүүлснээр монгол банхрууд дээшээ 10 үе нь тодорхой удмын бичигтэй болсон. Арьсан доор нь 16 оронтой чип суулгасан байдаг. Үүгээр дамжуулан олон улсын мэдээллийн системд бүх мэдээллийг нь харах боломжтой.

2012 оноос монгол банхрын стандартыг боловсруулсаар 2021 онд монгол нохойны стандартыг Монголд анх удаа батлуулсан. Мал амьтны л стандарт гэж байснаас биш нохойнх гэж тусдаа байгаагүй болохоор хүмүүс эхэндээ гайхаж байсан. Удахгүй монгол банхар нохойгоо бие даасан үүлдэр болгохоор ажиллаж байгаа. Олон улсын нохой судлалын холбоонд 360 гаруй үүлдрийн нохой бүртгэлтэй байдаг. Бид 2025 ондоо багтаан бүртгүүлнэ гэсэн зорилттой байгаа.

Хамгийн гоё үүлдрийн ноход Монголд ирээд л гудманд гарч байна

Хобби гэдэг нас, мэргэжил харгалздаггүй нэгтгэдэг зүйл гэдгийг эндээс харж болохоор. Дунд ангийн сурагч болов уу гэмээр насны охин тэмцээнд орохоор нохойгоо бэлтгэж байгаа нь хэдийнэ мэргэшсэн байдалтай, банхартайгаа харьцаж байгаа нь сүрхий нягт. Барианы цаг нь олддоггүй, түмэн завгүй эмч маань (Б.Пүрэвжав) хүртэл тэнд явж байна. “Эрэмгий халтар” нохой үржүүлгийн газартай юм байна. Түүнтэй хором хөөрөлдлөө.

Хэдийнээс нохой тэжээж эхлэв?

2006 онд өөр үүлдрийн нохой тэжээдэг байгаад 2021 онд монгол банхар тэжээж эхэлсэн. Нэг талаар нохойд хайртай, нөгөө талаар чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нэг хэлбэр гэдэг үүднээс үржүүлгийн газартай болсон.

Хоббигоос гадна та бүхэн монгол банхар нохойн цэвэр цусыг хадгалах чухал ажил хийж байна.

Монгол банхар устахад хүрч байхад нь маш олон хүний, олон жилийн нөр их хөдөлмөрийн үрээр эргэж сэргэж байна. Би ч бас энд хувь нэмрээ оруулаад, зөв анатом, зөв характер, зөв зүстэй банхар үржүүлэхийн төлөө зорьж яваа.

Гэвч хувь хүмүүсийн гар дээр очихоороо цэвэр цусаа хадгална гэдэг асуудал болдог шиг байна?

Манайхан массын хувьд цусны асуудалд нэг их анзаардаггүй. Гэтэл ямар ч амьтанд удам их чухал. Зүгээр нэг нохой тэжээж байгаад, ямар ч хамаагүй нохойтой нийлүүлээд явахаар цус холилдоод хамгийн гоё үүлдрүүд Монголд ирээд гудманд гарчихаад байгаа байхгүй юу. Хүмүүсийн хариуцлагагүй байдлаас ретриврүүд, спанилууд гудманд гарчихлаа. Нохой болгон гөлөглөх ёстой гэж бодоод байдаг. Гэтэл үгүй. Үржилд ашиглах нохой бол маш чанартай, анатом, характер, зүс гээд бүх зүйл нь бүрдсэн, удам нь цэвэр байж төрүүлдэг.

Нохой тэжээхийн кайфийг та яаж мэдэрдэг вэ?

Монгол банхар маш тэвчээртэй, их зөөлөн амьтан. Тэр тусмаа хүүхдэд их зөөлөн. Манай хүүхдүүд нохойныхоо торон дээгүүр Маугли шиг л явж байна шүү дээ. Бас их дуулгавартай. Нохойтой ойр байхын кайф бол гоё шүү дээ. Би олон цаг өвдгөө нугалж суудаг ажилтай. Сүүлдээ хөл тэнийхээ байгаад эхэлнэ. Амралтын өдрөө ингээд нохойгоо хөтлөөд алхах чинь эргээд өөрийн эрүүл мэндийн асуудлаа шийдэж байна.

Мал эзнээ дуурайдаг гэдэг. Банхар бас адил уу?

Эзэн нь яаж гаршуулж хүмүүжүүлж байгаагаас их шалтгаална. Байнгын зандчаад байдаг айлын нохойнууд бол аймхай л байна шүү дээ. Эзэн нь тайван бол нохой нь уужуу тайван л байна.

Ийнхүү 3 үеийн намтраа ч арайхийн бичдэг хүнээс илүү удмын бичигтэй монгол банхар тууштай хүмүүсийн зүтгэлээр системтэй хөгжиж байгааг харах таатай байлаа. Удахгүй дэлхийд данстай ч болох нь.