Дэлхийд нэн ховордсон, өндөр уулын экосистемийн гол төлөөлөгч цоохор ирвэс тархсан цөөн газрын нэг нь Монгол орон юм. Tархац нутаг, тоо толгойгоороо дэлхийд хоёрдугаарт бичигддэг учир дэлхийн цоохор ирвэсийн хувь заяа манай улсаас шууд хамааралтай. Иймд олон улсын байгууллага болон манай улсын байгаль хамгаалагч, судлаач нар төдийгүй бүс нутгийн малчид ирвэс хамгаалах үйлсэд их анхаардаг. 2021 оны байдлаар манай улсад дунджаар 953 ирвэс байгаа гэж тоолжээ. Тэгвэл Дэлхийн байгаль хамгаалах сангийн “Ирвэстэй нутгийн Ирээдүй” төслийнхөн 2018 оноос хойш цоохор ирвэс хамгаалах хэд, хэдэн бүтээмжит ажлууд зохион байгуулснаас банхар нохойг орон нутагт нутагшуулсан нь ихэд үр дүнд хүрчээ. Ирвэс малчдын хот руу орж, мал руу дайрахаас монгол банхар хамгаалж байна. Ингээд Говь-Алтай аймгийн Дарви сумд байрлах тус төслийн ахлах зохицуулагч З.Энхмэндтэй ярилцлаа.
-Энэ төсөл эхлэхээс өмнө 2018 онд тус бүс нутагт банхар нохой ховор байсан уу?
-Нэг айлд хоёр банхар нохой өгч байсан хэрэг үү?
-Тийм. Нэг айлд эр, эм гөлөг өгч байсан. Банхар нохой ганцаараа байснаас хосоороо байснаар илүү эр зоригтой, цовоо сэргэлэн байх боломжтой байдаг. Мэдээж өөр удмынхыг өгсөн. Ингэж байж насанд хүрэхдээ гөлөг гаргах боломжтой болно. Тэгээд үржээд эхлэхээр нь нохойгүй өөр айлд өгчихдөг юм.
-Анх нохдоо хаанаас авч, үржүүлсэн бол?
-Монгол банхар судлалын холбооноос яг цэвэр үүлдрийн нохой авч нутагшуулсан. Ноход өдөр нь малаа хариулж байгаа эзэнтэйгээ цуг явж, орой нь хоттой малаа хамгаалж хонодог. Малчид нохдыг маш их үр дүнтэй байгаа гэж магтаж байгаа. Энэ төсөл хэрэгжихээ больсон ч малчид үргэлжлүүлэн нохойгоо хамгаалж, үржүүлж, цэвэр удмаар нь хадгална гэж хэлж байна билээ.
-Малчдын хот руу ирвэс дайрахаар хүн эд хөрөнгө, амь насаа хамгаалахын тулд хариу арга хэмжээ авч таарна. Энэ нь ирвэсийн тоо толгой цөөрөхөд тодорхой нөлөө үзүүлдэг байх?
-Зэрлэг амьтдыг хайрлан хамгаалж, тоо толгойг нь нэмэх нь чухал ч хүнтэй зөрчилдүүлж болохгүй. Хэрэв хоттой мал руу ирвэс дайрах нь ихэсвэл хүн мэдээж өөрийгөө болон эд хөрөнгөө хамгаалах зорилгоор төрөл бүрийн эрсдэл гарахыг үгүйсгэхгүй шүү дээ. Энэ арга бол хүчээр бус байгалийг өөрөөр нь хамгаалуулах нэгэн арга гэж хэлж болно.
-Ирвэс айлын мал руу дайрах нь идэш тэжээлийн дутагдлаас үүссэн байж болох уу?
-Мэдээж идэш тэжээлийн дутагдлаас үүссэн байх боломжтой. Аргаль, янгир, тарвага, туулай, мэрэгч амьтдаар хооллодог. Буга, гахай мэтийн тураг амьтдаар ч заримдаа хооллоно. Нэг ирвэс жилд дунджаар 16 янгир, ямаа идэх шаардлагатай байдаг. Гэтэл сүүлийн үед ирвэсийн суурьшдаг бүс нутгаар янгир, ямааны тоо багассан. Дэлхийн нийт уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг ихэд хөндөж байна. Мэдээж байгальтай зохисгүй харилцах ч үүнд хамаарна. Түүнчлэн хүний үйл ажиллагаатай ч ихэд холбоотой. Техник технологи хөгжихийн хэрээр малчид бүр бартаат замыг туулах машинтай болж ирвэсийн нутагладаг газрын ойролцоо байршиж, гэр ээ барих болсон.
-Ярилцсанд баярлалаа.
Нохой бол эртнээс л Монголчуудын төдийгүй хүн төрөлхтний үнэнч анд болж ирсэн. Зөвхөн Монгол банхар төдийгүй бүхий л нохой эзнээ хамгаалдаг төрөлхийн мөн чанартай амьтан. Эзэн, малаа хамгаалахдаа давхар ирвэсийн тоо толгойг бууруулахгүй байж болох мэргэн санааг төслийнхөн, малчид хамтран гаргасан байна. Ингэснээр томоохон үр дүнд хүрч Банхар нохойг тэжээсэн айлууд өмнө нь жилд 130 орчим мал аа алддаг байсан бол одоо энэ тоо 10 болж буурчээ.
Банхар нохойг малчдад өгч, үржүүлэх ажлыг Говь-Алтай аймгийн Дарив сумын Жавхлант багийн малчин Б.Намсрай хамгийн сайн дэмжин, хэрэгжүүлж байгаа гэнэ. Тэрбээр, “Би багаасаа нохой тэжээх сонирхолтой байсан. Энэ санааг хэрэгжүүлэхэд надад их сонирхолтой санагдсан. Надад одоо гурван эр, эм нохой байгаа. Эднийг үржүүлээд нохойгүй айлуудад тараадаг юм. Гэхдээ хэт их замбараагүй өсгөж, эзэнгүй золбин нохой болох эрсдэлээс давхар сэргийлж яваа. Энэ төсөл зогссон ч Монгол нохойны үнэ цэнийг нэмэгдүүлж, бусад малчдад өгөх ажлаа үргэлжлүүлж хийнэ гэж зорьж байна” гэлээ.
Сэтгүүлч: А.Булганчимэг