Нийслэлийн Баянзүрх дүүрэгт болсон газ дэлбэрэлтийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болно. Тухайлбал, тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын урлагийн танхимд болох юм. Хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өмнө нь (2025.03.06) товлогдсон боловч шүүх хурлыг даргалагч шүүгч нь ногоон автобусны хурлын бүрэлдэхүүнд ажиллаж байсан учраас хурлыг түр хугацаанд хойшлуулсан байна.
Нэг жилийн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө 01:00 цагийн орчимд Дүнжингаравын уулзвар дээр газ тээвэрлэж явсан "Дашваанжил" компанийн жолооч осол гарган, дэлбэрэлт болсноос долоон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг болсон. Мөн олон хүн бэртэж гэмтэн, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсон. Харамсалтай нь, хэрэг явдал болсноос хойш нэг жил болоход хэргийн хохирлыг одоо болтол барагдуулж, шийдэж чадалгүй өдийг хүрсэн. Хэргийг прокурорын байгууллагаас (2025.01.21) нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Шүүхээс хэргийн материалыг хянаж үзээд, хүлээн авсан билээ.