Он солигдох мөчид Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ татвар, нийгмийн даатгалын тухай багц хуулиудыг иргэн, аж ахуйн нэгжийн саналд үндэслэн, шинэчлэн боловсруулж уих-ын хаврын чуулганд өргөн барина гэж мэдэгдсэн.

2025 оны эхний улирал хэдийнэ өнгөрсөн ч Нийгмийн даатгалын тухай хуулийн төслийг Засгийн газар өргөн барих нь бүү хэл боловсруулсан төсөл алга.

Засгийн газрын тэргүүний хэлсэн үгний хүлээлтийг УИХ-ын гишүүн Б.Түвшин, Ч.Лодойсамбуу нарын 30 гаруй гишүүн тайллаа. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг төслийг тэд боловсруулж, олон нийтээс санал авах, хэлэлцүүлгээ эхлүүллээ.

Хөлсөөр ажиллах гэрээний дүнгээс тооцох “НДШ”

Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эрх зүйн орчин 1995 онд бүрдсэнээс хойш өнөөг хүртэл энэ хуульд 37 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Эдгээр өөрчлөлт нь түр зуурын гал унтраах байдлаар асуудлыг шийдэж, нийгмийн даатгалын тогтолцоог гажуудуулах шалтгаан болсоор ирсэн. Хамгийн сүүлд 2023 онд Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэн баталсан ч “шинэчлэл” гэхээсээ илүү бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхэнд санхүүгийн болоод үйл ажиллагааны хувьд дарамт нэмсэн ухралт болсон.

2024 оны эхнээс хэрэгжиж эхэлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд зааснаар Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон цалин хөлсийг Нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнд хамааруулахаар заажээ. Тэдгээртэй адилтгах гэрээнд Аялал жуулчлалын, тээвэрлэлтийн, хадгалалтын, даалгаврын, илгээмжийн, зуучлалын гэх мэт олон төрлийн гэрээ хамаарч, бизнес аж ахуйн шинжтэй бүх төрлийн харилцаанаас олсон орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах болсон.

"2024 оноос хэрэгжиж эхэлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд маш том буруу зүйл байгаа нь бизнесийн харилцаа, хөдөлмөрийн харилцаа хоёрыг хольж, хутгасан явдал. Хөдөлмөрийн харилцаа буюу хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтнаас Нийгмийн даатгалын шимтгэл авч байгааг бид буруу гэж үзээгүй. Харин бизнесийн харилцаа буюу ажил гүйцэтгэх гэрээ тухайлбал зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа гэрээнээс шимтгэл авч байгаа асуудлыг оновчгүй гэж үзэж байна. Жишээ нь 10 сая төгрөгийн зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахад тухайн үйлчилгээг өгөх, авах талууд гэрээний дүнгээс НДШ аль аль нь төлөх болж байна. 10 сая төгрөг нь бүгд цалингийн орлого биш. Гэрээний үнийн дүнд урсгал зардлууд ч орсон байдаг. Иймээс бизнесийн харилцааг хөдөлмөрийн харилцаанаас ялгамжтай байдлаар зохицуулах талаар бид санал хүргүүлсэн ч хуулийн шинэчлэлээр өөрчлөөгүй. Шинэчилсэн гэж ярьж байгаа 2024 оноос хэрэгжиж байгаа Нийгмийн даатгалын тухай хууль нь аж ахуйн нэгжүүдэд ээлгүй хууль."

Аж ахуйн нэгжүүдийн хувьд үйл ажиллагаа чиглэлээс хамаарч ажилтанд олгож байгаа цалингийнхаа 10.5-12.5 хувиар, харин ажилтны хувьд 9.5 хувиар сар бүрийнхээ цалингаас нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Албан журмаар даатгал төлдөг хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтнуудаасаа гадна бизнесийн харилцааны хүрээнд үүсч байгаа гэрээний цалин хөлсөнд ч нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг дарамт болж байна. Хувь хүнтэй нэг удаагийн гэрээ байгуулж ажил, үйлчилгээ хийлгэх нь өндөр зардалтай болсон учраас компаниуд ААН үүдтэй харилцахыг илүүд үзэх болж, цаасны компани байгуулах иргэдийн сонирхол ч нэмэгджээ. 2023 онд 236.5 мянган хуулийн этгээд бүртгэлтэй байсан бол 2024 оны эцэст энэ тоо 261.2 мянгад хүрч, жилийн дотор 25 мянгаар нэмэгджээ.

"Жишээ нь нүүрс экспортлохын тулд С зөвшөөрөл авдаг. Нүүрс гаргах энэ зөвшөөрлийг тээврийн хэрэгсэлтэй, тухайн тээврийн хэрэгсэл нь компанийн нэр дээр бүртгэлтэй гээд шалгуурт нийцсэн компанид олгодог. Иймээс ч хувиараа нүүрсний тээвэр хийдэг иргэдийн хувьд С зөвшөөрөлтэй компанид машины нэр шилжүүлж, тээвэрлэлтийн орлогоос хувь өгөх байдлаар тохиролцдог байсан байна. Хамтран ажиллах эсвэл тээвэрлэлтийг гэрээгээр болдог байсан асуудал нь Нийгмийн даатгалын хуулийн шинэчлэлээр тэдгээртэй адилтгах гэрээнд хамаарч компани ч, жолооч нар ч төлөх үүрэг хүлээх болжээ. Ингээд нүүрс тээвэрлэдэг жолооч нар компани байгуулж эхэлсэн байна. Өнөөдөр 50 мянган төгрөгөөр компани байгуулах боломжтой, амархан. Харин байгуулсан компаниа авч явах хэцүү. Сар бүр татварын тайлан гаргана, НӨАТ төлөгч болбол НӨАТ-ын тайлан гаргана гээд бүртгэл, тооцооны ажил их. Мэдээж үүнийг жолооч нар хийж чадахгүй учраас зөвлөх үйлчилгээ авах хэрэгтэй болно гээд зардал улам нэмэгдэнэ. Зөрчлийн тухай хуулиар хувь хүнд ногдуулж байгаа торгуулийн хэмжээ 100 мянган төгрөг байгаа бол компанид 10 дахин нэмэгдэж, сая төгрөг байх жишээтэй. Энэ мэт хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг энэ хуулийн заалт хүнд байдалд оруулж байна."

"Одоо манай нийгмийн даатгалын тухай хууль нь хувь хүний бүх орлогоос, дээрээс нь хувь хүнтэй гэрээ байгуулсан аж ахуйн нэгжээс давхар авах зохицуулалттай байгаа. Тэгэхээр бизнесийн орлого буюу иргэний хуулиар зохицуулж байгаа харилцаанаас нийгмийн даатгалын шимтгэл авахаа больё. Энэ бол бизнесийн орлого юм байна. Яагаад гэвэл орлогын албан татвар, шаардлага хангасан бол НӨАТ төлж байгаа. Дээрээс тухайн гэрээний дүнгээс урсгал зардлыг хасахгүйгээр нийгмийн даатгал тооцож авах, давхар ажил олгогчид ногдуулж байна. Ингэхээр хувь хүмүүс хувиараа бизнес эрхлэх ямар ч боломжгүй болж байна. Энэ нь Үндсэн хуульд заасан хувь хүн хуулийн этгээд байна гэдэг заалтыг зөрчиж байна. Энэ асуудлыг өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгасан."

НДШ төлөх орлогын “дээд хязгаар”

Ажил олгогчдод шаардлагатай байгаа бас нэг зохицуулалт нь НДШ төлөх орлогын “дээд хязгаар”.

Энэ хязгаар нь даатгуулагч цөөн хэдэн сард хэт өндөр дүнгээр шимтгэл төлснөөр тогтмол цалинтай, нийгмийн даатгалын шимтгэлийг олон жил тасралтгүй төлж байсан иргэдээс илүү өндөр тэтгэвэр тогтоолгох боломжийг хаах зорилготой. Харин ажил олгогч үүнтэй адил шимтгэл төлөх орлогын дээд хэмжээ, таазгүй. Ажилтны авах тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээнд ямар ч нөлөө үзүүлдэггүй ажил олгогчийн төлж байгаа шимтгэл нь нийгмийн даатгалын сан руу сул төлдөг мөнгө гэж хэлж болно. Жишээ нь уул уурхайн компани ажилтандаа сарын 15 сая төгрөгийн цалин өгдөг гэж тооцъё. Тухайн ажилтан сардаа 759 мянган төгрөгийн НДШ төлөх бол ажил олгогч 1 сая 875 мянган төгрөгийн НДШ-ээр төлнө.

Эндээс харахад ажилтан, ажил олгогчийн төлж байгаа НДШ-ийн зөрүү 1 сая 116 мянган төгрөгөөр хэмжигдэнэ. Хэрвээ ажил олгогчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг тогтоовол энэ хэмжээний зардал хэмнэх боломж ажил олгогчид бий болох юм. Иймээс ч ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна гэж хуулийн төсөлд тусгажээ.

Ажилтанд олгох хөнгөлөлтөөс тооцох “НДШ”

Өнөөдөр төлсөн нийгмийн даатгалын шимтгэл нь ирээдүйд таны, миний орлого болох тэтгэвэр, эрсдэл тулгарвал тэтгэмж авах хамгаалалт болох учиртай ч иргэдийн дийлэнх нь НДШ үр ашиггүй гэж үзжээ.

Үндэсний аудитын газраас 2024 онд хийсэн “Нийгмийн даатгалын тогтолцоо, түүний үр нөлөө аудитын тайлан”-гаас харахад судалгаанд оролцсон иргэдийн 37 орчим хувь нь НДШ-ийг цалингаас суутгадаг, үр ашиггүй зардал гэж үзжээ. Өнөөдөр ажилтны төлж байгаа 9.5 хувийн нийгмийн даатгалын шимтгэлийг зөвхөн үндсэн цалингаас биш нэмэлт урамшуулал, хөнгөлөлтөөс ч тооцон авдаг. Татвар шиг хэрэгжиж байгаа нийгмийн даатгалаас үүдэлтэйгээр өнөөдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах иргэдийн сонирхол буурч, цаашлаад ажиллах хүчний хомсдол бий болоход нөлөөлж байгаа гэж үзэх хэсэг ч байна. Иймээс ч Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтөд нийгмийн даатгалын шимтгэл тооцож байгааг өөрчлөхөөр тусгажээ.

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл дурдсан дээр үндсэн гурван өөрчлөлтийг хийснээр ажилгүйдлийн түвшин 2027 онд 4.7 хувь хүрч буурах, шинээр 16.5 мянган ажлын байр бий болох, хөдөлмөр эрхлэлтийг түвшин 60.3 хувьд хүрч өсөх, дундаж цалингийн хэмжээ энгийн өсөлтөөс давж буюу 2027 онд 4.5 саяд хүрэх зэрэг нөлөө үзүүлэхийг судлаачид тооцжээ. Өнөөдөр Сангийн яамнаас боловсруулаад байгаа Татварын багц хууль, иргэдийн санаачилгаар өөрчлөхөөр Байнгын хороонд шилжүүлээд байгаа Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээг 1 хувь болгон бууруулах хуулиас илүүтэй Нийгмийн даатгалын хуульд орох өөрчлөлтийг нийтээрээ хүлээж байна.