
Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлыг эргэн сануулж, тоймлон хүргэж байна.
Орос, Монголын хамтарсан компани онгоцны шатахуун нийлүүлэхээр хэлэлцээрийн нийгмийг талцуулав
УИХ-ын Төсвийн байнгын хорооны лхагва гарагийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Уг төслийн агуулга нь ОХУ-тай хамтарсан компани байгуулж "Чингис хаан" нисэх онгоцны буудалд агаарын хөлгүүдийг түлшээр тасралтгүй цэнэглэх үйлчилгээ үзүүлэх тухай байсан юм. МИАТ компани тендер зарлаж шатахуун нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон үйлчилгээ авдаг байсан юм. Харин энэхүү хэлэлцээрийг баталснаас хойш 20 жилийн хугацаанд Орос, Монголын хамтарсан компани онгоцны шатахуун нийлүүлэхээр хэлэлцээрийн төсөлд тусгажээ. Гэвч үүнтэй холбоотойгоор нийгэмд талцал, хэлэлцүүлэг өрнөөд буй. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны хувьд "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн. Энэ хүрээнд агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах үүднээс манай улсын төрийн өмчит “Эрчис ойл” ХХК болон ОХУ-ын төрийн өмчит “Роснефть Аеро” компаниудын хамтарсан компани байгуулах тухай асуудал яригдсан. Уг хэлэлцээр байгуулагдсанаар Монгол Улс, ОХУ хоорондын хамтын ажиллагаа газрын тосны хангамжийн салбарт өргөжиж, улмаар агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, “Чингис хаан” олон улсын нисэх буудал болон агаарын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд олон улсын стандартын шаардлагад нийцсэн шатахууныг тогтвортой, хямд үнээр, тасралтгүй нийлүүлэх боломж бүрдэх юм" гэсэн тайлбарыг өгөөд буй.
260 түрээслэгчийн бүрхэг ирээдүй
Хөвсгөл аймгийн “Шинэ мөрөн” худалдааны төвд дөрөвдүгээр сарын 14-нд гал гарсан. Гал түймрийн тархалтыг 00:35 цагт зогсоож, 02:21 цагт бүрэн унтраасан. Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатарын хувьд энэ талаар мэдээлэл өгөхдөө "2024 оны дөрөвдүгээр сарын 14-ны 21:34 минутын орчимд гал хоёр давхраасаа гарсан. Онцгой байдлын албан хаагчид дуудлага очсон даруй очсон. Онцгой байдлын албан хаагчид болоод орон нутгийнхан галын унтраахаар бүхий л хүчин чадлаараа ажилласан. Гэвч сэндвичин барилга учир зогсоох боломжгүй юм байна. 260 түрээслэгчтэй, 100 хувь орон нутгийн өмчийн барилга. Одоогоор найман лангууны барааг гаргаж авсан гэсэн мэдээлэлтэй байна. Хоёр давхар барилгын хоёр дахь давхар нь бүрэн шатсан. Нэг давхар руу гал тархсан. Манай аймаг хүн ам олонтой. Онцгой байдлын албан хаагчдын техник төхөөрөмж, хүн хүч учир дутагдалтай байна гэсэн дүгнэлттэй байгаа. Гэхдээ манай Онцгой байдлын газар хуульд заасан үүргийнхээ дагуу сайн ажилласан. Засаг даргын Тамгын газар, Ус суваг нийтийн аж ахуйн газар, Онцгой байдлын газар өөрсдийн хэмжээнд шаардлагатай арга хэмжээг авч ажиллалаа. Галын дүгнэлт гарна. Гэм буруутай этгээд тодорхой болно. Хариуцлагын асуудал яригдана. Хохирлын журмын дагуу төлж таарна" гэсэн билээ.
"Бишрэлт Мeталл" финалд шалгарлаа
Монголын сагсан бөмбөгийн холбооны 2024-2025 оны Үндэсний дээд лигийн хагас шигшээн сүүлийн тоглолт "Эс Жи Эйп" болон "Бишрэлт Мeталл" багуудын хооронд боллоо. Хоёр багийн цувралын хожил 3:3 болж тэнцээд байсан. Өнөөдрийн шийдвэрлэх долоо дахь тоглолтод аль хожсон багийг "Хасын хүлэгүүд" хүлээж байлаа.
Тоглолтын гол баатар "Бишрэлт Мeталл" багийн залуус байв. Тэд гурав дахь үеийн 7 дахь минутаас эхлэн 41:40-ээр давамгайлж эхэлсэн. Энэ байдлаа хадгалж чадсан металлын залуус 67:61 онооогоор тоглолтыг дуусгаж, финалд шалгарлаа. Тоглолтын эхний оноог "Эй Жи Эйпс" багийн ахлагч М.Өлзий-Орших авсан. Түүний хувьд багийн голлох оноог авсан ч гурав дараалсан ялалтаа дуусгавар болголоо. Тэдэнд зөвхөн ганц хожил хэрэгтэй байсан ч дөрөв дараалан ялагдан лигийн хүрэл медалийг хүртэж байна. Үндэсний дээд лигийн 2024-2025 оны финалд "Хасын хүлэгүүд" болон "Бишрэлт Металл" баг шалгарлаа. Хоёр багийн тоглолт ирэх даваа гарагт эхэлнэ.
Доллар 3600-д дөхлөө
2024 оны эцэст Монгол Улсын гадаад валютын албан нөөц (ГВУН) түүхэндээ анх удаа 5.5 тэрбум ам.долларт хүрч, гадаад валютын "дархлаа"-ны түвшин сэргэснийг Төв банк онцолж байв. Гэвч 2025 оны нэгдүгээр сард энэ үзүүлэлт 4.8 тэрбум ам.долларт хүрч, ердөө нэг сарын дотор 11.8 хувиар буурсан нь анхаарал татаж байсан юм. Төв банк энэхүү огцом бууралтыг импортын өсөлт, тэр дундаа иргэдийн автомашин худалдан авалт, аялал жуулчлалын урсгалтай холбон тайлбарласан. Гэсэн ч энэ сарын эхээр Монгол Улсын гадаад валютын нөөц дахин өсөж, таван тэрбум ам.долларыг давсан. Энэ нь оны эхнээс хойш 95 сая ам.доллароор буюу 1.9 хувиар нэмэгдсэн талаар Монголбанкнаас мэдээлээд байна. Энэхүү өсөлтөд банкны системээр орж ирэх гадаад валютын цэвэр урсгал сайжирсан, гадаад худалдааны тэнцэл ашигтай хэвээр байгаа зэрэг нь нөлөөлсөн гэж байв. Б.Жавхлан сайд ч валютын нөөц зузаарч буйг өнгөрсөн лхагва гарагт хэлж байв. Гэвч өнгөрсөн баасан гарагт "Найман шарга" валют арилжааны төвд долларын зарах 3595 төгрөг болж, 3600-д дөхлөө.