Хятадын дарга Ши Жиньпин энэ долоо хоногт зүүн өмнөд Азийн гурван улсад төрийн айлчлал хийлээ. Вьетнам, Малайз улсуудад зочилж хэдэн арван гэрээ хэлэлцээр байгуулсны дараа айлчлалынхаа сүүлийг мушгиж Камбожийн нийслэл Пном Пен хотод өнөөдөр газардлаа. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп татварын дайныг эхлүүлсний дараа Хятадын Засгийн газар эдийн засгаа хамгаалах шаардлагатай болсон. Тиймээс бүс нутгийн орнуудтай эдийн засаг, худалдааны харилцаагаа өргөжүүлэх зорилт тавиад байна. Худалдаа, эдийн засгаас гадна улс төр, геополитикийн талбарт ч нэг хүчний давамгайлсан үзэл санааг эсэргүүцэж, олон улс эрх тэгш оршин тогтнохыг дэмжихийг Ши Жиньпин айлчлалынхаа үеэр онцгойлон сануулж байна.
Трамп Хятадаас бусад улсын импортын бараанд 50 хүртэл хувийн татвар ногдуулсан. Тэр дундаа Вьетнам, Камбож улсуудад хамгийн өндөр татварыг ногдуулаад байгаа юм. Вьетнамын бараанд 46, Камбожийн бараанд 49 хувийн татвар оноосон. Ши Жиньпинийг өнөөдөр Пном Пений нисэх буудалд Камбожийн хаан Нородом Сихамони цэргийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний хамтаар угтан авлаа. Ши Жиньпин хааны ордонд зочлох бөгөөд Ерөнхий сайд Хун Манет, түүний эцэг өмнөх Ерөнхий сайд Хун Сен нартай уулзаж хөрөнгө оруулалт, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ хэлцлүүдийг байгуулах юм.
Ши Жиньпин Вьетнамтай хамтарч ажиллах 45 гэрээ хэлцлийг байгуулсан бол Малайзад 30 хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ удаад Камбожтой ч мөн хэдэн арван хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулахаар төлөвлөжээ. Хятад нь Камбожийн хамгийн том худалдааны түнш, хөрөнгө оруулалтын эх үүсвэр юм. Камбожийн гадаад өр зээлийн гуравны нэгийг нь Хятад олгосон гэж Олон улсын валютын сан мэдээлжээ. Пном Пен ч мөн улс төрийн талбарт Ази дахь Бээжингийн гол дэмжигчдийн нэг ажээ. Ерөнхий сайд Хун Манет Ши Жиньпиний айлчлалын өмнө Хятадтай юунд ч эвдрэхгүй бат бэх нөхөрлөлийн харилцаатай гэдгээ бататгасан байна.