Хамгийн анх хүн сансарт ниссэн тохиолдол нь 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр ЗХУ-ын сансрын нисгэгч Юрий Гагарины нислэг байсан билээ. Энэ цагаас хойш хоёр жилийн дараа Зөвлөлтийн сансрын нисгэгч Валентина Терешкова ганцаараа гурав хоногийн турш сансарт ниссэнээр сансар огторгуйн уудамд гарсан анхны эмэгтэй болж байжээ. Тэгвэл 60 гаруй жилийн дараа зөвхөн эмэгтэйчүүдээс бүрдсэн баг сансрын анхны нислэгийг өчигдөр хийлээ. АНУ-ын поп од алдарт дуучин Кэти Перри, тэрбумтан Жефф Безосын сүйт бүсгүй телевизийн хөтлөгч Лорен Санчез, CBS сувгийн хөтлөгч Гейл Кинг, кино продюссер Керианна Флинн, иргэний эрхийг хамгаалагч Аманда Нгуен болон АНУ-ын сансар судлалын станц НАСА-ын пуужингийн мэргэжилтэн Айша Бау нарын зургаан эмэгтэйгээс бүрдсэн баг сансрын аялал хийсэн байна. Тэд орон нутгийн цагаар даваа гарагийн өглөө 08:30 цагт Баруун Техас дахь тэрбумтан Жефф Безосын Блю Орижин компанийн сансрын буудлаас Нью Шепард сансрын аяллын хөлгөөр хөөрсөн байна. Сансрын нислэг 11 минутын хугацаанд үргэлжилж, багийн гишүүд эх дэлхийдээ эсэн мэнд газарджээ. Нью Шепард хөлгийн пуужин капсулыг хөөргөсний дараа сансрын буудлаас 3.2 км орчмын зайд эргэж буусан байна. Харин капсул дэлхийн гадаргуугаас дээш 100 км орчимд байдаг Карман олон улсын сансрын хилийг даваад Техаст газарджээ. Энэ хугацаанд хэсэг хором сансрын зорчигчид жингүйдлийг мэдэрч амжсан байна.

Зорчигчид дундаас хамгийн их олны анхаарлыг татаж байгаа дуучин Кэти Перри “Сансрын аялалд 10-10 оноо өгч байна. Амьдрал, хайртай супер холбоо тогтоож чадсан юм шиг мэдрэмжийг авлаа” хэмээн сэтгэгдэлээ хуваалцжээ. Алдартнуудын нислэгтэй хамт Блю Орижин сансрын нислэгийн компанийн эзэн Жефф Безос, Гейл Кингийн сайн найз Опра Уйнфри нар байлцсан байна. Безос капсулыг газардсаны дараа хаалгыг нь нээж сүйт бүсгүй Санчезаа угтаж авчээ. Санчез үгээр хэлэхийн аргагүйгээр нислэгийн багийнхнаар маш их бахархаж байгаа тухайгаа хэлсэн байна.

Энэ удаагийн нислэг Блю Орижин компанийн 11 дэх удаагийн сансрын аялал болж байна. Тус компанийн сансрын аяллаар нийт 50 гаруй хүн аялжээ. Нислэгийн тасалбарын үнэ одоогоор нууцлаг хэвээр үлдсэн. Анхны аяллын тасалбараа Безос дуудлагаар худалдахад 28 сая ам.доллар хүрч байжээ. Ажиглагчдын таамаглаж байгаагаар Блю Орижины сансрын аяллын тасалбарын үнэ нэг хүн дунджаар багадаа 200,000 ам.доллар, цаашлаад 450,000 ам.доллар ч байж магадгүй. Учир нь тус компанийн сансрын аяллыг захиалахад 150,000 ам.доллар эхний ээлжинд төлж захиалгаа баталгаажуулдаг байна.

Нью Шепардын пуужин капсулаа хөөргөсний дараа эргэж газардаж, дахин дараагийн нислэгт ашиглах боломжтой байдаг тул Блю Орижины тасалбарын үнэ бусад компаниудаас хямд байх боломжтой юм. Сонирхуулахад одоогоор сансарт 700 гаруй хүн аялсан байдгийн ердөө 15 хувь нь эмэгтэйчүүд байдаг аж. Түүнчлэн сансрын аялал жуулчлалыг хүрээлэн буй орчныг хамгаалагчид сансрын хог хаягдлыг ихэсгэдэг гэж үзэн буруутгадаг байна. Мөн АНУ-ын хуулинд сансарт нисэж байгаа хүмүүс заавал урьдчилан бүрэн хэмжээний бэлтгэл сургуулилалтад хамрагдах шаардлага тавьдаг. Харин Блю Орижин компани сансрын аялагчдыг хоёр хоногийн өмнөөс бэлтгэж, бие махбодийг нь шалгаж бэлддэг байна.