Монгол Улсад “хар алт” гэгдэх нүүрс, “цагаан алт” гэгдэх ноолуур бас жинхэнэ шар алт нь ч бий. Алтуудаа бид ер нь хэрхэн олборлож, яаж ашгийг нь хүртэв.
“Цагаан алт”-аа самнасангүй
57.6 сая малтай Монгол Улсын нийт экспортын гурав хүрэхгүй хувийг ноос, ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүний экспорт (2024 оны байдлаар) эзэлж байна.
Ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэх байтугай нөөцийнхөө 80-90 орчим хувийг түүхийгээр гаргаж байсан ч сүүлийн хэдэн жилд угаах шат руу шилжсэн. Энэ шатаа ахиулахаар Засгийн газар 2022 онд тогтоол гаргаж, экспортод гаргах ноолуурын техникийн зохицуулалтыг баталсан. Техникийн зохицуулалтад “Экспорт, импортын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх ямааны ноолуурын хялгас болон завсрын үсний агууламж 0.3 хувиас ихгүй, тослог 1.0 хувиас ихгүй, чийглэг 17 хувиас ихгүй” хэмээн зааж өгөв.
Ийнхүү тодорхойлсон ч ердөө л угаасан ноолуураа самнаж гаргах тухай юм. Тогтоолоо аль гурван жилийн өмнө баталсан ч хэрэгжүүлэх хугацааг жил дараалан хоёр удаа хойшлуулан энэ жилээс хэрэгжиж байна.
Ийнхүү хойшлуулсны эцэст уг тогтоол хэрэгжиж эхлэнгүүт цуцлах тухай яриа чих дэлсээд эхэллээ. “Угаасан ноолуурт хориг тавьснаас болж, ноолуур ченжүүд авахгүй байна”, “Үйлдвэрүүд үгсэн хуйвалдаж ноолуур бага үнээр авах гэж байна”, “Ноолууранд тавьсан хоригоо уртасгавал ноолуур кг нь 200 мянга хүрнэ” гэх яриа л өнөөдөр хөвөрч байна. Өдийд ид бужигнаж, ноолуур дээрээ “алаан” болж байдаг ч нам жим буй нь малчдын санааг түгшээж эхэлсэн.
Тэгвэл энэ бүхэн нь зохион байгуулалттай ажил буюу гаднын компаниуд техникийн зохицуулалтын хэрэгжих хугацааг уртасгуулахаар ийнхүү бойкот хийж буй аж. Монголчуудаас түүхий эдийг хямд авч, нэмүү өртөг шингээн илүү их ашиг олох тэдний санаа ийнхүү цухуйж эхэллээ. Монгол Улсын ноолуурын үйлдвэрлэл хөгжихгүй, ахиухан орлого олохгүй, хөгжихгүй, дэвшихгүй байх нь хэнд ашигтай вэ. Малчдад, үйлдвэрүүдэд, Монгол Улсад алинд нь ч ашиггүй. Хэрвээ Засгийн газар баталсан тогтоолынхоо хэрэгжилтийг дахин хойшлуулвал дахиад л бид намаг балчигтаа үлдэж, цагаан алтаа алт болгож чадаагүй үлгэрээ үргэлжлүүлэх нь. Өнгөрсөн жил дэлхийн зах зээл дээр самнасан ноолуур кг нь 150-165 ам.доллараар хэмжигдэж байсан ч дайн болон геополитикийн нөхцөл байдлаас үүдэн 97 доллар болтлоо уначихлаа.
Нэмүү өртөг шингээсэн ноолуураа ярьсаар байтал ийнхүү дэлхийн зах зээлийн ханш унаж, ноолуурын үнэ унасаар. Засгийн газрын тогтоол 2022 онд гарахтай зэрэгцэн ноолуурын үйлдвэрүүд өр зээл тавин барин улсаараа үйлдвэрийн хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлсэн ч шидийг нь үзэлгүй өдийг хүрээд буй.

"2022 онд Засгийн газрын шийдвэр гарсантай холбогдуулан самнасан ноолуур бэлтгэн гаргахын тулд үйлдвэртээ зургаан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ч өнөөдрийг хүртэл зардлаа нөхөж чадаагүй байна. Хэрвээ энэ жил Засгийн газар тогтоолоо цуцлахгүй байх юм бол хэдэн компани хөл дээрээ босоход нэмэр болно. Кг ноолуурыг 25 мянган төгрөгөөр самнадаг. Үүгээр бодож үзвэл зөвхөн самналтаас 100 тэрбум Монгол Улсад үлдэх боломжтой. Зургаадугаар сарын 1 гэхэд ажилгүй болчихдог үйлдвэрүүд арванхоёрдугаар сар хүртэл ажилтай байна. Энэ хэрээр татвар, нийгмийн даатгал бусад татварууд төлөгдөнө. Монголдоо ноолуураа самнахаар италичууд ноолууртаа хяналт тавихаар багадаа 100 хэдүүлээ ирнэ. Энэ хүмүүс хооллоно, ундална, байрлана гэхээр цөөхөн хэдэн төгрөг ч болов Монгол Улсад үлдэх юм. Бидний жижиг үйлдвэрүүд хятад, италиудыг давж, түүхий ноолуур авна гэдэг үлгэр болоод байна. Монголын хамгийн том үйлдвэр рүү ярьсан ч 155-160 мянган төгрөгөөс дээш авч чадахгүй гэдгээ хэлнэ. Тогтоол нь хэвээр байх юм бол хятадуудын авсан ноолуурыг самнаад хэдэн төгрөгтэй үлдье гэсэн л бодолтой байна."

"Үйлдвэрүүд ноолуур авахаар очсон ч малчид өгөхгүй байна. Италийн зах зээл дээрх ханшаас шалтгаалж, 155-160 мянган төгрөгөөр л авах боломжтой. Үүнээс өндөр үнээр авах боломжгүй. Өнгөрсөн жил үйлдвэрүүд алдагдал хүлээсэн шүү дээ. Малчдын хувьд хүлээлт өндөр байсан учраас ноолуураа өндөр үнээр өгөх гээд өгөхгүй байх шиг байна. Үүнээс гадна Итали улсын агуулахууд нь одоо ч нөөцтэй байгаа учир худалдан авалт тийм сайн байхааргүй байна. Би өөрөө ч очиж үзлээ. Хятадын ченжүүдтэй зэрэгцэн өрсөлдөх чадвар Монголын компаниудад алга. “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын компаниудад зээл олгож байгаа ч энэ нь үнэхээр хүрэлцээгүй. Бид л гэхэд хүссэн санхүүжилтийнхээ тавны нэгийг авч чадлаа. Гол нь бидэнд худалдан авах чадвар л дутуу байна. Үйлдвэрүүдийн чадавх дээшилвэл худалдан авах чадвар жилээс жилд нэмэгдэнэ. Зах зээл дээр тоглогч болж чадна. Өөрсдөө үнээ тогтоох чадалтай болно. Монголын үйлдвэрүүдэд хүчин чадал нь хангалттай бий. Үүнийг хаана, хаанаа ойлгож алсын хараатай байх хэрэгтэй."
Ноолуур бол монголчуудын дэлхийд тоглох боломжтой салбар. Дэлхийн ноолуурын нөөц 24 мянган тонн. Үүний 12 мянган тонныг бидний хөрш орон БНХАУ, 10.5 мянган тонныг Монгол Улс бүрдүүлдэг. Монгол үнэхээр гол тоглогч орон юм уу гэдгийн хариулт энэ.
GUCСI, Сhanel, Prada зэрэг дэлхийн алдарт брэндүүд монгол ямааны ноолуурыг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Нийт мал сүргийнх нь 38.6 хувийг эзлэх 22.9 сая ямаатай бидэнд асар их боломж, хүчин чадал нөөц бий. Гэвч, ноолууран түүхий эд бэлтгэл ийм хэмжээтэй явж иржээ.
2020 онд 3100 тн
2021 онд 3000 тн
2022 онд 3100 тн
2023 онд 3400 тн
2024 онд 3550 тн
Монголын ноолуурын үйлдвэрүүд дэлхийд самнасан ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэх чансаатай юу. Өнөөдрийн байдлаар ноос ноолуурын салбарын суурилагдсан хүчин чадлыг харвал 54 310 тн угаах (100 хувь), 11 437 тн самнах (100 хувь), 2 278 тн ээрэх (30 хувь), 4.5 сая ширхэг сүлжих (60 хувь), 2300 метр нэхмэл хийх (30 хувь) боломжтой. Одоогоор энэ салбарт иж бүрэн цогцолбор том үйлдвэр 16, анхан шатны боловсруулах үйлдвэр 51, сүлжмэлийн жижиг дунд үйлдвэрлэл 74, өрхийн жижиг 200 орчим цех үйл ажиллага явуулж байна. 10 мянган хүнийг ажлын байраар хангаж буй уг салбар иймэрхүү хүчин чадалтай буюу дотооддоо ноолуурыг 100 хувь угааж, самнах хүчин чадалтай байна.
Ченжүүдийн лоббид автаж, уурссан малчдаа аргацаах гэж улстөржсөн шийдвэр гаргасаар байтал алдагдсан боломж, эдийн засгийн хохирол тэрбум, тэрбумаар нэмэгдэх нь. Гэхдээ энэ их өртгийг цаг зуурын поп улстөрчид хэзээ ч төлөхгүй гэдгийг санаж явахад илүүдэхгүй.

“Хар алт”-ны алтан үеийг өнгөрөөсөн нь
Монголын ард түмнийг хоолтой нь залгуулж буй ганц зүйл бол хар алт хэмээгдэх нүүрс. Дэлхийд ордын нөөцөөрөө эхний 20-д эрэмбэлэгдэж буй 6.4 тэрбум тонны нөөцтэй Монгол Улсын хамгийн том нүүрсний орд Тавантолгойгоо 2010 оноос эхэлж олборлосон ч бидний амьдрал дээшилсэнгүй, дэвшсэнгүй.
Одоогоос ердөө гуравхан жилийн өмнө цар тахлын үеийн дараагаар нүүрсний ханш галзуурч, коксжих нүүрсний үнэ 400 ам.долларыг давж байлаа. Гэтэл тээвэрлэлтийн асуудлаа шийдээгүйн улмаас энэ үеийг алдаж байв.
2010 оноос эхлэн яригдсан Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2022 оны есдүгээр сард ашиглалтад бүрэн орж, хил холболтын асуудлыг 14 хоногийн өмнө буюу УИХ-ын чуулганы гуравдугаар сарын 27-ны нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэлээ. 2022 онд тонн нь 400 ам.доллараар хэмжигдэж байсан нүүрс өнөөдөр 80-85 доллар болтлоо шалдаа унаж байна. Гэтэл Монгол Улсын 2025 оны төсвийн хуульд нүүрсний үнэ дунджаар 105 ам.доллар байхаар тооцсон. Төсөвт тооцсон үнээс даруй 20 гаруй ам.доллараар буурсан үзүүлэлт. 2025 оны төсөвт тодотгол хийхээс аргагүй нөхцөлд хүргэнэ гэдгийг эдийн засагчид сануулсаар буй ч Сангийн яамнаас төсөв тодотгох шаардлагагүй гэдгийг хэлж буй юм. Гэвч байдал огтоос зүгээр биш гэдгийг Засгийн газрын байгуулсан ажлын хэсгээс харж болно. Арга ядахдаа өнгөрсөн гуравдугаар сарын 12-нд Богино хугацаанд экспортыг эрчимжүүлэх, Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулж, Сангийн сайдаараа ахлуулан ажиллуулахаар болсон.
Гаалийн ерөнхий газар өнгөрсөн пүрэв гарагт (2025.04.02) Монгол Улс оны эхнээс 16.291.1 мянган тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэдгийг хэлсэн ч Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийнхний хувьд өөдрөг төсөөлөлтэй байсаар байна.

"Манай хамгийн гол нүүрсний экспортыг гаргадаг боомт дээр Хятадын талдаа агуулах нь дүүрчихсэн байна. Тиймээс нүүрс хүлээж авах зайгүй байгаатай холбоотойгоор тээвэрлэх, борлуулах асуудал доголдоод байгаа юм. Уул уурхайн бирж дээр маш олон удаагийн арилжаа амжилтгүй болоод байна. Үнэ унаад байгаа учраас өнөөдөр худалдаж авсан үнэ нь маргааш дахиад унавал яах вэ гэдэг боломжлолоос болоод арилжаанд орохгүй байна."

"Цаашдаа экспорт нэмэгдэнэ. Боомтуудаар явахад Ханги Мандал боомтоор гэхэд экспорт чөлөөтэй гарч байна, боломж байна. Гашуунсухайт дээр Ганцмодны агуулах дүүрсэнтэй холбоотойгоор Хятадын талын татан авалт нэлээд багассан байна. Гэхдээ ямар ч байсан бид тээврийнхээ өртөг зардлыг хямдрууллаа. Шивээхүрэн боомт дээр нүүрс хэвийн гарч байна. Ямар нэгэн тээврийн гацаа байхгүй."
Гэхдээ Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын 2025 оны чуулганаар гангийн үйлдвэрлэлээ бууруулахаа зарласан. Хэр хэмжээгээр танахаа тодорхой болгоогүй ч жил бүр ихдээ 50 сая тонныг танах боломжтой гэсэн зах зээлийн тооцоолол гаргасан байдаг. Монгол Улс түүхий эдийн экспортынхоо 90 гаруй хувийг Хятад руу гаргадаг. Тиймээс Хятадын гангийн үйлдвэрлэл багасвал коксжих нүүрсний хэмжээ буурах, үнэ унах зэрэг нь зайлшгүй тохиолдох эрсдэл болоод байна. Хүлэмжийн хийг ялгаруулах амлалтад дэлхийн улс орнууд нэгдэж буй энэ цагт нүүрс улам л ад үзэгдэх нь. “Хар алт” моданаас гарах цаг айсуй зурайж байна.
Жинхэнэ алт буюу шар алтандаа найдах нь
Нүүрсний борлуулалт нь ч буурлаа, үнэ нь ч буурлаа, “Төсвийн орлого яах билээ” хэмээн сандралдаж байхад Сангийн сайд Б.Жавхлан тайван байхыг сануулж, алтандаа найдах боломж буйг өгүүлсэн. Тэрээр 2025 оны гуравдугаар сарын 12-нд “Төсвийн төлөвлөгөө өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар 4.2 их наядаар биелж, орлого хэвийн байна.10.5 сая нүүрс экспортолно гэж тооцож байсан бол 11.5 сая тонн гаргав. Зэсийн баяжмал 254 мянган тонныг гаргахаар төлөвлөснөөс 281 мянган тонныг экспортлов. Алтны ханшийг 1850 ам.доллароор төсөөлж байсан бол 2900 ам.доллар хүрээд байна” хэмээв. Мөн энэ үеэр нүүрс тааруу байгаа ч алтаа ахиухан гаргаж ахиухан хэдэн төгрөгийн нөөцтэй болъё гэдгээ ч хэлсэн юм. Дөрөвдүгээр сар гарсаар алт 3100-г даваад улам л талийж байна.

"Алтны зах зээлийн үнэ нэн тааламжтай байна. Бид 1850 ам.доллароор төсөөлж байсан бол одоо 2900 буюу бараг 3000 ам.доллар руу хүрч байна. Энэ цонх үеийг Монголбанк сайн ашиглаж байгаа. 300 кг алт экспортлохоор төлөвлөж байснаа одоогоор 1.8 тонн алт экспортолсон. Энэ жил төлөвлөж байснаасаа хоёр тонноор илүү буюу 20 тонн алтыг нөөцөд авч, алтны үнэ таатай байгаа боломжийг ашиглаж чадвал 700 гаруй сая ам.долларын нэмэлт нөөц бүрдүүлэх бүрэн боломжтой."
Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан Экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулагдсанаасаа хойш хоёр долоо хоногийн дараа (2025.03.26) Засгийн газарт ажлаа танилцуулахдаа Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлтэй хамтран хуралдаж хэд, хэдэн шийдвэр гаргаснаа дуулгасан. Үүнд, алттай холбоотой хоёр заалт багтсан нь
- Алтны экспортыг нэмэгдүүлэх буюу 18 тонн алтны 1.8 тэрбум ам.долларыг урьдчилж авах
- Алтнаас 300 сая ам.долларыг ирэх долоо хоногт багтаан урьдчилж оруулж ирснээр валютын нөөцийг 500 саяар нэмэгдүүлнэ гэсэн заалтууд байв.
Мөн “Алт-III” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсныг Ц.Туваан сайд гуравдугаар сарын 17-нд зарласан билээ.

"Дэлхийн зах зээл дээр нэг унц алт 3000 ам.доллар давсан байгаа энэ үед алтны олборлолтыг нэмэгдүүлэх нь зүйтэй юм. Иймээс “Алт-III” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлээд буй. Үүнтэй холбогдуулж Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаас тодорхой шийдвэрүүдийг гаргахаар тогтлоо. Өөрөөр хэлбэл, алтны олборлолтыг нэмэгдүүлснээр алтны болон валютын улсын нөөцийг бүрдүүлэх тал дээр чухал дэмжлэг болно."
Ингэснээр энэ цагийн хямралаас биднийг гаргах гарц нь шар алт болох нь нэгэнт тодорхой боллоо.
Алтаа хэрхэн ашиглаж ирсэн түүхийг хөвөрдвөл ийм л байна. Монгол Улс цагаан, хар алтаа “юм” болгож чадаагүй, алтан үеийг нь өнгөрөөчихсөнийг анзаарлаа. Одоо бид жинхэнээсээ “Алтан дээр суусан гуйлгачин” гэгч нь боллоо. Өнөөдөр, маргаашдаа жинхэнэ шар алттайгаа байгаа ч нөөц нь барагдахын цагт суух ч алтгүй гуйлгачин болох нь.