2024 оны эцэст Монгол Улсын гадаад валютын албан нөөц (ГВУН) түүхэндээ анх удаа 5.5 тэрбум ам.долларт хүрч, гадаад валютын "дархлаа"-ны түвшин сэргэснийг Төв банк онцолж байв.

Монголбанк: ГВУН оны эхнээс хойш 95 сая ам.доллароор нэмэгдсэн

Гэвч 2025 оны нэгдүгээр сард энэ үзүүлэлт 4.8 тэрбум ам.долларт хүрч, ердөө нэг сарын дотор 11.8 хувиар буурсан нь анхаарал татаж байсан юм. Төв банк энэхүү огцом бууралтыг импортын өсөлт, тэр дундаа иргэдийн автомашин худалдан авалт, аялал жуулчлалын урсгалтай холбон тайлбарласан. Тэгвэл өнөөдрийн байдлаар Монгол Улсын гадаад валютын нөөц дахин өсөж, таван тэрбум ам.долларыг давжээ. Энэ нь оны эхнээс хойш 95 сая ам.доллароор буюу 1.9 хувиар нэмэгдсэн талаар Монголбанкнаас мэдээлээд байна. Энэхүү өсөлтөд банкны системээр орж ирэх гадаад валютын цэвэр урсгал сайжирсан, гадаад худалдааны тэнцэл ашигтай хэвээр байгаа зэрэг нь нөлөөлжээ.

Банкууд найман сая төгрөгөөс их хэмжээгээр доллар солихгүй байна

Мөн өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдааны дараа (2025.04.09) Сангийн сайд Б.Жавхлан “Монгол Улсын валютын нөөц богино хугацаанд 5 тэрбум ам.долларт хүрсэн” талаар мэдээлсэн. Түүний хувьд 2025 оны гуравдугаар сарын 12-нд байгуулсан Экспортыг эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгийг ахалж буй. Тэрээр өнгөрсөн долоо хоногт "Ажлын хэсэг гуравдугаар сарын 13-нд байгуулагдсанаас хойш хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнд гадаад валютын нөөц таван тэрбум ам.долларт хүрсэн. Богино хугацаанд хагас тэрбум ам.доллароор нэмэгдсэн гэсэн үг. Ингэснээр гадаад валютын нөөц гурав дахь удаагаа таван тэрбум ам.долларын босгыг давж байна” гэв.

Гэтэл иргэд, аж ахуйн нэгжүүд банк дээр доллар олдохгүй байгаа талаар хэлж байна. Уг нь гадаад валютын албан нөөц тоон дүнгээр нэмэгдсэн гэсэн ч бодит байдал дээр зах зээлд ам.долларын хүртээмж, эргэлт хумигдсан нь эргэлзээ дагуулаад байна. Арилжааны банкууд ч найман сая төгрөгөөс дээш доллар өгөхгүй гэдгийг хэлж байна. “Найман шарга” валют арилжааны төвийн зарим газрууд огт доллар солихгүй байна.

Сангийн сайд Б.Жавхлан гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ гэснээс хойш ам.долларын ханш улам хурдтай өсөж эхлэв. Төгрөгийн ханш хурдтай унаж байна. Өнөөдөр 3535 төгрөгт хүрчээ. Ирэх долоо хоногоос 3540-3550 гээд явах шинжтэй. Тэгэхээр гадаад валютын нөөц өссөн гэдэг нь худлаа болж таарч байх шиг.Гадаад валютын нөөцийг Монголбанк удирддаг. Албан тоонууд нь Монголбанканд л бий. Засгийн газарт байхгүй. Сангийн яаманд байхгүй. Тэгэхээр Сангийн сайдын зарласан 5 тэрбум гэдэг тоог Монголбанк л өгсөн байж таарна. Монголбанк худлаа тоо гаргаад байна уу. Валютын нөөц өссөн гэх хэр нь яагаад ам.долларын ханш өсөөд байна.

Гадаад валютын нөөц нэмэгдэх нь улсын зээлжих зэрэглэлд эергээр нөлөөлж, хувийн хэвшлийн санхүүгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлын хөшүүрэг, нэг баталгаа болдог. Гэтэл Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах ханш өнөөдөр 14 орчим нэгжээр эрс суларч, 3522 боллоо. Энэ нь зах зээл дээрх ам.долларын эрэлт өсөж, нийлүүлэлт буурч байгааг харуулсаар байна.

Энэ нь 2022 оны аравдугаар сараас хойших нэг өдрийн хамгийн огцом уналтад тооцогдож, улмаар төгрөгийн ханш сүүлийн 25 сарын доод цэгтээ хүрээд буйг илтгэж байна. Түүнчлэн, "Найман шарга" валют арилжааны төвд ам.долларын ханш өнөөдрийн байдлаар 3,555-т хүрсэн байна. Энэхүү өсөлт нь төгрөгийн ханшийн суларсан байдлыг илтгэж байгаа бөгөөд иргэд болон эдийн засагчдын анхаарлыг татсаар байгаа юм.

Валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрч нэмэгдсэн гэж мэдэгдэж буй ч, зах зээл дээр доллар хомсдож, ханш нь чангарч буйд Сангийн сайд болон Монгол банк хэзээ тайлбар өгөх вэ. Импортоос өндөр хамааралтай манай улсад долларын ханш өсөх нь бүтээгдэхүүний үнийг өсгөхөөс эхлээд олон асуудлыг араасаа дагуулах нь гарцаагүй.