Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський дайны талбараас Хятадын хоёр цэргийг олзолсон тухай мэдээллээ.

Зеленськийн хэлснээр Украины зүүн хэсгийн Донецк мужийн нутаг үргэлжилж байгаа Оросын цэргийн эсрэг тулааны үеэр Хятадын цэргүүдтэй тулалдсан байна. Ойролцоогоор Хятадын зургаан цэрэг Украины цэргүүдтэй байлдсаны хоёрыг нь олзолж авчирчээ.

Эдгээр хүмүүсийг БНХАУ-ын иргэд болохыг нь бичиг баримт, банкны карт, хувийн мэдээлэл зэргээр нь баталгаажуулсан байна. Тиймээс Украины Гадаад хэргийн яамаар дамжуулж Бээжин болон Москвагийн эрх баригчидтай яаралтай холбоо тогтоож, энэ явдалд ямар нэг хариу тайлбар хэлэхийг шаардсан тухайгаа Зеленський телеграм хуудсандаа нийтэлсэн байна.

Нөхцөл байдлаас харвал Украины дайнд Оросын талд Хятадын цэргүүд байлдаж байж болзошгүй байна. Үүгээр тогтохгүй хэд хичнээн хятад иргэн дайны талбарт байгаа нь тодорхойгүй. Мөн эдгээр хүмүүс Хятадын армийн албан хаагчид уу, аль эсхүл сайн дурын, хөлсний цэргүүд үү гэдэг нь ойлгомжгүй байна.

Тиймээс Зеленськийн зүгээс Путин Европын нутаг дэвсгэрт болж байгаа дайнд Хятадыг шууд болон шууд бус замаар татан оролцуулж байгаа нь дайныг дуусгахыг хүсэхгүй байгаагийн илрэл гэж буруутгалаа. Тэрээр Европын холбоотнууд болон АНУ-ын Засгийн газарт хандаж энэ байдлыг эсэргүүцэхийг хүссэн байна.

Хятад улс Оросыг дэмжиж хүн хүчээ дайны талбар руу илгээсэн тухай Украины талаас анх удаа мэдээлж байна. Москва, Бээжингийн аль нь ч үүнд хариу тайлбар өгөөгүй байгаа юм. Украины тагнуул, цэргийнхэн уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Украины талын мэдээллээр хэрэв баригдсан хүмүүс Хятадын армийн алба хаагчид гэдэг нь батлагдвал Оросын Украинтай хийж байгаа дайнд татан оролцуулж байгаа гурав дахь орон Хятад болох юм. Иран болон Умард Солонгос улсуудыг Оросын тал дайны талбарт шууд татан оролцуулсан гэж Киев үздэг.

Хятадын Гадаад хэргийн яам 2024 оны нэгдүгээр сард ард иргэдээ дайны талбараас ямар ч тохиолдолд хол байх зөвлөмжийг танилцуулсан юм.