Олимпын наадамд шинэ спортын төрлийг сонгох нь олон үе шаттай, нарийн судалгаа шаарддаг үйл явц байдаг. Олон улсын олимпын хорооноос олимпын наадмын хөтөлбөрт шинээр крикетийн спортын төрлийг багтаасан билээ. Австрали, Англи, Өмнөд Африк болон Энэтхэг, Пакистан улсад өндөр түвшинд хөгжсөн крикетийн спортын төрлийн олимпын аварга баг 2028 онд тодорно. “Лос Анжелес 2028” зуны олимпын XXXIV наадмын албан ёсны хөтөлбөрт багтсан крикет спорт нь Ази тивд тэр дундаа Энэтхэг улсад лигийн түвшинд өндөр хөгжиж байгаагаараа онцлог болсон. Дэлхийн хамгийн олон оролцогчтой крикетийн лиг болтлоо хөгжсөн энэхүү төрөл нь олимпын хөтөлбөрт багтахад том түлхэц болсон юм.
Олон улсын крикетийн холбооноос зохион байгуулсан 2025 оны Аваргуудын цомын тэмцээнд /ICC Champions Trophy/ Энэтхэгийн шигшээ баг Шинэ Зеландын багийг ялж, түрүүлсэн. Энэ төрөлд хүчтэй өрсөлдөгч хэвээр байгаа Энэтхэгийн шигшээ баг 2002, 2013 онд аваргалж байсан бол энэ жил дахин аваргын цом өргөсөн. Тиймээс крикет спортын төрөл Ази тивд өндөр түвшинд хөгжиж, олимпын хөтөлбөрт багтах хэмжээний том хүрээлэлтэй болжээ.
Монголын крикетийн холбоо сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллаж эхэлсэн ба хүүхэд, залууст энэ спортыг таниулахад зориулсан цуврал арга хэмжээг Улаанбаатар хот болон орон нутагт хийсээр байна. Уг холбооноос крикетийн анхан шатны мэдлэг, ур чадвар олгох "Criiio Cricket Facilitators" сургалтыг өнгөрөгч сард Орхон аймагт зохион байгуулжээ. Мөн "17 хүртэлх насны заалны крикетийн Улсын аварга шалгаруулах тэмцээн"-ийг 2025 оны хоёрдугаар сард хийж, өсвөрийн шилдэг багийг тодруулсан байна. Дархан-Уул аймагт болсон уг тэмцээнд 17 багийн 157 өсвөрийн баг тамирчид өрсөлдсөнөөс Говьсүмбэр аймгийн баг түрүүлж, Баянхонгор, Дархан-Уул багууд мөнгө, хүрэл медалийг хүртжээ. Олимпын хөтөлбөрт албан ёсоор багтсан крикет спортын төрлөөр манай тамирчид өндөр амжилт үзүүлэх боломжтой юм.
