Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мэдээлэл өглөө.
Тэрээр" Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихад бэлэн болсон. Өнөөдөр ажил олгогч, ажилтан хоёул нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ч ажил олгогчийн төлж буй нийгмийн даатгалын шимтгэл нь ажилтны тэтгэвэрт ямар ч нөлөө үзүүлдэггүй. Мөн хөдөлмөрийн гэрээнээс гадуур гүйцэтгэсэн ажлын хөлс, нэмэлт урамшуулал, хоол, унааны мөнгөнөөс НДШ тооцож байгааг болиулах хуулийн төсөл санаачилсан. Манай нийгмийн даатгалын шимтгэл яг л татвар хураамж шиг явж ирсэн. Энэ нь бизнесээ төрөлжүүлэх, хувиараа бизнес хийх боломжид саад учруулж, дарамт болж байна. Иймд энэхүү дарамтыг бууруулснаар ажилтныхаа цалинг бодитоор нэмэх, ажлын байраа нэмэгдүүлэх зэрэг олон эерэг боломж бий болно. Нийгмийн даатгалын тогтолцоотой холбоотой том хуулийн төсөл боловсруулагдаж байгаа ч хүлээгээд сууж болохгүй байна. Иймд бид энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй хамтран зэрэгцүүлэн өргөн барьж байна" гэлээ.