Малчны тухай хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж буй. Энэ хуульд малчнаар 10-аас доошгүй жил ажилласан иргэний нэг хүүхдийг мал ахуйн тэжээл, бэлчээр судлалын мэргэжлээр төрийн өмчийн их сургуульд үнэ төлбөргүй суралцуулна гэж тусгасан байна. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр байнгын хорооны хурал дээр мэдээлэл өгөхдөө "Малчны тухай хуулийн энэ заалт хэрэгжинэ. Малчны нэг хүүхдийг үнэ төлбөргүй сургах санхүүжилт БЗС-гийн төсөвт тусгагдсан. Энэ намрын элсэлтээр боломжийг нь хангаж, 2025-2026 оны хичээлийн жилд хэрэгжинэ" гэсэн юм.
Мөн энэ заалтаас гадна малчдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт хамруулах, зээлийн хөнгөлөлт үзүүлэх, гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас малчин ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 48 сараар тооцож, түүнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь Засгийн газрын нөөц сангаас олгох, гамшигт болон аюулт үзэгдэлд нийт мал сүргийнх нь 50 хувиас доошгүй нь өртсөн малчин өрх, эсхүл хонин толгойд шилжүүлснээр 250 хүртэл малтай, эсхүл 16-40 хүртэлх насны малчин өрхийг малжуулах арга хэмжээнд хамруулах, хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх зэрэг малчдад чиглэсэн төрөөс авч хэрэгжүүлэх бодлогыг тодорхой болгосон юм. Уламжлалт нүүдлийн мал аж ахуйг эрхэлж, өвөө, соёлоо түгээж буй малчдыг ийн халамжилж, харж үзэхийг буруутгахад бэрх. Гэхдээ нийгмийн нэг бүлэг рүү чиглэсэн халамж хавтгайрч байгаа нь өрөөсгөл гэдгийг илэрхийлэх хүн олон байна.
Монгол Улсад нийт 220 гаруй мянган хөдөлмөрийн насны малчин бий. Энэ нь нийт ажиллах хүчний 20 хувь юм. Малаа өсгөж, амьдралаа авч яваа малчид руу халамж хэт чиглэж, энэ салбарт ажиллаж буй хүмүүсийг төрийн мөнгөөр дэн бөөцийлөх нь нийгэмд малчид залхуу, халамжаар угжуулагч мэт ойлголт төрүүлж буй. Ийм ойлголт бий болоход олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Жил бүхэн малчдад ноос, ноолуур, мах, сүүний урамшуулал олгодог. Мөн хөдөлмөрийн насны малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг ч төр даахаар болсон. Түүнчлэн малчдад бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгох, зээлийн эргэн төлөлтийг нь зарцаах, хойшлуулах тохиолдол ч бий. Эдгээр нь нийгэмд сөрөг ойлголт төрүүлж буйгаас гадна малчдыг ч хөдөлмөрт бус халамжинд дасгаж, дадуулах эрсдэлтэй юм.
Тоо чанараас чухал уу?
Оюутны төлбөр гэдэг эцэг, эхчүүдийн нуруунд ачаа болдог нь маргах аргагүй үнэн. Тиймээс ч төр зарим тохиолдолд оюутнуудын төлбөрийг хөнгөлдөг. Тухайлбал, Боловсролын ерөнхий хуульд төрийн болон орон нутгийн сургуульд тасралтгүй 15 жил ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн их дээд сургуульд суралцахад сургалтын төлбөрийг төрөөс хариуцна гэж заасан. Үүний хүрээнд Боловсролын тухай хуулийн 13.3.6 дахь заалтаар төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехникийн коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр сургадаг юм.
Түүнчлэн нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өнгөрсөн жил /2024.04.22/ Тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг нэмэхийн зэрэгцээ хүүхдүүдийг нь гадаад улсад үнэ төлбөргүй сургахаар шийдвэрлэсэн байдаг. Тухайн үед Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлэл өгөхдөө “Хот, нийтийн аж ахуйн ажилд шаардлагатай шинэ төхөөрөмжийн эхний ээлжийг хүлээж авна. Цаашид алслагдсан гурван дүүргийг мөн шинэ төхөөрөмжөөр хангана. Мөн тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1000 ам.доллар болгоно” хэмээсэн юм. Тэгэхээр ТҮК-ийн ажилчдын нэг хүүхэд гадаадад үнэ төлбөргүй суралцах боломжтой болсон хэрэг.
Эдгээрээс гадна манай улсад сувилагч цөөрсөн учир элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог 501 байсныг нь 450 болгож бууруулсан. Үүгээр ч зогсохгүй сувилагчаар суралцах хүүхдүүдийг үнэгүй сургах шийдвэр гаргасан. Тодруулбал, “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-д 2020 оны 70 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан байдаг. Улмаар төрийн өмчийн болон төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр дээд боловсролын дипломын болон бакалаврын хөтөлбөрт элсэгчийн сургалтын төлбөрийг 70-100 хувиар хөнгөлөхөөр шийдвэрлэсэн юм. Гэхдээ сувилагч мэргэжлээр суралцаж байгаа хүүхэд бүхэн тус тэтгэлэгт хамрагдах боломжгүй. Элсэлтийн ерөнхий шалгалтад 501-с дээш оноо авсан байх шалгуур тогтоосон бөгөөд 2.8-3 хүртэл оноотой бол 70 хувь, 3-аас дээш бол 100 хувь сургалтын төлбөрөөс чөлөөлдөг байна. Энэ зарчмаар багш нарыг ч хөнгөлөлттэй сургахаар болсон. Энэ нь мөн л багшийн хүрэлцээ хангалтгүй байгаатай шууд холбоотой.
Эх орны ирээдүй болсон залууст хөнгөлөлттэй нөхцөлөөр боловсрол олж авах боломж олгож байгаа нь сайн хэрэг. Гэхдээ босгыг чамбайруулж, эрмэлзэл, тэмүүлэлтэй залууст энэ төрлийн тэтгэлэг олгодог байх шаардлагатай байна. Түүнчлэн багш, сувилагч дутагдалтай байгаа учир энэ чиглэлээр суралцах хүүхдүүдийг төлбөргүй сургана гэх шийдэл нь бусад чиглэлээр суралцахаар элсэх элсэгчийн тоог ч эрс бууруулж байгаа юм. Тухайлбал, АШУҮИС-ийн хувьд нийт 28 мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байна. Гэвч элсэгчдийн олонх нь эмч, сувилагчийн ангид ордог аж. Ингэснээр бусад мэргэжлүүдэд ч хомсдол үүсэх эрсдэлтэйг мэргэжлийнхэн онцолдог. Түүнчлэн мал ахуйн тэжээл, бэлчээр судлалын мэргэжлээр төрийн өмчийн сургууль суралцаж байгаа хүүхдийн төлбөрийг төрнө даана гэхтэй зэрэг эмч хүүхдээ эмч болговол, багш хүүхдээ багш болговол, эдийн засагч хүүхдэдээ өөрийнхөө мэргэжлийг өвлүүлбэл төр ямар хөнгөлөлт үзүүлэх вэ гэдэг талцал ч үүсгэж байна.
Дүгнээд хэлэхэд, дээд боловсролтой хүний тоог олшруулж, нийтээр нь бичих үсэг тайлуулахыг мэрийдэг цаг үе ард хоцорсон. Харин өнөөгийн нийгэмд дээд боловсрол, дипломтой залуус бус жинхэнэ мэдлэгтэй, ур чадвартай боловсон хүчин нэн чухал байна.