Улаанбаатар хотод 2020 онд 414.3 мянган өрхөөс 49.8 хувь орон сууцанд, 50.2 хувь гэр хороололд бүртгэлтэй байсан. Харин дөрвөн жилийн дараа буюу 2024 онд гэр хороололд амьдарч байгаа өрхийн эзлэх хувь 50.2 хувиас 44 хувь болон буурчээ.

Нийслэл хотод оршин сууж буй хүн амын тоо 2024 оны байдлаар 465 059 өрхийн 1 640 781 хүн ам байна.

Үүнээс гэр хороололд 204 670 өрхийн 715 121 хүн ам, байшин хороололд 260 389 өрхийн 925 660 хүн ам оршин сууж байна.

(Нийслэлийн Статистикийн газар, 2024.1 сар).

Үеийн үед ад үзэгдсээр ирсэн гэр хорооллын тухай хэдэн тоо сөхөж үзье.

Энэ зураг дөрвөн жилийн өмнөх судалгааны хүрээнд гарсан зураг. Гэмт хэрэг хотын зах, гэр хороолол дунд маш их гарч буйг эндээс бэлхнээ харна. Энэ тоо одоо ч иймээрээ. Замын цагдаагаас Улаанбаатар хотын гэмт хэрэг хаана хамгийн их гардаг вэ гэвэл “Захын дүүргүүдийн гэр хороололд...” гэж л хариулна.

Гэтэл гэр хороолол томорсоор. Бас гэмт хэргийн тоо ихэссээр л байна. Өнгөрсөн онд нийслэлд гарсан гэмт хэрэг гэхэд гурван жилийн өмнөхөөс хоёр дахин их байна гээд бод доо. Тодруулан хэлбэл, 2021 онд нийслэлд 16 534 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2024 онд 32 123 болж өсөн нэмэгджээ.

Гэр хорооллынх гэж хэлэхээсээ “ичих ёстой” сэтгэлийн зовлонгийнхоо хажуугаар үргэлжийн айдас хэмээх бонустай. Шөнө орой явж байгаад янз бүрийн хүмүүст дээрэмдүүлэх вий, зодуулах вий, охидтой бол хүчиндүүлчих вий гэх мөнхийн зовнилтой.

"Улиастай, Шар хадны эцэст сүүлийн 20 жилд нэг л байшин баригджээ. Тэр нь Баянзүрхийн Цагдаагийн 3-р хэлтэс гэж нэг цэнхэр байшин бий. Тэгээд хэдэн худаг байна. Хэдэн РС тоглоомын газар, хэдэн харанхуй гудамж л байна даа. Гэтэл бид оюунлаг залуус, ирээдүй гэж ярих ямар дуртай болсон билээ. Тэгвэл хүүхдүүдэд унших ном нь ч байхгүй, харилцах зөв нийгмийн харилцаа байхгүй байсаар байна."

Гэр, орон сууц гэж хамтад нь статистик гаргаж буй учир гэр хороолол гэмт хэрэг гарч байна гэж шууд хэлэхэд бэрх. Гэхдээ энэ тооноос анзаарах нэгэн зүйл нь Улаанбаатар хотын захын дүүргүүд болох Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд хамгийн их гэмт хэрэг гарсныг анзаарч харж болохоор байна.

Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн байршлын талаар тодруулахад “Гэр хороололд шөнө оройн цагаар хамгийн их дуудлага бүртгэгддэг” гэдэг хариултыг өгч буй юм. Албан үүргээ гүйцэтгэж буй өөр нэгэн цагдаагаас санамсаргүйгээр хаана хамгийн их хэрэг гардаг талаар асуухад “Гэр хороолол шүү дээ” хэмээн итгэлтэйгээр хариулав. Тэрээр “Цагдаагийнхантай нэг өдөр эргүүлд хамт явахад л хаана хамгийн их хэрэг гарч байгаа нь ус, тосоороо ялгараад ирнэ шүү дээ” гэдгийг ч хэллээ.

Гал түймрийн дуудлагын 70 гаруй хувь нь гэр хороололд

Одоогоос яг сарын өмнө буюу 2025 оны хоёрдугаар сарын 18-нд Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл хийв. ОБЕГ ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр “Жилийн дунджаар тооцоод үзвэл жилд 3000 орчим удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдэж, эдгээрт 1200 орчим, гэр байшин өртсөн байна. Объектын гал түймрийн 60 гаруй хувь нь аймаг орон нутагт, 40 орчим хувь нь нийслэлд бүртгэгдсэн байна. Гал түймрийн дуудлагын 80 орчим хувь нь иргэдийн хашаа, байшин, гэрт гарсан дуудлага байна. Он гарсаар 490 удаагийн объектын гал түймэр бүртгэгдсэн. Үүний 57.8 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Улаанбаатар хотод гарч буй гал түймрийн 70 гаруй хувь нь гэр хороололд гарч байна. Харин байшин хороололд гарч буй гал түймрийн 50 хувь хог хаягдлын улмаас гарч буй гал түймэр байна” гэсэн мэдээлэл өглөө.

Гэр хороололд гал түймрийн 70 гаруй хувь нь бүртгэгдэж. Гэр хороололд гэр байшин амьдрах орчин нь шатаж буй бол байшин хороололд хогийн цэг л шатаж байна. Орон сууцанд барагтай бол түймрийн дуудлага бүртгэгдэхгүй.

Гал түймрийн сүүлийн таван жилийн тоон мэдээ

Жилд 42 амь

Улсын хэмжээнд 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 14 ний өдрийн байдлаар 2597 иргэн угаарын хийн хордлогод өртжээ. Үүнээс эмнэлгийн тусламж үйлчилгээ авч 2201 иргэн буцсан бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эдгэрч гарсан 354, нас барсан 42 тохиолдол бүртгэгдсэн байна. 2024 оны арванхоёрдугаар сарын 8-14 буюу нэгхэн долоо хоногт угаарын хийн хордлого өртсөн 100 хүн (хүүхэд-45, насанд хүрэгчид-55) хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 17 хувиар, сүүлийн таван жилийн дунджаас 50 хувиар тус, тус өссөн үзүүлэлттэй байна.

Боловсролгүй “хөдөө”

Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 303 сургуульд 380621 сурагч суралцаж байна. Үүний 231 сургууль нь хотын төвд бөгөөд 294156 сурагч суралцаж байгаа юм. Үлдсэн нь л захын хороололд. 91331 гэр хорооллын сурагч сайн боловсролын төлөө өдөр бүр хотын төвийг зорьж байна. Хэн чиг л хүүхдээ сайн боловсролтой болгохын төлөө хичээнэ. Тиймдээ л өөрийгөө ч, үрсээ ч зовоон хотын төвийг зорьж байна.

Гэр хорооллынхныг улаанбаатарчууд их зүхнэ. Бүхэнд л тэд буруутай юм шиг аашилж, аяглана. Гэмт хэргийг гэр хорооллынхон л үйлддэг гэх. Харанхуй, гэрэлгүй, камергүй болохоор нь зорьж очиж гэмт хэрэг үйлддэг хотынхон бас бий.

Гал түлэхгүй бол түймэр гарахгүй нь ойлгомжтой. Түймэр тавьчих вий гээд хөлдөөд үхэж болохгүй. Бас утаа гаргаж, агаар бохирдуулахгүй гээд хөлдөөд үхэж болохгүй байх. Ямартай сайжруулсан нэрт хорт түлшний улмаас өнгөрсөн онд 42 хүн амиа алдаж. Жилдээ хоёр, гурван мянгаараа хордож байна.

Гэрийнх нь дэргэд гэр хороололд сайн боловсрол олгодог, сайн сургууль байсан бол ядран зүдрэн тэд хотын төвийг зорихгүй. Хүссэндээ биш сайн боловсролын төлөө ийнхүү түгжирч яваа.

Улаанбаатар хотын хөрсийг тэд л бохирдуулж байна гэж зүхэх. Гэлээ гээд хотынхоо эрүүл аюулгүй хөрсний төлөө давсаг шээс бөөрний өвчтэй байж болохгүй биз дээ. Алга дарам хотоо дэд бүтцэд холбоод, цооног, цоргыг шийдсэн бол тэд ч гэсэн гарч бие засмааргүй л байгаа шүү дээ.

G хорооллыг зүхээд юу ч өөрчлөгдөөгүй. Хүссэндээ тэд тэнд оршоогүй. Боломж нь, нөхцөл нь байвал паалантай жорлон, паартай байшинд баймаар л байгаа. Зүхмээр байгаа бол хэдхэн мянган өрхийг хүн шиг амьдрах боломжоор хангаж, үе үеийн хотын дарга сэтэртнүүдэд л гомдох хэрэгтэй.

Одоо засаглаж буй даргаа л харчих. Хийн болон цахилгаан халаагуур сонголтоор тавьсан бол хэрэглээний зардлаас сар бүр 100000 төгрөг хөнгөлнө гэх. G хорооллынхныг хотын төв рүү оруулах бодол лав түүнд алга. Энэ мэт халамжийг үргэлж гэр хороолол рүү чиглүүлж, хорооны хэдэн хэсгийн ахлагчаар тархийг нь “базуулж” байна. Тэдэнд өсөж хөгжих, өөдлөн дэвших, өөрчлөгдөх боломж өгөхийг хичээсэн дарга ер нь байсан болов уу?