
Аутизм бол хүний бусадтай харилцах, мэдээллийг хүлээж авч ойлгох чадварт нөлөөлдөг насан туршийн, өргөн хүрээний эмгэг юм. Аутизмтай хүмүүс нийгмийн харилцаанд оролцох, бусадтай ойлголцохдоо хэцүү байдаг. Мөн тэд үргэлж нэг үйлдлээ давтах эсвэл тодорхой нэг зүйлд хэтэрхий дурлах нь түгээмэл байдаг аж.
Тэдний хувьд орчны хөдөлгөөн, дуу чимээ, гэрэл зэрэг нь илүү мэдрэмтгий ханддаг. Энэ нь зарим үед тэдний үйлдлийг хязгаарлаж, нэг үйлдлээ давтахад нөлөөлдөг байна. Аутизмын шалтгааны талаар одоогоор шинжлэх ухаан нэгдсэн дүгнэлтэд хүрээгүй байгаа бөгөөд тархины үйл ажиллагааны саатлын улмаас үүдэлтэй байж болзошгүй гэж үздэг. Иймээс жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг аутизмыг таниулах дэлхийн өдөр хэмээн олон улсад хүлээн зөвшөөрч 2008 оноос тэмдэглэж ирсэн. Тухайлбал, анх 2007 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр НҮБ-ын гишүүн бүх орнуудыг аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийг олон нийтэд ойлгуулж таниулах арга хэмжээ авахад уриалсан. Манай улсын хувьд 2010 оноос хойш аутизмыг таниулах ажлыг дорвитой хийж эхэлсэн. Улмаар 2011 оноос эхлэн эх орондоо аутизмыг оношилж, үнэлгээ хийж эхэлсэн байдаг.
Аутизм бол өвчин биш хүрээний эмгэг
Аутизмыг хамгийн товчоор, нийгмээс өөрийгөө тусгаарлах, зожгирох үзэгдэл гэж мэргэжилтнүүд тодорхойлдог. Тухайлбал, аутизм бол өвчин биш харин хүрээний эмгэг юм. Энэ нь хүний бие физиологи, оюуны чадамж, нийгмийн харилцаанд орох чадвар болон хэл ярианы чадварт нөлөөлдөг. Аутизмын хүрээний эмгэг нь нийгмийн статус, амьдарч байгаа улс, арьс өнгө хамаарахгүй илэрдэг. Дэлхийн нийт хүн амын нэг хувь нь аутизмтай гэсэн статистик бий. Мөн энэхүү тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгааг ч олон улсын эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн байдаг.
Аутизмтай хүн бүрийн шинж тэмдэг нь өөр өөр байх бөгөөд тэдний чадвар, шаардлагатай тусламжийн хэмжээ ч харилцан ялгаатай. Зарим нь цөөн үгтэй, зожиг зангаар илэрдэг бол бусад нь илүү идэвхтэй, өөртөө итгэлтэй, хэт төвлөрсөн байдаг. Ихэнх тохиолдолд аутизмын шинж тэмдгийг хүүхдийн хэлд орж, цэцэрлэгт хамрагдах насанд буюу 2 настайгаас нь мэдэх боломжтой. Учир нь энэ насанд хүүхэд нь хэл яриа, дохио зангаа зэрэг харилцааны бусад аргыг хэрэглэж мэдэхгүй, нэг хэвийн байдлыг илүүд үзэх зэргээр шинж тэмдгүүд илэрдэг. Түүнчлэн, бусадтай харилцахад хүндрэлтэй, олон хүүхдийн хамт тоглох, харилцаа үүсгэхэд асуудалтай байх нь түгээмэл. Энэ нь аутизмыг сайн мэдэхгүй хүмүүст ийм хүүхдүүд хэнэггүй, зожиг, дураараа гэх мэт буруу ойлголт төрүүлдэг. Иймээс шинж тэмдгийг сайтар ажиглаж эрт оношлуулах нь чухал бөгөөд энэ нь тухайн хүүхдийн амьдралын чанарыг сайжруулах, хөгжлийг дэмжихэд тусалдаг.
Туслах багшийн хомсдол
Нэг үеэ бодвол хүмүүсийн сэтгэлгээнд эерэг өөрчлөлт гарч, аутизмтай хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдийн зовлон бэрхшээлийг ойлгодог болсон. Гэвч тэдгээр хүүхдүүдийг ялгаварлан гадуурхах, ойлголтгүйгээс үүдэж дээрэлхэх зэргээр асуудлууд тулгарсаар байна. Манай улсын хувьд "Тэгш хамруулан сургах" боловсролын хөтөлбөрийг эхлүүлээд өдгөө тав дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Тэгш хамруулан сургах боловсролын асуудлыг хуульчилснаар цэцэрлэг, ЕБС нь тусгай хэрэгцээт боловсролын багштай байна гэж заасан. Гэвч бодит байдал дээр аутизмтай хүүхэдтэй ажиллах багш нарын хомсдол манайд үүсээд буй.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах журам батлагдаад хэрэгжиж байгаа ч багш нарт аутизмын талаар мэдлэг, мэдээлэл, сургалт хомс байгаагаас ангид нь нэг аутизмтай хүүхэд ороод ирэхэд тэр хүүхэдтэй яаж ажиллах арга зүй, учраа олохгүй тэвдэж байна. Аутизмын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэдэн ТББ-д л эцэг, эх, багш, нийгмийн ажилтан нарыг чадавхжуулахад чиглэсэн сургалт, мэдээ мэдээлэл түгээж байна. Үүнийг төрийн зүгээс бодлогоор зохион байгуулж аутизмтай хүүхдийн сурах орчныг бүрдүүлж, тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах боловсон хүчин, чанартай мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлагатай бий.
Олон улсад тусгай хэрэгцээт хүүхдүүдэд дэмжигч багш буюу туслах багш нар ганцаарчилсан сургалт орох, хичээлд нь туслах зэргээр тусалдаг. Тухайлбал, хичээлийн цагаар багш 30 хүүхдэд зааварчилгаа өглөө гэхэд аутизмтай хүүхэд анхаарахгүй өнгөрөх магадлалтай. Тэр үед дэмжигч багш хичээлээ ойлгоход нь туслахаас гадна ангийнхантайгаа харьцахад нь туслах гүүр болдог аж. Гэвч манайд энэ орон тоонд орж ажиллах боловсон хүчин дутмаг. Байсан ч цалин бага гэх шалтгаанаар энэхүү орон тоонд ажиллах багш хомс байна.

Манай байгууллага тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй харилцах багш бэлтгэж буй сургуулийн оюутнуудад гурван кредитийн хичээл ордог. Нэг улирал үзнэ гэсэн үг. Ганц улиралд аутизмтай хүүхэдтэй ажиллах арга зүйтэй болох боломжгүй ч таньж, оношлох, шинж тэмдгүүдийг нь мэддэг болох боломжтой. Уг нь аутизмтай хүүхэдтэй ажилладаг тусгай арга зүй, стратеги байдаг. Яг энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн хүн ч гаднын улсад олон бий. Харамсалтай нь, манайд энэ төрлийн мэргэжилтэн ховор байдаг. Уг нь цэцэрлэгийн багшаар суралцаж байгаа багш нарын хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлийн талаар ордог. Гэвч өнгөцхөн ордог болов уу гэж боддог. Аутизм гэж сонссон байдаг ч яг нарийн ойлголтоо авч чаддаггүй юм шиг санагддаг.
Багшлах боловсон хүчин бэлтгэдэг МУБИС-ийг тусгай хэрэгцээт боловсролын багш мэргэжлээр сүүлийн 5 жилийн хугацаанд ердөө 148 оюутан сурч, төгсжээ. Ингэхдээ төгсөгчдийн дийлэнх нь ЕБС, цэцэрлэгт гэхээс илүүтэйгээр өндөр цалинтай гэх шалтгаанаар ТББ, сангуудад ажилладаг аж. Энэ нь орон тооны дутагдлыг үүсгэж, дутагдалд оруулахад хүргэж буй. Түүнчлэн багшлах боловсон хүчин бэлтгэдэг МУБИС төгсөгчдөдөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга барил, ур чадварыг хангалттай зааж чаддаг уу гэдэг асуудал шүүмжлэл дагуулсаар буй. МУБИС тусгай хэрэгцээт багшийн анги хоёроос гурав нь кредит цагт тусгай хэрэгцээт боловсролын хичээлээр сонсгол, харааны бэрхшээл, дауны хам шинж, аутизмын талаар суралцдаг аж. Тэгвэл яг энэ хугацаанд мэдлэгтэй, мэдрэмжтэй, чадвартай багшийг бэлтгэх боломжтой юу гэдэг эргэлзээтэй. Ийнхүү энэ мэт асуудлууд хүүхэд бүр тэр тусмаа тусгай хэрэгцээт хүүхдүүдийн суралцах эрхэд халдсаар байна.