Нийслэлийн Бүртгэлийн газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгана гэдгийг хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ. Дүүрэг бүрт энэ чиг үүргийг хэрэгжүүлж байгаа газар, хэлтэс бий. Тухайн нэгжийг харьяалах агентлаг нь удирдлага, арга зүйгээр хангаад явах бүрэн боломжтой учир дээрх байгууллагуудыг татан буулгахаар болжээ.
30-40 хүнтэй дээрх агентлагууд нь нийслэлийн гэх тодотголтой, мэдээлэл дамжуулах л үүрэгтэй ажиллаж байгаа аж. Энэ талаар тэрээр "Бид өнөөдөр төрийн хэмнэлт гэж ярьчихаад чиг үүргийн давхцалтай ийм бүтэц байлгаад байж таарахгүй. Төрийн алба цомхон, чадварлаг байх ёстой. Энэ хүрээнд зарим төслийн нэгжүүдийг ч татан буулгах ажил эхлүүлнэ. Нийслэл дээр завсар, дундын мэдээллийн төв шиг ийм байгууллага байх шаардлагагүй. Цаашид мөн хэд хэдэн төслийн нэгжүүдийг татан буулгана" гэв.