
Өмнөд Солонгост олон арван хүний амь насыг авч одсон ойн түймрийн гамшгийг арилгахаар тэмцэж байгаа энэ үед К-поп уран бүтээлчид хувь нэмрээ оруулж байна. Солонгосын гамшгаас хамгаалах нийгэмлэгийн мэдээлснээр, BTS хамтлагийн дуучин Жон Жонгүг түймрийн гамшгийг арилгахад туслах зорилгоор тэрбум вон (681,500 ам.доллар) хандивласан байна. Энэхүү хандивыг түймэрт орон гэргүй болсон хүмүүст туслах, хүнд хэцүү нөхцөлд олон хоног ажиллаж буй гал сөнөөгчдийг дэмжихэд зориулах юм. Жонгүг "Энэ мөнгө ядарч туйлдсан, хүнд хэцүү үеийг даван туулсан хүмүүст өчүүхэн ч гэсэн тус болно гэж найдаж байна" гэлээ.
BIGBANG хамтлагийн ахлагч G-Dragon мөн түймрийн гамшгийг арилгахад 300 сая вон хандивласан байна.
Хүчтэй салхи, хуурайшилтаас үүдэлтэй ойн түймэр өнгөрсөн баасан гаригт эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар гамшгийн улмаас 28 хүн амиа алдаж, 37 хүн гэмтэж бэртэж, 38,000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.