
Дэлхийн II дайны дараах үнс нурман дундаас өндийсөн Германы автомашины үйлдвэрлэл бат бөх чанар, аюулгүй үзүүлэлтээрээ цойлоод зогсохгүй уруудаж доройтсон нийгмээс эдийн засгийн гайхамшгийг үзүүлсэн хөгжингүй орныг цогцлоох гол хөдөлгүүр болсон түүхтэй. Их гурвал хэмээгддэг Volkswa gen, Mercedes-Benz, BMW-ийн нэрийг сонсох төдийд л герман чанарт эргэлзэх юун. Гэвч он удаан Германы аж үйлдвэрийн бэлгэ тэмдэг болсоор ирсэн автомашины үйлдвэрлэл өдгөө хүндхэн байдалд ороод буй. Өнгөрсөн сард явагдсан Бундестагийн сонгуулийн гол сэдэв ч автомашины үйлдвэрлэлийг дэмжих замаар уналтад орсон эдийн засгийг сэргээх хүлээлт үүсгэсэн юм.
Доод Саксонийн Вольфсбург хотод галт тэргээр ирэхэд аварга том VW логогоор чимэглэсэн, дөрвөн өндөр яндан бүхий үйлдвэр шууд нүдэнд тусна. ХХ зууны дундуур Volkswagen үйлдвэрийн ажилчид төвхнөж эхэлсэн суурин 1970-аад оноос бум давсан хүнтэй хот болон өргөжсөн билээ. 125 мянган иргэнийх нь 60 мянга нь Volkswagen үйлдвэрт хүчин зүтгэж, дайны дараа Герман улс дэвжин боссон түүхийн бодит жишээ болж байсан үйлдвэр өнөөдөр эдийн засгийн хямралын гол цэг болоод буй. Вольфсбургийн үйлдвэр жилд 870 мянган машин үйлдвэрлэх хүчин чадалтай ч 2023 онд ердөө 490 000 ширхгийг угсарсан. Гэхдээ зөвхөн Volkswagen-ы мотор цохисон юм биш. Германы эдийн засгийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр тус улсын авто үйлдвэрүүд бүгд хүчин чадлаасаа доогуур түвшинд ажиллаж байна. ХБНГУ-д үйлдвэрлэсэн автомашины тоо 2017 онд 5.65 сая байсан бол 2023 онд 4.1 сая болж буурчээ. Гэтэл ДНБ-ий зургаа орчим хувийг бүрдүүлдэг энэ салбар 780 000 орчим хүнийг шууд ажлын байраар хангаж, олон сая ажлын байрыг дэмждэг үндэсний баялгийн хөдөлгөгч хүч билээ.
Эдийн засгийн туулахад санал хүндрэлийг зөрөлдсөн даван эвслийн Засгийн газар арваннэгдүгээр сард задарч парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө зарлалаа. Сөрөг хүчний эвсэл хоёрдугаар сарын сонгуулийг өнгөлсөн ч дахин хамтарсан Засгийн газар байгуулах шаардлага тулгарсан. Засгийн жолоог хэн ч атгасан бай эдийн засгаа сэргээх, тэр дундаа автомашины үйлдвэрлэлийг тэтгэх бодлогын уралдаан Германы хойшдын зам мөрийг тодорхойлох юм.
Цахилгаан мөрөөдөл замхрав
Автомашины үйлдвэрлэл буурснаас гадна дэлхийн хэмжээнд герман авто хүлгийн борлуулалт хэдэн жил дараалан унаж байгаа нь гол асуудал болоод буй.
2017-2023 оны хооронд Volkswagen-ийн жилийн борлуулалт 10.7 саяас 9.2 сая болж буурсан бол BMW-ийнх 2.25 сая, Mercedes-Benz-ийнх дөнгөж хоёр саяд хүрч байна.
2024 оны эхний есөн сарын байдлаар их гурвалын ашиг гуравны нэгээр буурсны зэрэгцээ жилийн орлого нь төсөөллөөс хамаагүй доогуур байх болно гэдгийг шинжээчид анхааруулсан.
Герман чанарын нэр хүндийг аврахаар үйлдвэрлэгчид цахилгаан автомашины хөгжүүлэлтэд асар их хөрөнгө оруулсан ч шинэ зах зээлд ноёрхлоо тогтоож чадсангүй. Ер нь Европ даяар автомашины борлуулалт 2017 оноос хойш эрс буурч байгааг “Capi tal Economics”-ийн дүн шинжилгээнээс харж болно. Цар тахлын дараа эрэлт бага зэрэг сэргэсэн ч 2017 оны оргил үетэй харьцуулахад 15-20 хувь бага хэвээр байна. Шалтгаан нь цар тахалтай залгасан эрчим хүчний хямрал. Өөр нэг гол хүчин зүйл нь дэлхий даяар цахилгаан машинд хошуурах болсонтой холбоотой. Европын холбоо болон Европын Засгийн газрууд ойрын арван жилд бензин болон дизель түлшээр ажилладаг автомашины хэрэглээнээс татгалзахаар шийдсэн нь ч үүнд нэрмээс болж буй.
Үйлдвэрлэгчдэд цахилгаан загваруудыг хөгжүүлэх, шинэ үйлдвэрлэлийн шугам барихад хэдэн зуун тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийсэн ч Европын холбоонд борлуулж буй автомашины ердөө 13 хувийг л дотоодын үйлдвэрлэл эзэлнэ. Мөн Германд 2023 оны сүүлээр цахилгаан машин худалдан авагчдад олгодог татаасыг цуцалсан нь борлуулалтыг 27 хувиар бууруулж, Германы авто үйлдвэрлэгчдийг дотоодын зах зээл дээр тэсэж үлдэх аргагүй болгожээ.
Өндөр цалингийн “өгөөж”
Цахилгаан машинд зах зээлээ эзлүүлсэн үйлдвэрлэгчдэд тулгарч буй удаах бэрхшээл нь цалингийн зардал. Ер нь Германд үйлдвэр ажиллуулж, олон зуун мянган хүнийг цалинжуулна гэдэг маш үнэтэй тусдаг. Автомашины салбарын үйлдвэрчний эвлэл, компаниудын хооронд байгуулсан гэрээний ачаар ажилчид нь харьцангуй өгөөмөр цалин, тэтгэмж авсаар ирсэн уламжлалтай. “Capital Economics”-ийн мэдээлснээр 2023 онд Германы автомашины салбарын сарын дундаж үндсэн цалин 5300 евро орчим байсан бол бусад үйлдвэрлэлийн салбарт ажиллагсдын дундаж цалин 4300 евротой дүйж байв. Өндөр цалин урамшууллын тогтолцоог олон жилийн турш хадгалж ирсэн нь Германд төвтэй компаниудад тодорхой давуу талуудыг бий болгож, үйлдвэрлэлийн эмх замбараагүй байдлаас зайлсхийх, чадварлаг боловсон хүчнээ хадгалж чаддаг ч дэлхийн өөр хаана ч байхгүй хөдөлмөрийн өндөр зардалтай болоход хүргэсэн аж.
Автомашины аж үйлдвэрийн холбооны мэдээллээр герман инженерүүд 2023 онд цагт дунджаар 62 еврогийн хөлстэй ажиллаж байсан бол Испанид цагийн хөлс 29 евро, Португальд 20 евро байгаа юм.
Украины дайн эхэлснээр автомашины үйлдвэрлэлийн нөхцөл байдал улам дордов. Оросын хямд байгалийн хийнээс татгалзаж цөмийн станцуудаа хаах Засгийн газрын ногоон амлалт нь эрчим хүчний үнийг огцом хөөрөгдлөө. Гэтэл автомашины тэр дундаа цахилгаан тэрэгний зах зээлд Германыг тоосондоо орхиод буй АНУ, Хятадын үйлдвэрүүд 3-5 дахин хямд үнээр эрчим хүчний зардлаа шийдчихдэг. Эрчим хүчний хямрал зөвхөн машин үйлдвэрлэгчдэд төдийгүй бүх салбарт мэдрэгдэж буй. Thysenkrupp, Salzgit ter зэрэг машины ган төмөр хийц нийлүүлэгчдээс эхлээд жолоодлогын хуванцар жижиг эд анги үйлдвэрлэгчид хүртэл эрчим хүчний өндөр зардлыг хүчрэхгүй болжээ.
Өнгөрсөн жил эдгээр дарамтууд дээд цэгтээ хүрсэн тул Volkswagen 87 жилийн түүхэндээ анх удаа Герман дахь үйлдвэрүүдээ хаах шийдэлд хүрсэн юм. Үйлдвэрчний эвлэл, улстөрчдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч хэдэн долоо хоног ажил хаялт өрнөсний эцэст ажилчид цалингаа бууруулж ажлын байраа хадгалж үлдэхийг зөвшөөрсөн. Гэхдээ Volkswa gen 10 жилийн хугацаанд 35000 гаруй ажлын байрыг цомхотгох саналаас ухрах бодолгүй. Mercedes-Benz үйлдвэр ч өнгөрсөн жилээс зардлаа бууруулах арга хэмжээг эхлүүлж, жил бүр хэдэн тэрбум евро хэмнэх зорилтоо танилцууллаа. Үүний зэрэгцээ Германд хоёр үйлдвэр ажиллуулдаг Ford саяхан тус улсад ажлын байраа цомхотгохоор төлөвлөж байгаагаа зарлав.

Хятадын зах зээл нүүр буруулав
Европын машин үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн ашиг орлоготой зах зээл нь Хятад улс байсан цаг саяхан.
Өсөн нэмэгдэж буй дундаж давхаргынхаа эрэлтийг хангахын тулд Volkswagen, Mercedes-Benz, BMW зэрэг Европын үйлдвэрлэгчидтэй хамтарсан үйлдвэр олноор нь байгуулж байсан Хятад улс одоо цэвэр дотоодынхоо үйлдвэрлэлд түшиглэх хандлагатай. 2023 онд Volkswagen-ийн Хятад дахь борлуулалт өмнөх оныхоос 9.5 хувь, Mercedes-Benz-ийнх долоон хувь, BMW-ийнх 13.4 хувиар буурсан байна. Тэдгээрийн Хятадын зах зээлд эзлэх хувь 2019 онд 27 хувиас давж байсан бол өнгөрсөн жил 18.7 хувь болж буурчээ. Энэ нь Хятадын эдийн засаг удааширч, гадаадын өндөр үнэтэй автомашины сонирхол буурч, орон нутгийн брэндүүд, тэр дундаа цахилгаан автомашины зах зээл хурдацтай өсөж байгаатай холбоотой.
Эсрэгээрээ Хятадын брэндүүд Европын зах зээлд тэлэхийг оролдож буй. Төрөөс үлэмж хэмжээний татаас авдаг Хятадын компаниуд цалингийн зардал багатайн зэрэгцээ эхнээсээ л цахилгаан автомашины зориулалтаар байгуулсан үйлдвэрлэлийн шугам нь бензин, дизель түлшнээс батарейгаар ажилладаг машинд шилжиж буй үйлдвэрлэгчидтэй хямд үнээр өрсөлдөхөд илүү хялбар болох нь ойлгомжтой. Тиймээс ч өнгөрсөн аравдугаар сард Европын холбоо тэгш өрсөлдөөний нөхцөл бүрдүүлэхийн тулд Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашины импортод нэмэлт татвар ногдуулсан юм. Гэтэл Германы үйлдвэрлэгчид Хятадаас ирэх хариу арга хэмжээ экспортод нөлөөлнө хэмээн эмээж Европын холбооны татварыг эсэргүүцэж байлаа. Гэтэл одоо АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа автомашины импортод 25 хувийн татвар ногдуулахаа зарласнаар нөхцөл байдал улам хүндэрч мэдэх нь. Экспортод түшиглэдэг салбарын хувьд протекционизмын өсөлт гэдэг жинхэнэ аюулын дохио ажээ.