
Дэлхийн цахилгаан автомашины зах зээлийн гол өрсөлдөөн АНУ-ын Tesla болон БНХАУ-ын BYD компаниудын хооронд өрнөж байна. BYD өнгөрөгч онд хийсэн борлуулалт, ашиг орлогын хэмжээгээрээ дэлхийн хамгийн баян эрхэм Илон Маскын Tesla компанийг давсан байна. BYD-ын борлуулалт огцом өссөн бол Tesla эсрэгээрээ борлуулалт нь буурчээ.
Хятадын Шэньжэньд төвтэй BYD компанийн орлого өнгөрсөн жилийн хугацаанд 29 хувиар өссөн байна. Тэр дундаа хосолмол хөдөлгүүртэй машинуудын борлуулалт компанийн ашиг орлогын дийлэнх хэсгийг бүрдүүлжээ. Өнгөрсөн жил тус компани нийт 777 тэрбум юань буюу 107 тэрбум ам.долларын орлого олсон байна. Харин Tesla өнгөрсөн 97,7 тэрбум ам.долларын орлого хуримтлуулжээ. Tesla-ын борлуулалт цахилгаан автомашины зах зээл дээр 45 хувиар буурсан байна. Тэр дундаа Европын зах зээл дээр тус компанийн үйлдвэрлэдэг цахилгаан машины эрэлт, хэрэглээ багасчээ. BYD Tesla-гийн Model 3 загвартай өрсөлдөхийн тулд илүү хямд үнэтэй цахилгаан машинуудыг үйлдвэрлэх болсон. Tesla Хятадын зах зээлд хамгийн их борлуулалттай цахилгаан автомашин үйлдвэрлэгч байсан боловч BYD хүчин чадлаараа дутахгүй ч илүү хямд цахилгаан машинуудыг хэрэглэгчдэд санал болгож байгаа юм. Цахилгаан машины борлуулалтын хувьд BYD болон Tesla бараг ижил тоотой машин борлуулсан. Өнгөрсөн жил BYD 1,76 сая, Tesla 1,79 сая цахилгаан машин зарсан байна. Харин BYD-ын давуу тал нь хосолсон хөдөлгүүртэй машины үйлдвэрлэлт болжээ. BYD өнгөрсөн нэг жилд дэлхий даяар 4.3 сая хосолмол хөдөлгүүртэй машин борлуулснаар Tesla-аас илүү ашиг олсон байна.
Өнгөрсөн жил болсон Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд Tesla-гийн захирал Илон Маск Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж ялсан Дональд Трампыг дэмжиж буйгаа ил тод зарласан. Түүний кампанит ажилд ч мөн багагүй хөрөнгө оруулсан. Трамп сонгуульд ялсан нь Tesla-гийн борлуулалтыг удаашруулахад нөлөөлсөн гэж харж болохоор байна. Учир нь цахилгааны машины томоохон зах зээлүүдийн нэг Европ тивд Америкийн сонгуулийн үеэр Tesla машины борлуулалт илт буурчээ. Европын Холбооны 25 улсад Tesla-гийн борлуулалт 44 хувиар буурсан байна. Өнгөрсөн сард л гэхэд Tesla Европ даяар ердөө 16 000 машин заржээ. Борлуулалт буурсантай зэрэгцэж хувьцааны ханш нь ч буурч, өнгөрсөн хоёрдугаар сард таван жилийн хугацаанд хамгийн доод ханшийн үзүүлэлтийг харуулжээ. Гэтэл нөгөө талд BYD Tesla-ын зах зээлийг дахин эзлэх шинэ загвараа өнгөрсөн ням гарагт танилцууллаа. Qin L нэртэй загвар нь 119,800 /57 сая/ юаниар зарагдаж эхэлнэ. Харин Tesla Model 3 зах зээл дээр бараг хоёр дахин илүү үнэтэй буюу 235,500 /113 сая/ юаниар зарагдаж байгаа юм.
Хятадын хэрэглэгчид үл хөдлөх хөрөнгийн хямрал, эдийн засгийн удаашрал зэргээс хамаарч аль болох хямд бараа бүтээгдэхүүн сонгох эдийн засгийн сорилтуудтай тулгарч байна. BYD өнгөрсөн долоо хоногт шинэ батарей цэнэглэх технологийг танилцуулсан. Уг технологиор цахилгаан машины батарейг ердөө таван минутад цэнэглэх ажээ. Харин Tesla супер хурдтай цэнэглэгч 15 минутад цахилгааны машины батарейг цэнэглэдэг.