
Яарвал даарна, бушуу туулай борвиндоо баастай, долоо хэмжиж нэг огтол гээд Монголчууд эртнээс алив хэргийг яаруу тэвдүү гүйцэтгэхийг зөвтгөдөггүй байжээ. Гэтэл одоо ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй гээд төрийн хууль цаазыг хүртэл үтэр түргэн ёсчлоод явуулдаг болох нь. угтаа зөв замаар алхвал буруу замаар гүйснээс хурдан л гэдэг.
Зөв замыг нь зааж тогтоогоод хууль тогтоомжоо ийм дүрмээр боловсруулж, хэлэлцүүлж бэлтгэнэ гэж журамлаад байхад тойрч гүйсний гороор хууль тогтоогчид хазгай хууль үйлдвэрлэгчид болчих вий дээ.
2016-2020 оны парламент бүрэн эрхийн нийт хугацаандаа 22 хуулийг яаралтай горимоор баталж байжээ. Гэтэл шинэ парламент хагас жилийн дотор 11 хууль, тогтоолыг яаралтай горимоор хэлэлцэж, баталлаа.
Засгийн газраа дэмжиж, хурдтай ажиллаж, шаардлагатай шийдвэрүүдийг гаргаж байгаа ч үүний цаана хууль тогтоомжид иргэдийн оролцоо, мэргэжил салбарынхны дуу хоолойгүйгээр томоохон шийдвэрүүд гарч байна. Хэрвээ энэ хэвээр яаралтай горимоор хэлэлцэж батлах тохиолдол нэмэгдсээр байвал УИХ өмнөө тавьсан олон нийтийн оролцоог хангах зорилго бүдгэрэхээр байна.
Стратеги, зарчим
УИХ 2024-2028 оны стратеги төлөвлөгөөндөө “ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулан, иргэдийн санал бодлыг сонсож, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн талуудын тэгш оролцоог хангах” гэж заасан байдаг. Гэтэл маш олон хуулийг яаралтай горимоор баталжээ. Цаашид энэ байдал үргэлжилбэл хуулийн төсөл боловсруулах үйл явц дахь иргэдийн оролцоо хумигдахаар байна. Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш УИХ-аар хэлэлцэгдэх хууль тогтоолын төсөлд олон нийтийн санаа бодлыг тусгаж, мэргэжлийн болон салбарын хэлэлцүүлгээр шүүж, боловсруулалтын шатанд шүүсийг нь сайн шахдаг болсон.
Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ шүүлтүүрээр оруулахгүй яаралтай горим хэмээн дайруулан батлах тохиолдол нэмэгдэж байна. Хууль тогтоомжийн боловсруулалтыг сайжруулах шаардлагуудыг үндэслэн хуульчилсан байдаг. Энэ хуульд УИХ аар хэлэлцүүлэх хууль тогтоомжийг боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд тавигдах шаардлагыг тодорхойлох, олон нийтийн оролцоог хангах асуудлыг тусгайлан заасан. Ингэхдээ ил тод, нээлттэй байх, олон нийтийн оролцоог хангах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх гэсэн үндсэн дөрвөн зарчмыг баримтлахаар тусгасан. Ингээд өргөн баригдсан хууль тогтоолын төслийг УИХ хэлэлцэх тов дарааллыг тогтоогоод явдаг өөрийн гэсэн хуультай. Гэтэл сүүлийн жилүүдэд яаралтай горимоор хэмээн өргөн баригдсан даруйдаа яаралтай хэлэлцэгдэн батлагдах хуулийн тоо нэмэгдчихлээ.
Бодит байдал
Хуулийг яаралтай горимоор хэлэлцэх заалтыг 2016 оноос хэрэглэх болсноос хойш есөн жилийн хугацаанд УИХ нийт 76 буюу жилд дунджаар 8-9 хууль, тогтоолын төслийг энэ горимоор хэлэлцжээ. 2016-2020 оны парламентын үед 22 хууль, тогтоолын төсөл яаралтай горимоор хэлэлцэж байсан бол 2020-2024 оны парламентын үед энэ тоо 2.4 дахин өсөж 53 хууль, тогтоолын төслийг яаралтайгаар хэлэлцсэн байна. Харин энэ удаагийн парламент бүрэн эрхээ аваад хагас жилийн дотор 11 хууль, тогтоолын төсөл яаралтай горимоор шийдсэн. Нэг талаар, УИХ-ын гишүүд богино хугацаанд өндөр ачаалалтай ажиллаж байгаа мэт боловч нөгөө талаар хэлэлцэж иргэд буй асуудалд сонгогчдын санал бодол, мэргэжилтэн, судлаачдын дуу хоолойг сонсож тусгах нөхцөл хомсдож ирлээ. Тиймээс яаралтай батлаад өг гэж шавдуулж байгаа Засгийн газарт хууль тогтоолыг төслийн хүрээнд илүү сайн боловсруулахын тулд аль болохоор энгийн горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэхийг УИХ -ын дарга ч сануулаад байгаа юм.

"Намрын чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн, “яаралтай горим”-оор хэлэлцэх асуудлыг УИХ аль болох нааштай хүлээн авч, холбогдох хууль эрх зүйн орчныг цаг алдалгүй бүрдүүлэхийг эрмэлзэж ажиллалаа. Гэхдээ асуудлыг шийдэх талаас нь харж, УИХ-аар баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх нь зүйн хэрэг ч хэт цаг хугацааны шахалтад орох нь алдаа дутагдал гаргах эрсдэлтэйг тал талдаа анхаарах ёстой. Иймд асуудлыг бүх талаас, ул суурьтай судалж танилцах, олон талын оролцоог ханган хэлэлцэх нөхцөл бүрдүүлэх, хангалттай цаг хугацаатай байх шаардлагатайг Засгийн газар анхаарч, хууль тогтоолын төслийг аль болох энгийн горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх зарчим баримтлах хэрэгтэй."

Тав хоногийн хууль
Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар хуулийн төслийг боловсруулахдаа “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтээр хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлж, санал авах болон Хууль тогтоомжийн төсөлд холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллагын саналыг авах” үе шатуудыг зохицуулсан. Гэхдээ Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д бичгээр хүсэлт тавьсан бол УИХ-ын дарга төслийг чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлүүлнэ. Ингээд дэмжвэл Байнгын хороо УИХ-ын нийт гишүүнд яаралтай хүргүүлж, хэлэлцүүлнэ. Яаралтай хэлэлцүүлэх болон хуульд батлах хугацааг нь тусгайлан зааснаас бусад хуулийн төслийн хэлэлцүүлэг хоорондын хугацаа ажлын таваас доошгүй өдөр байна. Тэгэхээр ийм хуулиуд тав хоногийн дотор батлагдана. Цаг хугацаагаар шахагдсан том асуудлуудыг яаралтай батлах нь чухал. Гэхдээ энэ загвараар олон нийтийн болон судлаачдын хэлэлцүүлэг дүгнэлтгүй олон хууль баталдаг болчих вий гэх айдас бол байгаа. Энэ асуудлыг өнгөрсөн жил хөндөж ТББ-ууд Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар жишээ татан ярилцаж байсан юм.

"Хуулийг яаралтай горимоор хэлэлцэх нэг гол үндэслэл нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах шаардлага үүссэн бол нэн яаралтайгаар хууль баталж болдог. Гэхдээ эдийн засгийн аюулгүй байдлыг урт хугацааны бодлогоор шийдвэр гаргаж, хангах шаардлагатай. Гэтэл нэн яаралтайгаар хууль батлаад байгаа нь бусад хуулиа зөрчиж, зөрчилдөөд байна. Аливаа хуулийг олон нийтээр хэлэлцүүлэх нь зөрчилтэй хууль гаргахаас урьдчилан сэргийлэх хамгийн том хамгаалалт бүхий бамбай юм."
“Яаралтай горим”-ыг хязгаарлах шаардлага
Сонгуулийн өмнөхөн олон хууль батлагдахад энэ асуудал хүчтэй сөхөгдөж, цөөнхийн гишүүд шаардлага тавьж байлаа. Олонхын өргөн барьсан хуулийн төслийг яаралтай горимоор маргааш нь хэлэлцээд батлагддаг. Цөөнхийн санаачилсан хууль хэлэлцэх тов нь ч тогтдоггүй байдлыг хэвээр нь үргэлжлүүлэх юм уу гэлцэж байв. Онцгой байдал буюу ган, зудтай холбоотой асуудалд арга хэмжээ авах гээд Ардчилсан намын бүлгээс хууль өргөн барьсан ч хэлэлцэх тов нь гарахгүй удсан асуудал ч байдаг. Харин одоо бол парламент сөрөг хүчингүй олон суудал авсан гурван нам нь засагт хамтарсан. Засгийн газрын яаралтай хэлэлцээд өгөөч гэсэн хуулиудыг хурдан шуурхай шийдэж өгч байна. Өмнөх парламент Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг гурав хоногийн дотор баталсан явдал том жишээ болж үлдсэн. Хэдийгээр Ерөнхийлөгч хууль баталсан процесст нь хориг тавьсан ч өнөөг хүртэл яригдсаар байдаг. Түүний дараа ондоо багтаж хурал хуйгаа хийж, бичиг баримтаа цэгцэлж бүртгүүлээгүй намуудад хугацаа олгох заалттай Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт яаралтайгаар оруулсан. Энэ үеэр яаралтай горимоор хэлэлцэх хууль тогтоолын хязгаарыг нарийвчлах шаардлагыг зарим гишүүн оны өмнө хөндөж байсан юм.
Урьдчилсан хэлэлцүүлэг танилцуулга, салбарын хэлэлцүүлэггүйгээр хууль тогтоомжууд батлаад байхаас сэргийлж Хууль тогтоомжийн тухай хуульд Хууль санаачлагч хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын үе шатыг нарийн тогтоож өгсөн. Энэ шат бүр өөрийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, ингэж нарийн зохицуулсан харилцаагаар хууль тогтоомжийн төслийн шүүсийг шахаж олон нийт, салбарынхны бодол санааг тусгаж байж их хурлын босго давуулна. Гэхдээ жилд дунджаар 8-9 хуулийг яаралтай горимоор хэлэлцүүлж баталдаг байсан их хурал анхны ээлжит бус болон намрын чуулганаараа 11 хуулийг ингэж баталлаа. 2016-2020 оны парламент дөрвөн жилийн хугацаанд 22 хуулийг ингэж баталсантай харьцуулбал том тоо юм. Тиймээс цаашид ч энэ мэтээр улам нэмэгдэж мэдэх учраас Засгийн газар хууль тогтоолын төслөө энгийн горимоор хэлэлцүүлэхээр өргөн барихыг их хурал хүсэх болсон. Олон хууль яаралтай горимоор батлагдаад иргэдийн оролцоо хангагдахгүй бол ард нь үүсэх үр дагавар ч мөн асуудал дагуулах учраас яаралтай горимоор хэлэлцэх хууль тогтоолын хүрээ хязгаарыг ахин авч үзэх шаардлагатай гэж судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд үзэж байгаа юм. Яарвал даарна, мордохын хазгай болох вий гэсэн олон сануулга бий. Хугацаа давчуу ч хууль хазгай байж болохгүй.