Дэлхийн католик сүм хийдийн тэргүүн Ромын пап ФРанцис хоёрдугаар сарын 14-ний өдөр уушгины архаг бронхит болон хоёр уушгиндаа хатгаа авснаар Италийн Ром хотын Жемелли эмнэлэгт хэвтсэн билээ. Францис пап эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа бөөрний хөнгөн хэлбэрийн дутагдалд орсноор эмч нар түүнийг үргэлжлүүлэн эмчлүүлэхийг зөвлөсөн юм. Тэгвэл өнгөрсөн хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, олны өмнө огт гараагүй байсан Ромын пап эмнэлгээс гарлаа. Сар хагасын дараа эмнэлгээс гарахаасаа өмнө пап Жемелли эмнэлгийн цонхон дээр гарч ерөөлөө айлдсан байна. Хэдийгээр Ромын пап эмнэлгээс гарч байгаа боловч бүрэн эдгэрээгүй гэж эмч нар хэлсэн. Тиймээс дэлхийн католик сүм хийдийн тэргүүн багадаа хоёр сарын хугацаанд Ватиканд албан ажил хийлгүй амрах хэрэгтэй гэж эмч нар зөвлөөд байна.

Папыг эмчилж, эрүүл мэндэд нь анхаарч байгаа эмч нарын нэг доктор Сержио Альфиери “Өнгөрсөн таван долоо хоногийн хугацаанд пап хоёр ч удаа хүнд үетэй нүүр тулж, азаар даван гарсан. Түүний амь нас аюултай байдалд орсон” гэдгийг хэлжээ. Пап хэдийгээр бүрэн эдгэрэлгүй эмнэлгээс гарсан боловч эмчилгээ үр дүнтэй байгаа тул энэ хэвээрээ үргэлжилбэл удахгүй уушгины хатгалгаа нь эдгэрч, ажилдаа эргэж орно гэдэгт итгэж байна гэж эмч нар сонордуулжээ. Ром хотын дарга Роберто Гуалтиери “Францис папыг эмнэлгээс гарахыг нь харах үнэхээр сайхан байлаа. Ром хотын иргэдэд төдийгүй дэлхий дахинд том бэлэг болж байна. Бид түүнийг үргэлж дэмжих болно” гэлээ.

Папыг эмнэлгийн цонхоор ерөөл айлдаж, дараа нь эмнэлгээс гарах үед Жемелли эмнэлгийн гадаа сүсэгтэн олон цуглаж түүнийг харахаар хүлээж байжээ. Иргэдийн зарим нь папыг эмнэлгээс гарахыг хараад сэтгэл санаа нь бага ч гэсэн тайвширсан тухайгаа хуваалцсан байна. Пап эмнэлэгт хэвтсэнээсээ хойш олон нийтийн өмнө огт гараагүй боловч өнгөрсөн долоо хоногт түүний зургийг Ватикан олон нийтэд харуулсан. Зурган дээр пап эмнэлгийн мөргөлийн өрөөнд залбирал үйлдэж буй байдалтай харагджээ. Мөн энэ сарын эхэнд Францис папын дуу хоолойн бичлэгийг Ватиканы Ариун Петрийн талбайд цугласан сүсэгтнүүдэд сонсгосон байна.

Францис пап Ромын католик сүмийг удирдаад 12 жилийн хугацаа өнгөрч байна. Тэрээр 21 настай байхдаа нэг уушгиа тайруулснаас болж уушгины үрэвсэлт өвчнөөр амархан өвчилдөг болсон. Тиймээс өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд биеийн байдал нь хэд хэдэн удаа муудаж байжээ.