Сүүлийн хоёр жилд сум, дүүргийн засаг дарга нараас 214 удаа жагсаал, цуглаан зохион байгуулахыг хүссэн бичигт цар тахлын үеийн дүрэм, журмын зохицуулалттай холбоотойгоор татгалзсан хариуг өгчээ.

Иргэдийн жагсаж үгээ хэлэх эрхийг ингэж хязгаарлахын дээр өрнөж буй жагсаалын эсрэг зохион байгуулалттай ажиллагаа явуулах, жагсаалын эсрэг жагсаал зохион байгуулах, үзэл бодлоо илэрхийлэхээр цугласан иргэдийн нэр хүндийг гутаах явдлууд гарсаар байна. Товчхондоо, жагсаал цуглааны ач холбогдлыг бууруулах замаар иргэдийн үзэл бодлыг хязгаарлах ашиг сонирхол бүхий үг, үйлдэл гаарах боллоо.

Уг нь иргэд жагсах, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хуульчилсан. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг 1994 онд баталж долоон удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Дээрх нэмэлт, өөрчлөлтүүд бүгдээрээ үзэл бодлоо илэрхийлэх, жагсах, цуглах эрхийг хязгаарлах чиглэлээр, албадан тараах үйл ажиллагаанд хүч нэмэгдүүлсэн агуулгаар шинэчлэгдэж иржээ. Тиймээс төр засгаа шүүмжилж дуугарах хүмүүсийн жагсах эрхийг төр засаг санаачлан хуульчлах асуудал олон жил маргаантай байсан. Энэ удаа хуучин хуулийг нэг мөр хүчингүй болгож, шинэ хууль батлуулахаар Хууль зүй, дотоод хэргийн яам боловсруулж дуусаад, УИХ-д өргөн мэдүүлээд байна.

Хүний эрх, хуулийн орчин

Өнгөрсөн оны хавар буюу УИХ ын сонгуулийн өмнөхөн Засгийн газраас хүний эрхийн багц хуулийг өргөн барих асуудал сөхөгдөж иргэний нийгмийн байгууллагуудын эсэргүүцэлтэй тулсан. Энд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Жагсаал цуглааны тухай хууль, мөн Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хууль багтаж байлаа. Гэхдээ Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх нээлттэй байхад үгчлэн хуульчлах нь зохимжгүй. Бодлоо хэлж бичсэнийх нь төлөө хязгаарладаг бодлын цагдаатай болчих вий гэх айдас нийгэмд хэлэлцүүлэг болж, сонгуулийн өмнөх хаврын чуулганы хэлэлцэх асуудалд багтсан ч хойшлуулсан юм. Сонгуулийн дараа боловсруулж буй хуулийн төслүүдийн жагсаалтад ахиад л Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль зэрэг хүний эрхийн чиглэлийн хуулиуд багтаж байсан. Олон удаагийн хэлэлцүүлэг өрнөсөн ч энэ хуулиуд дээр яг нэгдсэн байр сууриа олж чадаагүй. Гэхдээ эдгээрийн зарим нь Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр боловсруулагдаж УИХ-д өргөн баригдаад байна. Харин өнөөх их маргаан дагуулж байсан Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл орж ирээгүй. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Хүний, эрх эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга өргөн баригджээ. Хэд хэдэн удаа энэ хуулийн төслийг боловсруулан хэлэлцүүлж байсан ч хоорондоо салшгүй холбоотой хүний эрхийн асуудлууд яригддаг учраас үзэл бодлоо илэрхийлэх, иргэдийн жагсаж цуглах, үгээ хэлэх эрхийн асуудал дээр маш их зарчмын болоод саналын зөрүү гарч байсан юм.

Хүний эрхийн энэ хуулийн төслүүд яригдахаас өмнө УИХ-д Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг Засгийн газар өргөн барьж, гурав хоногийн дотор батлуулсан явдал гарсан. Хэдийгээр Ерөнхийлөгч хууль баталсан процесст нь хориг тавьж буцаасан ч хязгаарлах заалтууд нь нийгмийн зүгээс асар их шүүмжлэл дагуулсан юмдаг. Түүнээс хойш хүний эрхтэй холбоотой хуулиуд дээр иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн зүгээс ихээхэн сонор хандах болсон. Тэр ч утгаараа сонгуулийн өмнө парламент хүний эрхийн чиглэлийн хуулиудад ахин гар хүрээгүй үлдээсэн. Харин одоо хэлэлцэх нь. Хамгийн түрүүнд Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл анхаарал татах нь.

Хүний эрхийн зарчим, хязгаарлалт

Одоогийн мөрддөг суурь зарчмуудыг аваад үзвэл Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэжээ. Мөн Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг байхаар, Эрүүгийн хуульд “хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байхаар” заасан. Өөрөөр хэлбэл, энэ гол зарчмыг алдаж болохгүй. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд 1994 оноос хойш долоон удаа нэмэлт, өөрчлөлт оруулсныг дээр өгүүлсэн.

2006 онд Сүхбаатарын талбайд хоноглох, гэр, майхан, унаа хөсөг оруулахгүй байх зохицуулалт нэмсэн. 2015 онд жагсаал, цуглаан зохион байгуулахад зөвшөөрөл олгодог байсныг мэдэгдэл хүргүүлэх, гэхдээ хариу заавал авах зохицуулалттай болгосон. 2024 оны нэгдүгээр сарын 12-нд жагсаал, цуглааныг зохион байгуулах мэдэгдлийг бичгээр хүргүүлэх болгож, ингэхдээ хориглох байршлыг төрийн тусгай хамгаалалтын байнгын бүс байхаар нэмсэн юм. Ерөнхийдөө энэ мэтчилэн нэмэлт, өөрчлөлтүүдэд жагсаал цуглааныг аль болох хязгаарлах, тараах чиглэлийн зүйл заалтууд л байжээ.

Өнгөрсөн жилүүдэд болсон жагсаал цуглаануудыг аваад үзвэл дараах статистик тоо гарч байна.

жагсаал, цуглааныг иргэд, олон нийтийн зүгээс зохион байгуулжээ.

Харин сүүлийн хоёр жилд нь 214 удаагийн иргэдийн хүсэлтэд сум, дүүгийн Засаг дарга нар татгалзсан хариу өгсөн. Гол шалтгаанаа тэд цар тахлын үеийн зохицуулалтаар хааж ирсэн байна.

Жагсаал, цуглааны тоо өсөхийн хэрээр зохион байгуулагдах хэлбэр, хүрээ хязгаар өөрчлөгдөж шинээр зохицуулах шаардлага үүссэн. 2005 оны хуулийн өөрчлөлтөөр жагсаал, цуглаан зохион байгуулахдаа Засаг даргад мэдэгдэл хүргүүлж, бүртгүүлэх зохицуулалт нь зөвшөөрөлтэй адил байдлаар хэрэглэгдэж, иргэдийн тайван жагсаал, цуглаан хийх эрхийг хязгаарлаж байгаа тухай шүүмж тасраагүй юм. Захиргааны байгууллагаас зөвшөөрөхгүй байх үндэслэлийг хэт өргөн утгаар тайлбарлаж, жагсаал, цуглаан хийх эрхийг хязгаарлаж ирсэн. Мөн цар тахлын эсрэг холбогдох хуулиудыг ашиглаж жагсаалыг бүртгэхгүй байх, Зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулах тохиолдол гарч байв. Жагсаал зохион байгуулахаас гурван өдрийн өмнө Засаг даргад мэдэгдэл өгөх, түүний дагуу мэдэгдлийг бүртгэсэн эсэх хариуг Засаг дарга ажлын гурван өдрийн дотор өгөх, бүртгэхээс татгалзсан бол шүүхэд хандаж болох ч шүүх ажлын зургаан өдрийн дотор Засаг даргын татгалзал үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэх гээд мэдэгдлээ бүртгүүлж цуглаан хийхэд нийт ажлын есөн өдөр буюу хуанлийн 14 хоног зарцуулахаар байгаа юм.

Цаг үеийн өөрчлөлтөөр өрнөж буй үйл явдалтай холбоотойгоор иргэд зохион байгуулалтгүйгээр, тухайн үйл явдал болсон даруйд нэгдэн цуглаж, жагсах тохиолдол ч гарч байна. Гэтэл үүнийг хууль бус буюу бүртгүүлээгүй жагсаал, цуглаанд тооцож байгаа. Мөн жагсаал, цуглааныг хориглох үйл ажиллагааг субьект, газар байршил, зорилго чиглэл, хугацаа зэргээр нь төрөл бүрийн хэлбэрээр хязгаарласан зохицуулалт үйлчилсээр байна.

Жагсах эрх, шинэ төсөл

Өргөн баригдаад байгаа хуулийн төсөлд “хилийн боомт, Төрийн ордон, түүний нутаг дэвсгэр, эмнэлгийн байгууллага, нисэх онгоцны буудал, төмөр замын өртөө буудал, хорих анги, түүний хамгаалалтын зурвас, улсын онц чухал объект, түүний хамгаалалтын бүс, төрийн тусгай хамгаалалтын бүсээс бусад газарт тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн аливаа үйлдэл гаргахгүйгээр жагсаал, цуглааныг зохион байгуулах эрхтэй бөгөөд энэхүү эрхийг хуульд зааснаас бусад тохиолдолд хязгаарлахыг хориглоно” гэсэн заалт оржээ. Хууль тогтоомжийн дагуу жагсаал, цуглаан зохион байгуулсан, түүнд оролцсоны төлөө хэнийг ч мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлах, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг хориглоно. Жагсаал, цуглаан хийхэд зориуд саад учруулах, эмх замбараагүй байдал үүсгэх, хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаж байгаа жагсаал, цуглааныг албадан тараахыг хориглох заалтууд мөн орсон байна. Түүнчлэн жагсаал, цуглааныг хуулиар хориглосноос бусад хэлбэрээр зохион байгуулах эрхийг хязгаарлахгүй.

Жагсаал, цуглаан зохион байгуулах, түүнд оролцохыг хязгаарласан агуулгатай захиргааны хэм хэмжээний акт баталж, мөрдүүлэхийг хориглоно гэжээ. Харин жагсаал, цуглаан зохион байгуулах, мэдэгдэх үйл ажиллагааг 48 цагаас доошгүй хугацааны өмнө нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад мэдэгдлийг бичгээр, эсхүл цахимаар хүргүүлнэ. Авто замын зорчих хэсэгт жагсаал, цуглааныг зохион байгуулах бол цагдаагийн байгууллагад 72 цагаас доошгүй хугацааны өмнө мэдэгдлийг бичгээр, эсхүл цахимаар хүргүүлж, бүртгэсэн эсэх талаар хариу авсны дараа зохион байгуулна. Цагдаагийн байгууллага мэдэгдлийг хүлээн авч ажлын нэг өдрийн дотор бүртгэсэн эсэх талаар бичгээр, эсхүл цахимаар мэдэгдэх зохицуулалт төслөөр орж иржээ.

Аяндаа үүссэн жагсаал, цуглаанд мэдэгдэл хүргүүлэхийг шаардахгүй ч зохион байгуулагчтай болсон тохиолдолд мэдэгдэхээр тусгаж. Хязгаарлалтын хувьд дайныг сурталчлах, салан тусгаарлах, ялгаварлан гадуурхах, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг уриалах, үндэсний аюулгүй байдал, нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдалд хохирол учруулж эмх замбараагүй байдал бий болгох, эсхүл зохион байгуулагдсан жагсаалд ийм зорилго үүсвэл хориглох, энэ нь батлагдвал албадан тараах заалт орсон байна. Мөн нийтийн хэв журам алдагдаж, эмх замбараагүй байдал бий болсон буюу хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол албадан тараах үндэслэл болно Жагсаал, цуглаан зохион байгуулах, мэдэгдэх үйл ажиллагааг 48 цагаас доошгүй хугацааны өмнө нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад мэдэгдлийг бичгээр, эсхүл цахимаар хүргүүлнэ. Авто замын зорчих хэсэгт жагсаал, цуглааныг зохион байгуулах бол цагдаагийн байгууллагад 72 цагаас доошгүй хугацааны өмнө мэдэгдлийг бичгээр, эсхүл цахимаар хүргүүлж, бүртгэсэн эсэх талаар хариу авсны дараа зохион байгуулна. гэжээ. Ямартай ч хүний эрхийн талаасаа дэвшилттэй зүйл заалтуудыг санал болгож хуулийн төсөлд тусгажээ. Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд сайтар шүүнэ. Олон жил маргаан дагуулсан жагсаал цуглаан зохион байгуулахтай холбоотой хуулийн зохицуулалт энэ хавар анхаарал татсан сэдвүүдийг нэг байх нь.