Инфляцын түвшин 2025 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 9.6 хувьтай гарсан нь өмнөх сараас 1.4 хувиар өссөн үзүүлэлт. Оны эхэнд инфляц хоёр оронтой тоо руу дөхнө гэдэг тийм сайн үзүүлэлт биш.
Хоёр оронтой тоонд шилжихэд 0.4 хувь
Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.9 нэгж хувиар (30.6 хувь), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 5.1 нэгж хувиар (53.2 хувь) тус, тус нөлөөлжээ.
Нарийвчлан задалснаар,
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 28%, - Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 9.8%, - Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 22.4%, - Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 9%, - Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 9%, - Боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 18.6% өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Хоёр оронтой тоог давах нь хэдийнэ тодорхой болсон. Инфляц нэгдүгээр сард өндөр гарах нь тодорхой байсан гэдгийг оны өмнө эдийн засагчид ч сануулсан. Эрх баригчид ч гадарлаж байсан нь лавтай. Он гарсаар эдийн засагчид бүр 15 хувьд хүрэх эрсдэлтэйг хэлж байна.

"2012-2016 оны төсвийн хямрал, эдийн засгийн хүндрэл болсон алдааг давтаж, инфляц 15 хувьд хүрэх эрсдэлтэй. Нэгдүгээр сард инфляц 9.6 хувь байсан бол хоёр, гуравдугаар сар ойлгомжтой. 9.6 хувийн инфляц магадгүй оны эхний хагаст 12 боллоо гэж бодъё. Үүгээр зогсохгүй. 15 хувь болох эрсдэл байна."

"Монголбанкны төсөөллөөр энэ онд инфляц хоёр оронтой тоо руу ч орох магадлалтай байгаа. Ялангуяа инфляц өмнөх төсөөллөөс нэмэгдэж, энэ оны II, III улиралд 10 хувийг давж эрчимжихээр байна."

"2025 оны эдийн засгийн төлөвт инфляц, түүний үр дагавар гол сорилт болохоор байна. 2024 оны эхний хагаст инфляцын суурь бага байсан зэргээс шалтгаалж инфляц өсөж, хоёр оронтой тоонд шилжих эрсдэл бодитой байна. Гэхдээ 15 хувь бол давахгүй л болов уу. Инфляцын инерци гэж айхтар зүйл бий. Нэгэнт инфляц өсөж, өндөр түвшинд хүрвэл олон нийтийн хүлээлтээр дамжин үргэлжлэн өсөх, өндөр түвшиндээ хадгалагдахад хүрдэг. Боловсролын үйлчилгээ, цахилгааны үнийн өсөлтийн инфляц 2025 оны ес, арваннэгдүгээр сараас нааш арилахгүй."
Он дараалсан эдийн засгийн өсөлт, төсвийн тэлэлт, цалингийн өсөлт, хэрэглээний зээлийн өсөлт, сонгууль, ногдол ашиг дагасан мөнгөн шилжүүлгүүд нь эдийн засгийн дотоод эрэлтийн тэлэлт бий болгож, инфляцыг өдөөснөөс гадна, өнгөрсөн зуд, нийлүүлэлтийн нөлөөгөөр махны үнэ өсөж байгаа, цахилгааны тариф 30+ хувь нэмэгдсэн, хувийн хэвшлийн цалин, боловсролын үйлчилгээний төлбөр 20+ хувь өссөн зэрэг нийлүүлэлтийн шокууд нь дарин дээр давс болж, инфляцыг илүү хурдан, өндрөөр нэмэгдэхэд хүргэж байна.
Бодлогын хүүг өөрчилнө
Инфляцын халуурлын эсрэг Мөнгөний бодлогын арга хэмжээ авах нь гарцаагүй гэдгээ хоёрдугаар сард зарлалаа. Уг нь Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2025 оны нэгдүгээр сард өөр байр суурьтай байв. Өнгөрсөн долоо хоногт Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд:
- Бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувьд хүргэх;
- Банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувьд шинэчлэн тогтоох;
- Тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн сарын төлбөрөө төлсний дараах зээлдэгчийн үлдэх орлого нь хүн амын амьжиргааны доод түвшнээс доошгүй байхаар тогтоох зэрэг шийдвэрийг тус тус гаргалаа.

"2025 оны II, III улиралд хамгийн огцом өсөлтүүд гарах магадлалтай. Учир нь, одоо байгаа инфляцын суурин дээр инфляцын нөлөөнүүд орж ирнэ гэсэн үг. Монголбанк өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бодлогын хүүгээ өөрчлөөгүй ч заавал байлгах нөөцийг нэг нэгж хувиар өсгөсөн. Нэгдүгээр сард мөн хуралдаж, заавал байлгах нөөцийг төгрөгийн хувьд хоёр хувь, ам.долларын хувьд мөн хоёр хувиар өсгөн мөнгөний бодлогоо хатууруулаад байна. Хэрэв инфляц хоёр оронтой тоо руу орвол бид мэдээж бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно."

"Инфляц өсөх төсөөлөл баталгаажвал, Төв банкны Мөнгөний бодлогын хороо хариу арга хэмжээ авч, мөнгөний бодлого эргэн чангарах чиг рүү ороход хүрнэ. Энэ нь шинээр зээл авах, зээлийн дахин санхүүжилт хийх, бизнесийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд тодорхой бус байдлыг нэмэгдүүлнэ. Инфляц өсөх нь төгрөгийн гадаад валюттай харьцах бодит ханшийг нэмж чангаруулна. Энэ нь экспортыг шийтгэж, барааны болон үйлчилгээний импорт (гаднаас бараа зөөж, дотоодод борлуулах нь ашигтай, гадна очиж амрах нь хямд)-ыг урамшуулна. Энэ нь төлбөрийн тэнцэл дээр дарамт нэмнэ."
Бодлогын хүүг дагаад мэдээж банкуудын зээлийн гаралт буурна. Үүнийг дагаад аж ахуйн нэгжүүд ч хүндхэн нөхцөлтэй нүүр тулах нь.

Өрхийн орлого, зарлага тэнцэв
Өөр нэг таагүй мэдээ дуулгая. Үндэсний статистикийн хорооноос өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2024 оны IV улирлын дүнг танилцуулсан. Энэ дүнгээр өрхийн орлого, зарлага тэнцэж ирэв. Угаасаа ч иргэдийн амьдрал тэнцэх нь битгий хэл хасахтай л яваа. Цалин хоёр хоногийн дотор халин одож, өөр зээл хуйгаар үлдсэн бор хоногууддаа өлсөхгүйхэн шиг өнгөрөөж буй нь үнэн төрх. Гэхдээ л орлого, зарлага тэнцсэнийг статитискийн байгууллага нь зарлана гэдэг нэгийг хэлж байгаа хэрэг.
2020 оны үнээр илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 1.8 сая төгрөг болж, өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 1.7 сая төгрөг болжээ. Бодит орлогын өсөлтийг төрлөөр задалж үзвэл, өмнөх оны мөн үеэс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 23.5 мянган (15.6%) төгрөгөөр, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого найман мянган (9.2%) төгрөгөөр буурсан нь сөргөөр нөлөөлсөн ч цалин хөлсний орлого 91.3 мянган (10.7%) төгрөгөөр, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 24.3 мянган (6.8%) төгрөгөөр, бусад орлого 11.7 мянган (10.8%) төгрөгөөр нэмэгдсэн нь бодит нийт орлого 5.9 хувиар нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Харин 2020 оны үнээр илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит нийт зарлага 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 150.9 мянган (9.1%) төгрөгөөр нэмэгдэж, өмнөх улирлаас 27.7 мянган (1.5%) төгрөгөөр буурсан байна. Бодит зарлагын өсөлтийг төрлөөр задалж үзвэл, өмнөх оны мөн үеэс хүнсний бус бараа, үйлчилгээний зардал дунджаар 118.9 мянган (11.3%) төгрөгөөр нэмэгдсэн нь бодит нийт зарлага 9.1 хувиар нэмэгдэхэд голлон нөлөөлсөн байна.

"Тог, цахилгааны төлбөр нэмэгдлээ. Юмны үнэ наанадаж 50 хувь өслөө. Бидний тэтгэвэр зургаан хувь нэмэгдсэн. Иргэдийн амьдрал хүнд боллоо. Ахмадууд бид эм ч авч дийлэхээ болилоо."
2021 онд 20 мянган төгрөг
Цаас болж буй төгрөгийг тоогоор илэрхийлэх гээд үзье. Үндэсний статистикийн хорооноос долоо хоног бүр танилцуулдаг хүнсний гол нэр болон бензин түлшний долоо хоногийн үнийн мэдээнд тулгуурлан харуулъя. 2021, 2022, 2023, 2024, 2025 оны хамгийн эхний долоо хоногийн үнээр тооцооллыг хийлээ.
2021 онд өглөөдөө идэх талх, өндөг, цай чанах сүү, оройдоо хоол хийгээд идэх ногоо, өглөө, оройдоо ажил руугаа явах бензинээ 19635 төгрөгөөр худалдан авч болж байв.
Тодруулбал,
- Сүү (савласан хайрцагтай 1л) 2841 - Дээд гурил (1кг) 1565 - Өндөг (6ш) 2244 - Талх (зүссэн 600гр) 1699 - Төмс (1кг) 935 - Лууван (1кг) 1550 - Сонгино (1кг) 1691 - Аи92 автобензин (5л) 7110 төгрөг байлаа.
Тэгвэл ирэх жилүүдэд нь бид эдгээр бүтээгдэхүүнийг ямар үнээр худалдан авсан бол.
2021 оны 20 мянган төгрөг 2022 онд:
- Сүү (савласан хайрцагтай 1л) 3099 - Дээд гурил (1кг) 1609 - Өндөг(6ш) 2700 - Талх (зүссэн 600гр) 2009 - Төмс (1кг) 1147 - Лууван (1кг) 3098 - Сонгино (1кг) 2687 - Аи92 автобензин (5л) 11000 төгрөг байв.
2021 оны 20 мянган төгрөг 2022 онд 27349 төгрөг болж хувирав.
2021 оны 20 мянган төгрөг 2023 онд:
- Сүү (савласан хайрцагтай 1л) 3960 - Дээд гурил (1кг) 2479 - Өндөг (6ш) 3258 - Талх (зүссэн 600гр) 2462 - Төмс (1кг) 1477 - Лууван (1кг) 2329 - Сонгино (1кг) 2903 - Аи92 автобензин (5л) 11950 төгрөг байв.
2021 оны 20 мянган төгрөг 2023 онд 30818 төгрөг болж хувирав.
2021 оны 20 мянган төгрөг 2024 онд:
- Сүү (савласан хайрцагтай 1л) 4429 - Дээд гурил (1кг) 2939 - Өндөг (6ш) 3612 - Талх (зүссэн 600 гр) 2791 - Төмс (1кг) 1508 - Лууван (1кг) 2689 - Сонгино (1кг) 3181 - Аи92 автобензин (5л) 11950 төгрөг байв.
2021 оны 20 мянган төгрөг 2024 онд 33099 төгрөг болж хувирав.
2021 оны 20 мянган төгрөг 2025 онд:
- Сүү (савласан хайрцагтай 1л) 4690 - Дээд гурил (1кг) 3139 - Өндөг (6ш) 3720 - Талх (зүссэн 600гр) 3279 - Төмс (1кг) 1359 - Лууван (1кг) 2532 - Сонгино (1кг) 3581 - Аи92 автобензин (5л) 11950 төгрөг байв.
2021 оны 20 мянган төгрөг 2025 онд 34250 төгрөг болж хувирав.
Одоо бид 20 мянган төгрөгөөр 5 л бензин, 1 литр сүү, 1 кг сонгино авч хүрэхээргүй 20221 төгрөг байна.
Бүсээ чангалсан бид дахиад л чангалах хэрэгтэйг эдийн засагчид хэлж байна. Орлого багатай өрхүүдэд бүр ч хүнд тусна гэдгийг хэлж буй юм. Өрхийн санхүүгээ ч солонгоруулж үнийн өсөлтөд бэлтгэхийг сануулж байна.