“Үндэстний ТОЙМ” сэтгүүл Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын урын сантай хамтран Монголын сонгодог урлагийн түүхэн дэх сор бүтээлүүдийг анхлан туурвисан уран бүтээлчдийг танилцуулах “Сонгодог урлагийн анхдагчид” буланг эхлүүлсэн билээ. Энэхүү булангийнхаа 25 дахь дугаарт Төрийн дээд шагнал “Чингис хаан” одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дуурийн талаар өгүүлэх гэж байна.
Чингис хааны тухай анхны дуурь
Чингис хааны тухай өгүүлсэн кино, зохиол, ном товхимол, хөгжмийн бүтээлүүд дэлхийд олон байдаг ч түүний талаар хийсэн анхны дуурь нь “Чингис хаан” одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Чингис хаан” дуурь юм. Хоёр бүлэг, зургаан үзэгдэлт энэхүү дуурийн анхны тоглолт 2003 оны тавдугаар сарын 3-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдож байжээ. Дуурийн цомнолыг ардын уран зохиолч П.Бадарч бичсэн бөгөөд Чингис хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлжээ.
Чингис хаан бага балчир насандаа өнчрөл, хагацал, зовлон зүдгүүр, бусдад басамжлагдах, доромжлогдох, баригдах, тавигдахын бэрхийг үзсэн ч эх Өүлэний сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Их гүрнээ байгуулж, хамаг Монгол Улсаа сэргээн мандуулж, Их тулгар төрийг байгуулсан тухай дуурь юм.

"Нэг удаа би Б.Шаравт “Чамайг мундаг хөгжмийн зохиолч гээд байх юм. Ганц дуурь биччихдэггүй юм уу” гэлээ. Б.Шарав маань инээж “Хийсэн ч болно л доо. Юугаар хийх вэ” гэж байна. “Чи Чингис хаанаар хий. Чингисийн тухай томоохон уран бүтээл гараагүй. Нэг л кино байна, хөгжмийн уран бүтээл хийе” гэсэн. Цомнолыг нь П.Бадарч бичсэн. Ингээд л Б.Шаравтай гурвуулаа уулзаж “Чингис хаан” дууриа эхэлж байсан юм. “Чингис хаан” дуурь маань цаг үедээ тохирсон. Магадгүй Монголын ард түмний хүлээж байсан сэдэв байсан байж мэднэ. Ер нь тэр үед монголчууд маань сэрж, оюун ухаанд нь эцэг хааныхаа дүрслэх дүрслэл нь өөр чиг замаар орж ирж байсан ийм цаг үе юм л даа. Б.Шарав бол гайхалтай сайн хөгжим бичсэн."

Шинэчлэн найруулсан нь
“Чингис хаан” дуурийг анх тайзнаа тавихад удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх, найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган, зураачаар ардын зураач Ч.Гунгаасүх нар ажилласан. Харин 2016 онд шинэчлэхэд урлагийн гавьяат зүтгэлтэн, Улсын драмын эрдмийн театрын найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулж, удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү ажиллажээ. Их Монгол улс байгуулсны 810 жилийн ойг угтан 2016 оны зургаадугаар сарын 4, 5-нд энэхүү бүтээлийг толилуулсан юм. УДБЭТ-ын одоо тавьж буй хувилбар нь 2016 оны шинэчилсэн найруулга билээ. Уг дуурийг дахин шинэчлэхэд гол дүр Тэмүжинг Э.Бумхүү, Ч.Энхтайван, Бөртэг гавьяат жүжигчин Ш.Наранчимэг, Өүлэн эхийг М.Дариймаа, Р.Доржхорол, Жамухыг М.Даваадорж, Г.Шижирболд нар амилуулжээ.

"Дуурийг шинэчлэн найруулахад хөгжмийн зохиолчийн хувьд би багахан шинэчлэл хийсэн. Өмнөх бүтээлийг илүү өргөн цар хүрээтэй, олон хөгжимчин тоглохоор бодож хийсэн. Түүнийгээ өнөөдрийн театрын нөхцөлд тааруулж арай хялбар болгосон нь миний бодлоор гайгүй болчих шиг санагдлаа. Хөгжмийн хувьд илүүдсэн эсвэл дуугаралт нь дуучдаа дараад байгаа зүйл олон бий. Ер нь төгс бүтээл гэж байдаггүй. Миний хувьд 10 гаруй жилийн дараа хөгжмийг нь дахин шинэчилж байгаа учраас сэтгэлдээ хүртэл хийхийг хичээсэн. Цаашид энэ чигээрээ явах байх. Үүнээс гадна засчихмаар жижиг зүйл олон учраас цаашдаа үүнд л анхаарах хэрэгтэй."


“Чингис хаан” дуурийн либретто
Нэгдүгээр бүлэг
Нэгдүгээр үзэгдэл: “Өүлэн эх” "Өүлэн эх" Монгол аймгийн тэргүүн Есүхэй баатар Татар аймагт хорлогдож нас барсны дараа өнчин таван хүүхэдтэй Өүлэн эхийг Тайчууд хаяж нүүх ба хатуу бэрх амьдралыг үзэж байтал тайчууд эргэн ирж Тэмүүжинийг олзлон авч одно.
Хоёрдугаар үзэгдэл: “Тэмүүжин" 18 настай Тэмүүжинийг Тайчууд аймгийнхан аваачиж гав дөнгө зүүлгэн, тэрэгнээс уяж, өөрсдөө найрлан байна. Тэмүүжин харгалзагчийн тусламжаар зугтаж, усны харгилд амандаа зэгс зуун амьсгал авч хэвтэнэ. Тайчууд шөнө эрэвч түүнийг эс олно. Харин Сорхоншар гэгч Тэмүүжинтэй таарч “Би чамайг хэлэхгүй” гэж хэлээд явна. Тэмүүжин эрэл зогсмогц Сорхоншарынд гүйн ирнэ. Сорхоншар охин Хадааны хамт түүнийг оргуулж явуулна.
Гуравдугаар үзэгдэл: “Бөртэ үжин” Урьд эцэг Есүхэйн сүй тавьсан Дэйсэцэний охин Бөртэг бэр буулган авч Минлэг эцэг, дүү Бэлгүүтэй нарын хамт ирнэ. Энэ үеэр урьд танилцсан Боорчи, мөн Зэлмэ нар ирж нөхөрлөнө. Тэгвэл урьд эцэг Есүхэй нь Мэргэдийн Чилэдү гэгчээс Өүлэн хатныг булаасны өсийг нэхэж Мэргэдийнхэн цэрэглэн ирж Бөртэг булаан одно.
Хоёрдугаар бүлэг
Дөрөвдүгээр үзэгдэл: “Ван хан” Тэр үед Монгол аймгуудын дунд хамгийн хүчирхэг байсан нь Хэрэйд аймгийн хаан Тоорил ван юм. Тэрээр Тэмүүжиний эцгийн эртний анд бөгөөд багадаа Жамуха, Тэмүүжин нар Ван ханы өргөөнд бичиг эрдэм заалгаж байв. Эхнэр Бөртэг булаалгасан Тэмүүжин ихэд гуньж Бөртийн сүйд ирсэн хар булган дахыг авч, дүү Хасар нарын хамт Ван ханд бараалхана. Ван ханы тансаг өргөөнд эрт багын анд Жамухатай учирна. Найр цэнгэл бүжиг болно. Тэмүүжин Ван ханд учраа айлтгахад Ван хан миний анд Есүхэйн хүү Тэмүүжин чамд тусалъя гэх ба мөн Жамуха хүчин хавсарч эхнэр Бөртэг нь эргүүлэн авчрахаар Мэргэд аймгийг дайлаар мордохоор тохиролцоно.
Тавдугаар үзэгдэл: “Жамуха сэцэн” Тэд Мэргэд аймагтай байлдан, дийлж Бөртэг буцаан авна. Жамуха, Тэмүүжин нар анд бололцож, алтан бүс солилцоно. Гэвч нүүж, салах гэснээс болж эвдрэлцэнэ. Энэ нь хоёр газар нутаглах гэснээс бус цаашид их Монгол улсын хаан хэн суух вэ гэсэн дотоод сэтгэлийн атаа тэмцлээс болсон нь тэдний ярианаас ойлгогдоно. Ийн Тэмүүжин, Жамуха хоёрын их тэмцэл, атаархал эндээс эхэлнэ. Олон омог аймаг Тэмүүжинтэй нэгдэн тэмцэхээр цугларна.
Зургаадугаар үзэгдэл: “Чингис” Ононы эх нутагтаа дайснаа дарж дархан цолоо мандуулж, эхнэр Бөртэг авч ирсэн Тэмүүжиний эр зориг, эрэлхэг баатарлагийг олон даяар магтаж, тэр үеийн олон овог, аймаг, бүлэг, хүрээ улсууд дагаар ирнэ. Тэдний дунд эртний Монгол аймгийн хаадын алтан ураг Алтан, Хучир зэрэг нар нөлөө бүхий ихэс язгууртнууд байна. Мөн Жамухаас урван дагаар ирэгсэд ч байна. Тэд цөм санаа нэгдэж “Монгол Улс хаангүй байж яахин болно, зайран бөөгийн зарлиг, төлөгч ч (мэргэ) ийм байна” гэлцэн “Тэнгэрийн зарлигаар Тэмүүжин чамайг хаан болгоё” хэмээн “Чингис” цол өргөмжилж хамаг улсын хаан болгоно.
