Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл дараах мэдээллийг өглөө.
Тэрээр "Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудалтай холбоотойгоор Засгийн газар, УИХ өмнө нь гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн дүгнэлтийг танилцууллаа. Улмаар Засгийн газар холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж, УИХ-д уламжлахаар болж байна.
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү "Энержи ресурс" компанитай гарын үсэг зурсан 2008 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн "Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээ" гэх баримт бичиг нь хууль бус зөрчилтэй гэрээ байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, "Энержи ресурс" компанитай гэрээ байгуулж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, тухайн үед үйлчилж байсан болон одоо үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн үйлдэл болжээ. Энэ асуудлаар УИХ 2007 онд тогтоол гаргаж, Тавантолгой орд газар, тэр дундаа "Энержи Ресурс" компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбайг стратегийн ач холбогдол бүхий орд газарт хамруулсан байхад гэрээ хийж хэн нэгэн этгээдэд шууд эзэмшүүлэх эрх нь тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайдад байгаагүй. Ухаа худаг стратегийн ордод тооцогддог учраас шийдвэрийг УИХ гаргах ёстой байсан. Мөн гэрээг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын архиваас олоогүй. Засгийн газрын тухайн үеийн тэмдэглэлээс харахад Ухаа худаг ордын хэдэн хувийг төрд эзэмшүүлэх талаар эргэж Засгийн газарт мэдэгдэх үүргийг Үйлдвэр худалдааны сайдад олгосон байжээ. Энэ бол Эрүүгийн гэмт хэрэг. Эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан сайдад заавал хариуцлага тооцно. Анх энэ ордын лицензийг албан тушаал, эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж авсан байж болзошгүй хүний асуудал, өөрийн эрх хэмжээг хэтрүүлж Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй тодорхой этгээдүүдтэй холбоотой асуудлыг цаашид хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлнэ" гэв.