“Dataportal” байгууллагын 2024 оны судалгаагаар Монголд “Facebook” хэрэглэгчийн тоо 2.5 саяд хүрч, өмнөх оноос 200 мянгаар нэмэгджээ. Олон нийтийн сүлжээ бидэнд олон боломж өгдөг ч бас сүүдэртэй тал байна аа. энэ бол “Тролл” юм.

Тролл гэдэг нь Скандинавын викингүүдийн домог үлгэрт гардаг хүн төрхтэй нэгэн зүйл шулмын төрлийн амьтны нэр боловч орчин цагт олон нийтийн бодол санааг залах зорилгоор цахим орчинд хуурамч хаягаар худал, ташаа мэдээлэл түгээж уруу татах, өдөөн турхирах үзэгдлийг ийн нэрийдэж байна. Ингэж цахим орчин ашиглан хөгжиж дэвжихийн эсрэг хуурамч мэдээ, тархи угаалт явуулж, төр, иргэний хооронд “яс хаяж” дотоод эв нэгдлийг нь задлах, төр, засгийг нь аливаа шийдвэр гаргуулах, эсвэл гаргуулахгүйн тулд троллуулыг ашиглах нь бий.

Айдсаар хагалах нь

Баримт шалгагч Ц.Тамир сүүлийн 10 орчим жил цахим орчинд тархаж буй хуурамч мэдээлэлд дүн шинжилгээ хийж, хуурамч мэдээллийг няцаан ажиллаж байгаа мэргэжилтэн. Тэрээр “Ковид19 цар тахлын үед манай улс БНХАУ-аас Синофарм вакциныг оруулж ирж, иргэдээ хамгаалсан. Тэгэхэд, “Хятадууд вакцинаар дамжуулж хортой чип суулгах гэж байна” гэдэг мэдээлэл цацсан хуурамч хаягууд хоёр дахь тун болох Энэтхэгийн Астразинека вакцин орж ирэхэд “Жирэмсэн эхийн хөхний сүүнд нөлөөлдөг” гэдэг мэдээлэл цацсан. Гурав дахь тун ОХУ-ын Спутник вакцин орж ирэхэд тэдгээр хаягууд харин ч магтаж байсан. Энэ хаягууд ОХУ-Украины дайнд Путиныг дэмжиж, Монголын сонгуульд тодорхой нэг улстөрчид хүчээ өргөсөн. Түүний дараагаар Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдрын эсрэг охидын вакциныг хийхэд маш ихээр эсэргүүцэж, хуурамч мэдээлэл тараасан. Хамгийн сүүлд эдгээр хаягаар Францын Засгийн газартай хийж буй ураны хэлэлцээр болон холбогдох хууль тогтоомжийн төслийг эсэргүүцэх ажлыг хийсэн” зэрэг хаягуудыг харууллаа.

Хэрэв гадаадын тусгай албад манай улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа бол энэ асуудлыг тагнуулын байгууллага харьяалан шалгах хуультай. Тус байгууллага мэдээлэл өгөхөөс татгалзсан. Иргэдийн дунд худал мэдээлэл тараах гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар цагдаагийн байгууллага харьяалдаг. Иймээс бид Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны харьяанд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Тайвантай уулзсан юм. Тэрээр “Хуурамч мэдээллийг иргэдийн айдас дээр дөрөөлж тараадаг. Аливаа зүйлийг бүрэн сайн ойлгоогүй, мэдээлэл багатай иргэдийн айдсыг хөдөлгөх замаар худал мэдээлэл тараадаг учраас иргэдийг баталгаатай мэдээллээр хангах ажил чухал” гэдгийг бидэнд хэлсэн.

Манай улсын Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Дээрх мега төслүүдийг хэрэгжүүлье гэхэд олон нийтийн сүлжээнд эрүүл шүүмжлэлээс гадна зохион байгуулалттай худал мэдээлэл ч нэлээд явдаг. Эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт өрнөх мега төслийг хэрэгжүүлэхэд гадаадаас ажиллах хүч авах шаардлага тулгарна. Дээрх асуудлыг шийдвэрлэх үүднээс УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын хэсэг гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Гадаадаас ажиллах хүч авах талаар хуулийн төслүүд УИХ-д өргөн барьсан. Үүний дараагаас дээрх хүмүүсийг хятад цустай гэж хуурамч хаягуудаар гүтгэсэн. Хэдхэн хоногийн дайралтын дараа гишүүн П.Сайнзориг нар хуулийн төслөө татаж авсан бол Л.Энх-Амгалан сайдын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээс хойшлуулах жишээтэй. Ер нь гадаадын хөрөнгө оруулалт, гурав дахь хөршийн бодлого дагасан төсөл яригдахаар л гаднынханд газар нутгаа өгөх нь, гадаадын колони болох нь гэсэн эвлүүлэг, постер, гүтгэлгүүд олширдгийн учир юу вэ.

Энэ талаарх шүүмжлэлт байр сууриа хуульч Ж.Эрхэмбаатар бидэнтэй уулзахдаа хуваалцсан. Тэрээр “Гадаадаас ажиллах хүч оруулж ирж, хүн хүч хүрэлцэхгүй байгаа салбарууддаа ажиллуулъя. Гаднын мэргэжилтнүүдийг дагалдуулж хүмүүсээ сургая. Том төслүүдээ хөдөлгөе гэхэд санаачилга гаргасан хүмүүсийг элдвээр гүтгэж харлуулаад байгаа нь яг монгол хүн үү, гаднын тролл уу. Хэдхэн хоногийн эсэргүүцэл олон нийтийн сүлжээнд явахад эргэж буцдаг бодлого төрийнх үү, хувь хүнийх үү. Олон нийтийн сүлжээнд хөтлөгдөж төрийн шийдвэр өөрчлөгдөөд байдаг юм бол төртэй байж яадаг юм. Ядаж ард нь бодит хүн байна уу, хэр олуулаа, ямар шалтгаан үндэслэлээр эсэргүүцэж, шүүмжилж байна гэдгийг судалж үзсэн үү. Би бол өргөн барьсан хуулийг буцааж татуулах шахалтын ард ямар нэг судалгаа байгаагүй гэж бодож байна” гэсэн. Ж.Эрхэмбаатар нь өмнөх парламентын үед Цахим хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан нэгэн. Түүнийг ажиллаж байхад тус яам Цахим орчинд олон нийтийн эрхийг хамгаалах тухай хуулийг УИХ-аар батлуулсан боловч донор байгууллагаас санхүүждэг ТББ-ууд болон хэвлэл мэдээллийн байгууллагын эсэргүүцлээс үүдэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хоригтойгоор хүчингүй болсон билээ. “Уг нь бидний санаачилсан хууль ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцэгдсэн. Хуурамч мэдээлэл, манипуляц, тархи угаалт, троллын нийгэмд үзүүлж байгаа нөлөөллийг бууруулах талаар олон нийтийн сүлжээний цаад компаниудтай хамтран ажиллаж, мэдээлэл солилцоход хэрэгтэй хууль байсан юм” гэсэн. Гэхдээ яамнаас санаачилж, УИХ-аар батлуулсан дээрх хуулийг шүүмжилсэн байр сууриуд ч үндэслэлтэй байсан л даа.

Магтан дуулалдах нь

Улсын дотоод хэрэгт хошуу дүрэхээс сэргийлж, сөрөг довтолгоо болгож зарим орон нам, засгийнхаа бодлогыг магтан дуулдаг “тролл арми” тэжээдэг. Ихэвчлэн коммунист орнууд өөрийн иргэдэд үзэл суртлаа тулгах, тэдний санаа бодлыг хайрцаглах чиглэлд троллоо чиглүүлдэг байна.

- Харвардын их сургуульд хийсэн судалгаанд дурдсанаар, БНХАУ ын “wumao dang” бүлэг БНХАУ-ын Коммунист намын үйл ажиллагааг дэмжиж жилд дунджаар 448 сая пост олон нийтийн сүлжээнд нийтэлдэг байна. - Вьетнам улсад 1000 хүний бүрэлдэхүүнтэй “Цахимаар дайсагнах хүчний эсрэг бүрэлдэхүүн” Коммунист намын бодлогыг дэмжсэн яриа өгүүллийг цахимаар тарааж, комментууд нийтэлдэг. - Израйль улсын “Jewish Internet De fense Force” бүлэглэл нь олон нийтийн сүлжээ ашиглаж антисемитизм болон исламын терроризмыг дэмжиж сурталчилдаг фэйсбүүк групп, цахим хуудсуудын эсрэг кампанит ажиллагаа явуулдаг. - Турк улсад Ерөнхийлөгч Т.Эрдаоны суртал ухуулгыг түгээх, түүнийг шүүмжилсэн хүмүүс рүү дайралт хийх зорилгоор 6000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй “AK Trolls” нэртэй бүлэглэл бий. - ОХУ-ын троллын “Агентство интернет исследований” байгууллага нь 400 гаруй ажилтантай бөгөөд төв оффис нь Санкт-Петербург хотод байрладаг байна. Тус байгууллага нь В.Путиныг дэмжиж, түүний өрсөлдөгч нарын нэр хүндийг унагах, суртал ухуулга явуулах үүрэгтэй.

Харин манай улсын удирдагчид ч тэднээс ялгаагүй, сүүлийн жилүүдэд X буюу твиттэрт жиргээч, сэтгүүлчдийг олноор нь хөлслөн ажиллуулж байна. Тодорхой зарим компани жиргээч, тролл, бот хаяг ажиллуулан төрийн ямар нэгэн байгууллагын олсон орлогоор санхүүжиж, улс төрийн кампанит ажилд оролцдог болсон. Мөн сэтгүүл зүйн салбарын ажилтан фэйсбүүк, твиттэр орчинд улстөрчидтэй гэрээ байгуулан магтан сайшаах болсон нь нууц биш. Тэднийг нийтэд нь “хиамчид” гэх бөгөөд эрх баригчдыг өмгөөлөх ажлыг ил далд хийж байна. Баримт шалгагч Ч.Тамир энэ тухай “Хиамчдад ямар нэг үзэл бодол гэж байхгүй. Тэдний үзэл бодол, өнцгийг цаанаас нь тарааж өгдөг” гээд тэд нийтлэг өнцөгөөр жиргээ, пост бичиж байсныг хэллээ.

“Эрх чөлөөний эвсэл” нэртэй улс төрийн отгон хүчний дөрөвхөн хүн Сүхбаатарын талбайд хэдхэн хоног жагсаал хийхэд тэдний эсрэг томоохон тролл баг хөлслөн ажиллуулсан болохыг жагсаалыг зохион байгуулагч Б.Цацрал хэлж байв. Иргэд үзэл бодлоо илэрхийлж, тайвнаар жагсах эрхээ эдэлж байхад тэдний нэр төр, алдар хүндийг гутаах оролдлогыг хийж байгаад харамсаж буйгаа ХЭҮК-ын дарга, доктор Д.Сүнжид ярилаа.

Нягтлах чадвар

Улстөрчид сонгуулийн үед өөрийгөө магтуулах, өрсөлдөгчөө нийгмийн сүлжээнд харлуулах гэж тролл баг хөлсөлдөг. Лав л 2012 оноос ашиглаж байгаа. Энэ бол хавтгай болсон гажуудал. Тэрнээс өмнө нэр дэвшигчийн штаб дээр хүүхдүүдийг 20-30-аар нь персонал компьютер дээр суулган мэдээний доор сэтгэгдэл бичүүлдэг байв. 2012 оноос эхлээд нэг компьютероос олон хаяг удирдах, нэг товч дараад олон сэтгэгдэл бичих, түгээх, (эможи) сэтгэл хөдлөл илэрхийлэх боломжтой Шүүхийн санг шүүрдэж болсон. шийдвэрийн үзэхэд, одоогийн эрх баригч нам 2020 оны УИХ-ын сонгуульд тролл баг ажиллуулсан, тролл баг нь хүмүүсийн фэйсбүүк хаягийг фишинг код ашиглаж хакердаж аваад, нэр, зураг, кодыг нь өөрчлөөд ашиглаж байсан талаарх шийдвэр байж л байна. Нэг хүн 100 1000 хуурамч хаяг удирдаж, хуурамч мэдээлэл, гүтгэлэг тарааж байсан тохиолдлыг цагдаагийн байгууллага үе үе илрүүлдэг.

Цаг үе ийм, цахим гүтгэлэг нэжгээд байгаа өнөөгийн нөхцөлд хүний нэр төр, алдар хүндийг Эрүүгийн хуулийн 13.14.1 гэдэг заалтаар хамгаалж байна. Хэдий шоронд хорих ялгүй боловч энэ заалт Эрүүгийн хуульд зааснаар цагдаа, тагнуулын байгууллага худал мэдээлэл тараасан эзнийг олох, устгуулах ажлыг процессын хуулийн дагуу хийдэг. Shuukh.mn сайтаас шүүж үзэхэд дээрх заалтаар шийтгүүлсэн тохиолдлын дийлэнх нь иргэд нэгнээ хуурамч хаяг нээж гүжирдсэн үйлдэл байдаг юм. Үерхэж байгаад салсан нэгнээ хорлох, атаархсан нэгнээ чадах, хорссон нэгнээсээ хонзонгоо авах зорилгоор гэмгүй нэгний зургийг фэйсбүүк, твиттэр, инстаграмд тавьж байгаад биеэ үнэлэгч, хулгайч, залилагч, гэмт хэрэгтэн мэтээр бичдэг явдал зогсохгүй байна аа. Ийм байхад л УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Худал мэдээлэл тараах буюу Эрүүгийн хуулийн 13.14.1 дэх заалтыг хуулиас нь хасах тухай хуулийн төсөл өргөн барьсан нь хачирхалтай. Эрхэм гишүүнийг эхнэрээ зодсон, улстөрчтэй саундсан тухай худал мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдахад “Хүн өөрөө тоохгүй бол худал мэдээлэл хор болохгүй” гэж лоозогнож байгаа харагдсан. Гэтэл гүтгэлэг, доромжлолыг даахаас даахгүй нь их, түүнд итгэдэг нь бүр их гэдгийг хууль тогтоогчид мэддэггүй бололтой.

Хуурамч хаягаар дамжуулан бусдын талаар худал мэдээлэл тараахаас гадна заналхийлэх, шантаажлах, залилан гэх мэт олон төрлийн гэмт хэрэг үйлддэг. Энэ болгоныг цагдаагийн байгууллага илрүүлж, хаягийг нь хаалгаж, тухайн хуурамч хаягуудыг нээсэн эзэнг олох гэж хичээдэг боловч зарим тохиолдолд олох боломж байдаггүй гэдгийг ЦЕГ ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Тайван ярилаа. Хуурамч хаягаар залилан хийдэг нөхөд өөрийнхөө биш өрөөл нэгний, бүр тодруулбал тэнэмэл амьдралтай, эсвэл хөдөө буйдханд амьдардаг малчин хөгшний нэр дээр нээлгэсэн данс ашигладаг бохир муу арга нэлээд дэлгэрсэн байх жишээтэй.

Гэхдээ троллинг, тархи угаалт, залилангийн эсрэг хамгийн үр дүнтэй арга бол өнөөдөр аливаа мэдээлэлд шууд итгэхгүй байх, нягтлах, эх сурвалжийг баталгаажуулах чадвар гэдгийг баримт шалгагч Э.Батцэцэг бидэнд хэлсэн. Э.Батцэцэгийн ажилладаг Nest гэх байгууллага нь Facebook-тэй хамтран олон нийтийн сүлжээнд байршуулсан худал, төөрөгдүүлсэн мэдээллийг нягталж, залруулах, хүмүүст бодитой мэдээллийг нь санал болгох ажлыг хийдэг. Энэ чиглэлээр хэдэн жил ажиллаад цахим ур чадварын сургалт явуулж байгаа цөөхөн байгууллагын нэг юм. Нийтээрээ хуйлардаг, өөрийн үзэл бодол нь төлөвшөөгүй, баримтад биш хэн нэгний үзэл бодолд илүүтэй итгэдэг явдал тролл, тархи угаалтын нөлөөллийг хүчтэй болгож байгааг баримт шалгагч Ч.Тамир онцолсон.