Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, нийгэмд шинэ өнгө, шинэ соёл түгээж буй хүн ам зүйн бүлэг бол Genera-tion Z юм. Тэд бусдаас ялгарч, үзэл бодолдоо үнэнч байж, нийгэмд шинэ хандлага, шинэ соёл тогтоохыг эрмэлздэгээрээ бусад үеийнхнээсээ ялгардаг.
Хүн ам зүйн судлаачдын үзэж байгаагаар, Z үеийнхэн гэх ойлголтод 1995-2015 оны хооронд төрсөн буюу 10-30 орчим настай залуусыг хамааруулдаг. Тэднийг ирээдүйн манлайлагчид, удирдагчид гэж үзэж ирсэн бөгөөд 2030 он гэхэд Z үеийнхэн дэлхийн хүн амын 29-32 хувийг эзэлнэ гэх тооцоолол бий. Гэвч ирээдүйн найдвар гэж тодорхойлогддог эдгээр үеийнхэнд тулгарч буй томоохон сорилт нь сэтгэл зүйн асуудал болоод байна. Тухайлбал, хорь гаруй насныхан 38 хувь нь “midlife crisis” буюу “дунд насны хямрал”-д өртөх болжээ. Тэд санхүүгийн тогтворгүй байдал, ажил эрхлэлтийн тодорхойгүй нөхцөл, ирээдүйн талаарх түгшүүрээс болж дунд насны хямралыг өнгөрсөн үеийнхнээс илүү залуу насандаа даван туулж байгааг Vitality сэтгүүлийн саяхан гаргасан тайланд дурджээ.
Тус тайланд дурдсанаар орчин үеийн залуус санхүүгийн тогтворгүй байдал, сэтгэцийн эрүүл мэнд, ажил мэргэжлийн тодорхойгүй байдлын дарамтаас болж дундаж насны хямралд бусад үеийнхнээс бараг 10 жилийн өмнө өртөх болсон байна. Түүнчлэн Z үеийнхэн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаас болж долоо хоног бүр нэг ажлын өдөртэй тэнцэх хэмжээний хугацаа байгааг уг тайланд онцолжээ. Энэ нь ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлж цаашид олон эдийн засаг, эрүүл мэндийн алдагдлыг учруулах эрсдэлтэй байгаа юм.
Эртэдсэн эрсдэл
Манлайлагчид гэж үзэж байсан “Z” үеийнхнийг залхуу хойрго, эрх дураараа байдлыг шүүмжилсэн хатуу үгс сүүлийн жилүүдэд цахим орчинд нэлээдгүй өрнөсөн билээ. Гэвч тэрхүү шүүмжлэлтэй өрсөж тэмцэн өөрчлөлт авчрахыг хүссэн Z үеийнхэнд сэтгэл зүйн томоохон сорилтууд тулгарах болжээ. Тухайлбал, сэтгэл гутрал, дундаж насны хямрал тэдний “хаалгыг тогшиж” эхэлжээ. Өмнө нь дундаж насны хямрал нь зөвхөн 35-40 насанд л тохиолддог байсан бол өнөөдөр Z үеийнхэн 20 шүргэх насандаа энэ хямралд өртөх болсон байна. Тэд ирээдүйдээ илүү их санаа зовж, энэ талаар хэт их эргэцүүлэн бодох нь түгшүүр, гутралд хүргэж дунд насны хямралд эрт өртөх түлхэц болж байгаа аж.
Шинэ шаардлага
Z үеийнхэн бусад үеийнхнээс илүү сэтгэл зүйн тал дээр анхаарал хандуулж, сэтгэцийн эрүүл мэндэд хамгийн их ач холбогдол өгдөг гэдгээрээ онцлогтой. Тухайлбал, тэд сэтгэл зүйн тайван байдлаа чухалчлахаас гадна өөрт тааламжгүй байдал үүсгэхэд тун дүргүй. Тийм ч учраас сэтгэл зүйн хувьд таарамжгүй мэдрэмж авсан үед даван туулж, дасан зохицохоос илүүтэй орчноо өөрчлөхийг хүсэх нь элбэг аж. Энэ нь тэднийг нэг ажлын байран дээр удаан, тогтвортой ажиллахад сул тал болдог байна. Түүнчлэн Z үеийнхэн ажилд орохдоо хувь хүний хөгжил болоод мэргэжлийн ур чадварын хувьд өсөлт дэвшил гаргах өндөр хүлээлт тавьсан байдаг. Гэвч ажлын байран дээр уламжлалт хэв маяг, дарамт шахалт, үндэслэлгүйгээр ажлаас халах зэрэг асуудал тулгардаг нь тэдний хүлээлтийг үгүй хийж орхидог байна. Судалгаанаас харахад, Z үеийн дөрвөн хүний тутмын нэг нь ажилдаа сэтгэл хангалуун бус байдаг бол 20 хувь нь ажлаасаа гарах хүсэлтэй байдаг аж. 2022 онд АНУ-ийн “McK insey & Company “-ны гаргасан судалгаагаар энэ үеийнхэн хувиараа хөдөлмөр эрхлэх, нэг дор олон ажил хийх сонирхолтой байдаг нь тогтоогджээ. Уг судалгааны тайланд Z үеийн ажилчид сэтгэл зүйн тав тух болон амьдралын тэнцвэрийг хамгийн чухал зүйлсийн нэг гэж үздэг талаар мөн өгүүлсэн байна. Судалгаанд оролцсон энэ үеийнхний 40 хувь нь сэтгэл зүйн дэмжлэг, уян хатан ажлын цаг, мөн хувийн амьдралын тэнцвэрийг хадгалах боломж нь ажлын байранд удаан хугацаагаар үлдэх хамгийн том шалтгаан гэж хариулсан байдаг.

"Бидний ажил хийж байгаа болон явуулж буй хөшүүрэг трактор шиг байна. Z үеийнхэнд тавьж буй хатуу шаардлага тэдэнд таалагдахгүй байна. Ажлын 8 цагийн 2 цагийг цахим болгомоор байна. Зарим орон ажлын 4 өдөр рүү шилжиж байгаа нь тэдний эрх ашигт нийцүүлж байгаа хэрэг. Бид сэтгэлгээгээ өөрчилж, уян хатан харилцааны чиг хандлага руу шилжих цаг нь болжээ."
Иймд Z үеийнхнийг ажиллуулахад хамгийн чухал зүйл бол тэдний арга барил, сэтгэл зүйг ойлгох юм. АНУ-д, ялангуяа технологийн салбарт буюу Facebook, Google, Microsoft зэрэг толгой компаниуд Z үеийнхэнтэй ажиллахад тусгайлсан гибрид буюу хосолмол ажиллах орчныг бүрдүүлж байна. Энэ нь ажилчдынхаа сэтгэл зүйн хэрэгцээг хангах, уян хатан орчин бүрдүүлэх зорилготой аж. Тухайлбал, гибрид ажиллах загвар нь ажилчдад тогтмол ажлын байран дээр ажиллах шаардлагагүй, гэрээсээ ажиллах боломж олгодог байна. Мөн илүү сэтгэл зүйн тав тухтай байдал болон цагийн уян хатан байдлыг бий болгоход анхаарч буй аж. Энэ нь тэднийг ажлын байран дээр сэтгэл ханамжтай удаан тогтвортой ажиллахад тусалдаг байна.
Төгс төгөлдрийн төлөөс
Generation Z үеийнхэн XXI зуунд мэдээллийн асар хурдтай солилцоонд өсөж торнисон хүмүүс гэдгээрээ онцлог. Иймд тэд бусад үеийнхнээсээ илүү сошиал медиа дээр их цагыг өнгөрүүдэг билээ. Гэвч тэд үүнээсээ болж сошиал медиагаас үүдэлтэй сэтгэл зүйн дарамтад ихээр өртдөг аж. Тухайлбал, тэд сошиал дээрх “perfect life” буюу төгс амьдралын дүр төрхийг харж бусдын амьдралтай өөрийгөө харьцуулдаг. Үүний улмаас тэд сэтгэл зүйн дарамтад орж, өөртөө эргэлзэх, амьдрал утга учиргүй байгаагаар мэдрэх зэргээр стресс, түгшүүрт өртдөг байна.
Эдгээр залуу үеийнхэнд амжилтад хүрэх өндөр хүлээлт тавьж байгаа ч, зорилгодоо хүрэхэд тулгарч буй бэрхшээлүүд нь тэдний сэтгэл санаагаар унагаах, сэтгэл зүйн дарамтад оруулахад хүргэж буй. Өнөөгийн нийгэмд амжилттай байх, төгс төгөлдөр амьдрахыг залууст ихээхэн шаарддаг болсон. Тэднээс өндөр амжилт хүлээх, өөрийн орон зайг бүтээх, амьдралын зорилгодоо хүрэх гэх мэт олон өндөр шаардлага нь залуу үеийнхнийг сэтгэл зүйн дарамтад оруулах шалтгаан болж байна. Иймд тэднээс төгс чадвар, шаардлагыг хүсэхээс илүү ярилцаж, илүү бодит байдлыг хүлээн зөвшөөрөхөд туслах нь ирээдүй болсон залуу үеэ дэмжих хамгийн чухал юм.