Австрийн Виллах хотод өнгөрсөн бямба гарагт хүйтэн мэсээр халдлага үйлдсэн хэрэг гарчээ. Уг халдлагын үеэр 14 настай хүү газар дээрээ амиа алдаж таван хүн шархадсан байна. Шархадсан хүмүүсийн хоёрынх нь биеийн байдал ноцтой байгаа бөгөөд тэдний дунд 15 настай хоёр хүү байгаа юм.

Халдлага үйлдсэн этгээдийг цагдаа нар баривчилсан. Гэмт этгээд нь Сири улсаас орогнол хүсэхээр ирсэн 23 настай эрэгтэй байжээ. Тэрээр Австрид оршин суух эрхийн бичигтэй, өмнө нь ямар нэг гэмт хэргээр цагдаад бүртгэгдэж байгаагүй гэдгийг тогтоожээ.

Сэжигтэн Виллах хотын гудамжаар явж байсан хүмүүс рүү эвхдэг хутгаар дайрсан байна. Хоол хүргэлтийн машинтай явж байсан Сирийн өөр нэг орогнол хүсэгч түүнийг машинаараа зогсоожээ.

Хамгийн сүүлд Австри улсад таван жилийн өмнө 2020 онд Исламын улс бүлэгтэй холбоотой жихадистын халдлага болж байсан. Энэ үеэр нийслэл Вена хотод галт зэвсгээр халдлага үйлдэгдэж, дөрвөн хүн амиа алджээ.

Харин энэ удаагийн халдлага нь таван жилийн өмнөхтэй жил Исламын шашны сэдэлтэй халдлага болсон гэж үзэж буйгаа Австрийн Дотоод хэргийн сайд Герхард Карнер мэдэгджээ.

Хүйтэн мэсэнд амиа алдсан 14 настай хүүгийн дурсгалд Виллах хотын иргэд, оршин суугчид хүндэтгэл үзүүлж байна. Халдлага болсон газарт лаа асааж, цэцэг тавьжээ.

Сэжигтний амьдарч байсан орон сууцад цагдаа нар нэгжлэг хийсэн. Ингэхэд исламын шашны хэт даврагч гэдгийг нь нотлох баримтууд олдсон байна. Тухайлбал гэрийнхээ хана дээр Исламын улс зэвсэгт бүлгийг далбааг өлгөсөн байжээ.

Австри улсад Сирийн 100,000 орчим дүрвэгч орогнол хүсэн амьдардаг байна. 2011 онд Сири улсад иргэний дайн гарснаас хойш олон зуун мянган иргэн хилийн чанад руу дүрвэсэн. Харин өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Сирийн босогчид ялж Ерөнхийлөгч асан Башар аль Ассадын дэглэм нурж, Ассад гэр бүлийнхээ хамт эх орноо орхин явсан. Үүний дараа шилжилтийн Засгийн газар байгуулагдаж эхэлсэн. Тиймээс Австри зэрэг Европын хэд хэдэн улс Сирийн дүрвэгч цагаач иргэдэд орогнох зөвшөөрөл олгохоо зогсоогоод байгаа юм.

Австри улсад хүйтэн мэсний халдлага гарахаас хоёр хоногийн өмнө ХБНГУ-ын Мюнхен хотод автомшинтай этгээд ажил хаялт зарласан жагсагчид руу дайрч хоёр настай охиныг ээжийнх нь хамт хороосон. Мөн 37 хүнийг гэмтээж бэртээсэн. Уг халдлагыг Афганистанаас орогнол хүсэхээр ирсэн 24 настай этгээд үйлдсэн. Германы цагдаа нар уг сэжигтнийг исламын шашны хэт даврагч бөгөөд шашны сэдэлтэйгээр халдлага үйлдсэн байж болзошгүй гэж үзсэн юм.