Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Д.Ирмүүнзаяа “Нийслэл хотод энэ онд 25 сургууль, 50 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ сард хоёр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг улсын комисс хүлээж аваад байна. 2024 онд цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон сууцны хотхон, хороолол төвлөрсөн, төрийн өмчийн сургууль, цэцэрлэггүй хороодод газар чөлөөлөх ажлыг зохион байгуулсан. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 24 дүгээр хороо Алтай хотхон орчимд, Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Кинг Тауэр, Маршал таун орчимд газар чөлөөлөлт хийж, сургууль, цэцэрлэг барих хөрөнгийг улс, нийслэлийн төсөвт тусган баталсан” гэв.
2024 онд газар чөлөөлсөн байршлуудад энэ онд сургууль, цэцэрлэг барих юм. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 960 хүүхдийн суудалтай сургууль барихаар газрыг чөлөөлж, хөрөнгийг шийджээ. Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Гурван булаг сод” ХХК шалгарч, барилга угсралтын ажил 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 200 ортой цэцэрлэгийн барилга барихаар 2024 онд газрын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Төслийн гүйцэтгэгчээр “Юувоку” ХХК шалгарч, барилга угсралтын ажлыг дөрөвдүгээр сард эхлүүлэхээр бэлтгэж байгаа аж.