Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Засгийн газраас Гашуунсухайт-Ганц модны төмөр замын холболтын асуудлаарх хэлэлцээрт гарын үсэг зурах үеэр ажлын хэсгүүдийн шийдвэрлэсэн асуудлуудад давхар гарын үсэг зурах эрх олголоо. Хэлэлцээрт гарын үсэг зурагдсаны дараа УИХ-аар хэлэлцүүлж, соёрхон батлуулна. Үүний дараа компани хоорондын гэрээний асуудал үргэлжилнэ.

УИХ-ын Авулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооноос Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан бид хоёрт гэрээнд гарын үсэг зураг зөвшөөрөл олгосон. Энэ үеэр гишүүд гэрээний зарим заалтыг сайжруулах шаардлагатай байгааг хэлсэн. Тухайлбал, Д.Энхтүвшин гишүүн сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой заалтуудыг илүү тодорхой болгохыг анхааруулсан. Үүний дагуу илүү тодорхой, ойлгомжтой болгож байгаа.

Төмөр замаа холбох, нүүрс худалдаалах, Тавантолгойн ордын олборлолтыг нэмэгдүүлэх гэсэн гурван гэрээ байгуулна. Энэхүү гурван гэрээ нь эцэслэгдэн батлагдсан даруудаа зэрэг хэрэгжиж эхэлнэ.

"Эрдэнэс Тавантолгой" ХК өнөөдөр дээд хүчин чадлаараа буюу жилд 30 сая тонн орчим нүүрсийг олборлож экспортод гаргаж байгаа. Төмөр замын бүтээн байгуулалт хийгдэж ашиглалтад орох хүртэлх таван жилийн хугацаанд 27 сая тонн нүүрсийг өөрсдийн дотоод эх үүсвэрээ дайчилж одоогийн олборлолтыг нэмэгдүүлэх байдлаар олборлоно. Цаашид 2030 оноос Монгол Улс төмөр замын хил холболтуудаа хийвэл жилийнхээ экспортыг 160 сая тонноос дээш гаргах зорилго тавьсан байгаа. Тэгэхээр бид зайлшгүй шинэ орд газар ашиглах буюу шинэ ам нээж тэндээсээ нэмэлт олборлолт хийх шаардлагатай. Уурхайн хүчин чадал нэмэгдүүлэх тал дээр тодорхой өөрчлөлт ороогүй" гэлээ.