Монгол Улсын Батлан хамгаалах яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Монгол цэргийн музей, Дорнод аймгийн музей хамтран “Түүхэнд мөнхөрсөн хошой баатар, Маршал Х.Чойбалсан-130" тусгай үзэсгэлэнг олон нийтэд нээлттэй толилуулж байна.
Монгол цэргийн түүхэнд "Өрлөг жанжин" буюу "Маршал" цэргийн дээд цол хүртсэн гурван хүний нэг нь Хорлоогийн Чойбалсан билээ. Түүний цэрэг, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа 1920-д оны сүүлчээс эхэлж, журамт цэргийн суртал номлогчоос ЦЯЯ-ны сайд бөгөөд Бүх цэргийн жанжин хүртэл дэвшин ажиллаж, Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлж, эрх чөлөө тусгаар тогтнолыг бидэнд үлдээсэн нь юугаар ч үнэлж баршгүй гавьяа билээ.
Тус үзэсгэлэнд Монголын Үндэсний музей, Монгол цэргийн музейн сан хөмрөгөөс БНМАУ-ын хошой баатар, маршал Х.Чойбалсангийн эдлэж хэрэглэж байсан Маршалын иж бүрэн дүрэмт хувцас, шинель, папах малгай, савхин дээл, нөмрөг, шатар, бичгийн хэрэглэл, ширээний хонх, энгэрийн цаг, дуран, зөвлөгөөний ширээ, БНМАУ-ын баатрын үнэмлэх, буу, сэлэм зэрэг 130 биет үзмэр, 40 гаруй гэрэл зураг, нэрт уран бүтээлчдийн 10 гаруй уран зураг, Батлан хамгаалахын төв архиваас 20 орчим архивын ховор баримт зэрэг нийт 200 орчим биет үзмэр, баримт материалыг дэглэн үзэгч олны хүртээл болгож байна.
Энэхүү үзэсгэлэнгийн нээлтийн ёслол маргааш буюу 2025 оны хоёрдугаар сарын 8-нд 11.40 цагаас Монгол цэргийн музейн үзэсгэлэнгийн танхимд болно.
Үзэсгэлэн хоёрдугаар сарын 8-наас гуравдугаар сарын 25-ныг хүртэл олон нийтийн хүртээл болох юм.