
Монгол Улсад өнөөдрийн хүртэл 1999 онд баталсан Гэр бүлийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг аль 2019 оноос ярьж, боловсруулсан ч өнөөдрийн хүртэл эцэслэн батлаагүй байна. Энэ зуур гэр бүл салалт улам гаарч, бүтэн бүлд өсөх хүүхдийн эрх тэр хэрээр хязгаарлагдаж буй. Шинэ гэр бүлийн хэв маягууд ч нийгэмд бий болж байгаа нь эрх зүйн хүрээнд тэдгээрийн эрх, үүргийг хуульчлах хэрэгцээг үүсгэж буй талаар хуульч Т.Хонгортой ярилцлаа.
-Гэрлэлтийн гэрээ гэх ойлголт бий болжээ. Энэ талаар ярилцлагаа эхэлье. Гэрлэгсэд гэрээ хийх тухай агуулга одоо хэрэгжиж буй гэр бүлийн тухай хуульд бий юу?
-Гэрлэгсдийн эд хөрөнгийн эрхийн гэрээг Монгол Улсын Иргэний хуулиар хуульчилсан байдаг ч манай улсын иргэдийн дунд гэрээ байгуулах тухай хууль зүйн ойлголт хангалтгүй байна. Тухайн гэрээг гэрлэлт батлахын өмнө ч хийж болдог. Гэрлэсний дараа ч хийж болно. Гэхдээ эд хөрөнгийн гэрээгээр зөвхөн хөрөнгийн асуудал яригдана. Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэл, мал, хадгаламж, оюуны бүтээл зэрэг хөрөнгүүд эд хөрөнгийн гэрээнд орно. Улмаар гэрээнд гэрлэлт батлахаас өмнө хэнд нь ямар хөрөнгө байсан хийгээд баталснаар ямар хөрөнгө бий болсон гэдгийг тодорхой болгодог. Мөн гэрлэлтийн харилцаа дуусгавар болвол ямар хөрөнгийг хэрхэн хуваах тухай асуудлыг тусгадаг.
-Зарим хуулийн фирм гэрлэлтийн тусгайлсан гэрээ хийдэг. Энэ юугаараа ялгаатай вэ. Ингэж нэмэлт гэрээ хийлгэхийн ач холбогдлын талаар мэдээлэхгүй юу?
-Иргэдийн хүсээд байгаа зүйлийг хуулийн фирмүүд хийдэг. Гэр бүл салах шалтгаан хаанаас үүдсэн гэдгээс шалтгаалан хөрөнгөө хуваах асуудлыг гэрээнд хавсралт байдлаар оруулж өгдөг. Гэр бүл салж байгаа хамгийн том шалтгаан гэр бүлээс гадуурх харилцаа болон хүчирхийлэл байдаг. Тиймээс ийм асуудал үүсвэл хэрхэх тухай баталгаа гэсэн үг. Манай дээр гэхэд 10 гаруй хуудас гэрээ хийгдэж байгаа. Гэрлэгсдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулж өгөөд, дараагийн хавсралтаар нь эхнэр, нөхрийн эдлэх эрх, үүргийг нарийвчилдаг. Тухайлбал, хувийн орон зайг нь хүндэтгэх, аав, ээжийгээ гэр бүлийн асуудалдаа оролцуулахгүй байх, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэхгүй гэхчлэн олон асуудлыг тусгадаг. Улмаар хосууд баталгаа гаргаад, нотариатаар батлуулдаг гэсэн үг. Ач холбогдол нь гэвэл, ерөөсөө л гэрлэлт, гэр бүлийнх нь баталгаа болдог.
-Гэрээ хийлгэдэг гэр бүл хэр түгээмэл вэ?
-Цахим хэрэглээ хөгжиж, гэр бүлийн харилцаатай холбоотой мэдээлэл их гарах болсноор гэрлэлтээ батлуулах, хуульчаас зөвлөгөө авах хүний тоо харьцангуй нэмэгдсэн. Гэр бүлийн харилцаагаа бат бөх, хариуцлагатай байхыг тулд гэрээ хийх хэрэгтэй гэж үзэх хүн олон. Гэхдээ олонх иргэн гэрлэлтийн гэрээг эсэргүүцдэг. Тоо хэлбэл, 100-ны 4-5 хувь нь л энэ төрлийн гэрээ хийлгэж байгаа. Гэрлэгсдийн боловсрол, хүрээлэл, амьдарч байгаа орчин зэрэг их нөлөөлдөг.
-Хамтран амьдрагч гэх нэршил сүүлийн жилүүдэд түгээмэл хэрэглэгдэх болсон. Гэрлэлтээ батлуулахгүйгээр хамтран амьдарч, дундын хөрөнгө, үр хүүхэдтэй болж буй өрх олон бий. Тэд эрх зүйн хүрээнд эхнэр, нөхрийн эрх хийгээд үүрэг хүлээдэг үү?
-Гэрлэгчид бол гэрлэлтээ батлуулсан, хууль ёсны эхнэр нөхрийг хэлнэ. Харин хамтран амьдрагч гэдэг нь эхнэр, нөхөр гэх нэр томъёонд хамаарахгүй. Гэхдээ 5-аас дээш жил хамт амьдарсан бол гэр бүл гэж үзнэ гэсэн хуулийн зохицуулалт бий. Хамтран амьдрагчид гэрлэлтээ батлуулаагүй, үр хүүхэд, эд хөрөнгөтэй болчихсон хойноо салах тохиолдол бий. Ийм үед эд хөрөнгө, үр хүүхдээ булаацалдах тохиолдол гардаг. Хамтран амьдрагчдын дундаас үр хүүхэд төрсөн бол эцэг, эхийн үүрэг хүлээдэг. Гэрлэлтийн батлахтай бол эрх, үүрэг нь илүү өндөр болно. Тиймээс хүнтэй хамт амьдрах гэж байгаа бол гэрлэлтээ батлуулах нь зүй. Гэрлэлт батлуулаагүйн улмаас олон эрсдэл үүснэ. Жишээ хэлье л дээ. Хэн нэгэнтэй гэрлэлтээ батлуулахгүй хамтран амьдраад, дундаасаа хөрөнгөтэй болсон байлаа гэж бодъё. Гэтэл нөгөө хүн нь өөр нэгэнтэй өмнө нь гэрлэлтээ батлуулаад, түүнийгээ цуцлуулаагүй бол дундаа үүсгэсэн хөрөнгийг гуравдагч хүн булаацалдах эрсдэл үүснэ.
-Монгол Улсын гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсан байдаг. Энэ хууль өнөөгийн нийгмийн, гэр бүлийн асуудал, хэрэгцээг зохицуулахад нийцтэй байж чаддаггүй байх?
-Одоо Монгол Улсад 1999 оны гэр бүлийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Тиймээс энэ хууль цаг үеэсээ хоцорсон. Мөн гэр бүлийн тухайг хуулийг бүрэн шинэчилж, хамтран амьдрагчийн эрх үүрэг хариуцлага болоод гэрлэлтийн батлахтай эхнэр, нөхрийн эрх, үүрэг хариуцлагыг илүү нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн хүүхэд 18 нас хүртлээ ээж, аавтайгаа ямар харилцаатай байх вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй.
-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдахгүй, дуншсаар л байна. Үүнийг та хэрхэн харж байгаа вэ?
-Гэр бүлийн тухай хуулийн төсөл одоо ч батлагдаагүй байна. Хууль батлах учиртай хүмүүс энэ хуулийг батлахыг хүсэхгүй байна уу гэж хардаж байгаа.
-Монголчууд бэр гуйх, хуримаа хийснээр өрх тусгааралалаа гэж үздэг. Үүнийг хуульд хэрхэн хүлээж авдаг вэ?
Бэр гуйх, хуримаа хийх бол ёс заншлийн асуудал. Энэ зүйлийг хуульд нарийн тусгаж, хуульчлаагүй. Эрх зүйн хүрээнд бол гэрлэлтийн баталгааг л үндэслэнэ. Гэхдээ бэр гуйсан, хурим хийсэн фото зураг, бичлэг зэргээ хамт амьдарч байснаа нотлох боломжтой.
-Гэр бүлийн тухай асуудал шүүх дээр шаггүй ачаалал үүсгэдэг. Хуулийн чамбайруулж чадвал энэ ачааллыг бууруулах боломжтой байх?
-Гэр бүл гэдэг улсын хамгийн чухал нэгж. Тиймээс Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яаралтай батлах хэрэгтэй. Гэр бүлийн тухай хуулиар асуудлуудыг нарийн тодорхой болгох хэрэгтэй. Хүүхдийг төрмөгц нь эцэг, тогтоолгох шинжилгээ хийлгэдэг байх зэргийг шийдвэрлэснээр элдэв асуудлыг шийдвэрлэх боломжтой. Мөн бэр гуйх, хуримаа хийх зэрэг харилцааг ч тодорхой болгож болно. Ингэснээр, шүүхийн ачаалал ч эрс буурна. Энэ минийд дундын хөрөнгө мөн, биш. Миний хүүхэд мөн биш, гэрлэлтийн баталгаатай, баталгаагүй гэх мэт маргаан шүүх дээр маш их ачаалал бий болгодог.