“Meteor Garden” буюу монголчуудын “Солирын од” хэмээн орчуулсан Тайванийн олон ангит уран сайхны киноны гол дүрд тоглосон жүжигчин Барби Шү таалал төгссөн харамсалтай мэдээг олон улсын хэвлэлүүд дамжууллаа. Тэрээр Япон улсад амарч байхдаа томуугаар халдварлаж, улмаар уушгины хатгалгаа болон хүндэрснээс 48 насандаа таалал төгссөн байна.
Жүжигчин, дуучин төдийгүй телевизийн алдартай хөтлөгч байсан Барби Шүгийн дүү Ди Шү өнөөдөр Тайванийн телевизэд эгчийнхээ үхлийн талаар анхлан мэдээлжээ. Ди Шүгийн хэлснээр цагаан сарын баярыг тохиолдуулан гэр бүлээрээ амрахаар Япон улс руу явсан байна. Харамсалтай нь Барби Шү томуу тусаж, уушгины хатгалгаа болон хүндэрснээр хорвоог орхижээ. Дүүгийнх нь мэдэгдэлд “Амьдралынхаа туршид хүн бүрт санаа тавьж, халамжилдаг байсан эгчдээ талархах болно. Түүнийг үргэлж санан дурсана” гэжээ. Даваа гарагт албан ёсны мэдэгдэл гарахаас өмнө Барби Шүг таалал төгссөн тухай цуу яриа Facebook цахим сүлжээнд өчигдрөөс эхлэн тархсан байна. Уг цуу яриа баталгаажсанаар түүний шүтэн бишрэгчид олон нийтийн цахим сүлжээнүүдээр дамжуулан эмгэнэл илэрхийлсээр байна.
Эгч дүү Шү өсвөр насны хүүхдүүд байхдаа телевизийн нэвтрүүлэг хөтөлж урлагийн замналаа эхлүүлж байжээ. 2001 онд 25 настайдаа “Солирын од” цувралд Санцай охины дүрд тоглосноор түүний нэр хүнд оргил үедээ хүрсэн байна. Тус киноны ачаар Барби Шү зөвхөн хятад хэлээр ярьдаг орнуудаас гадна Филиппин, Тайланд, Индонез улсуудад ч од болон гялалзсан юм. Мөн кинонд Тайванийн F4 хамтлагийн гишүүд тоглосон бөгөөд уг зохиол Япон, Өмнөд Солонгос, Хятад, Энэтхэг улсуудад олон ангит бүрэн хэмжээний кино болон бүтээгджээ.
“Meteor Garden” гэдэг нэр нь 1990-ээд оны үед Японд гарч байсан манга цувралын нэр юм байна. “Солирын од” кинонд Барби Шүтэй хамтран тоглосон уран бүтээлчид нь ч гэнэтийн мэдээнд ихээхэн цочирдож хүлээж авсан тухайгаа Хятадын Weibo цахим сүлжээнд хуваалцжээ.
Алдартай цувралаас гадна Барби Шүгийн хувийн амьдрал, хайр дурлалын түүх нь хэдхэн жилийн өмнө олон нийтийн анхаарлыг татаж, хэвлэлүүдийн онцлох гарчиг болж байсан юм. Тэрээр 2011 онд Хятадын нэртэй бизнес эрхлэгч Ван Шиаофэйтэй гэрлэж, арван жилийн дараа гэр бүлээ цуцлуулсан. Тэд Хятадын алдартай хосуудын нэг байсн бөгөөд хоёр хүүхэдтэй болжээ. Тэдний гэрлэлт олны анхаарлын төвд байсантай адил салалт нь ч мөн олныг гайхшруулсан байна. Гэр бүлээ цуцлуулснаасаа хойш гурван сарын дараа Барби Шү Өмнөд Солонгосын дуучин, хөгжмийн зохиолч, продюссер Dj Koo буюу Ко Жун Юптай 2022 оны гуравдугаар сард гэрлэсэн юм. Тэд 20 гаруй жилийн өмнө анх биенээ олж, болзож байсан тухай хуваалцсан нь цахим сүлжээнд хамгийн өндөр хандалттай үйл явдал болж байжээ. Барбийг нөхрөөсөө салсны дараа Ко Жун Юп холбоо барьснаар тэдний хайр дурлалын харилцаа эргэн сэргэсэн юм.