Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд ХХОАТ, ААНОАТ, НӨАТ-ын хуулиудад ямар өөрчлөлт орох талаар ажлын хэсгийн гишүүд мэдээлэл өглөө
Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд 120 мянган иргэн, аж ахуйн нэгжээс санал авсан байна. Татварын багц хууль дөрөв дэх удаагаа шинэчлэгдэх асуудал яригдаж байна. 2020 оноос хойш ДНБ хоёр дахин томорсон. 2024-2028 оны Монгол Улсын Засгийн газрын хөгжлийн төлөвлөгөө УИХ-аар орж батлагдсан. Татвар төлөгчид, иргэд, эдийн засгийн эрдэмтдийн саналд үндэслэн дараах саналуудыг Татварын тухай багц хуульд тусгуулахаар өнөөдөр Сангийн яамд хүргүүлэхээр шийдлээ. Нэгдүгээрт, НӨАТ-ын тухай хуульд шаталсан албан татварын тогтолцоог нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Энэ нь амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод түвшинтэй уялдах юм.
Иргэн бүр худалдан авалтынхаа эхний босго дүнгээр 100 хувийн буцаалтыг авдаг байхаар тооцоолсон. Тухайлбал, 500 хүртэлх мянган төгрөгийн худалдан авалтын 100 хувь, 500-800 мянган төгрөгийн худалдан авалтын 50 хувь, 800 мянгаас дээш худалдан авалтад 20 хувийн татварын буцаалт авдаг байх нь зүйтэй гэж үзлээ. Үүнийг сүүлийн жилд 20 гаруй орон хэрэглэдэг шаталсан аргачлал юм. НӨАТ-гүй бараа авах, зарах байдал байхгүй болно гэсэн үг. ААН-үүдийн хувьд хуримтлалтай холбоотой асуудал тулгардаг. НӨАТ төлөх ААН-үүдэд тодорхой хугацаа өгөх шаардлагатай гэж үзсэн. Импортоор бараа авахад гаалийн татвар, НӨАТ урьдчилж давхар төлдөг. Тиймээс 2-3 сар хугацаа өгч НӨАТ өгдөг байх нь зүйтэй гэж үзсэн.
ХХОАТ-ийг дээд хэмжээг 10 хувиар тогтоох, мөн шаталсан байдлаар босго тогтоож, хөнгөлөх саналыг Сангийн яамд өглөө. ААН-ын нэмэгдсэн өртгийн албан татвар дээр ЖДҮ-г дэмжих зорилгоор 300 саяас 1 тэрбум төгрөгийн орлоготой ААН-үүд 1 хувийн татвар төлөх боломжтой байдаг, одоогийн хуулиар. Үүнийг эдийн засаг, инфляцтай уялдуулж тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх асуудлыг тусгасан. Мөн 6 тэрбумаас дээш орлоготой ААН-үүдэд шатлалыг оновчтой тогтоох шаардлагатай байна. Учир нь мөн тооны орлоготой ААН 25 хувийн татвар оногддог учир компаниа задлах, хиймлээр үүсгэх тохиолдол гардаг." гэв.