Сэтгэл зүйн эрүүл мэнд бол өнөө цагт дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа хамгийн чухал асуудлын нэг билээ. тухайлбал, дэлхий дээр дөрвөн хүн тутмын нэг нь амьдралынхаа аль нэг үед сэтгэлзүйн хямралд өртдөг гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд дурдсан байдаг. Энэ нь сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал нь дан ганцхан хувь хүний бус улс орон, дэлхий даяар хүн төрөлхтний тулгамдсан асуудал болсон гэдгийг харуулж буй. Нэг үеэ бодвол монголчууд сэтгэл зүйн асуудлыг анхаарч, чухалчилж үздэг болсон. Энэ хэрээр сэтгэл зүйн аливаа асуудалд нээлттэй хандаж, ил тод ярилцдаг, шийдэл эрэлхийлдэг болсон билээ. Гэсэн хэдий ч бид сэтгэл зүй, тэр дундаа хүний өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ шаардлагыг орхигдуулж, хэтэрхий дутуу үнэлэх хандлага байсаар байна.
Эго ба хүний хэрэгцээ
Хүний амьдрах хэрэгцээ зөвхөн бие махбодийн, хоол хүнс, нойр, ус гэх мэт зүйлсээр хязгаарлагддаггүй. Үүнд дотор сэтгэл зүйн буюу харагдах, сонсогдох, ойлгогдох хэрэгцээ чухал үүрэг гүйцэтгэдэг. Нэг үгээр хүн болгонд өөрийгөө илэрхийлэх, хүлээн зөвшөөрөгдөх, сэтгэл санаа, санаачилгаа дамжуулах, ойлгогдох хэрэгцээ шаардлага гэж бий. Энэ хэрэгцээг хангах замаар хүн өөрийн үнэт зүйлс, итгэл үнэмшлээ бий болгож, амьдралын чанараа сайжруулдаг байна. Тэгвэл энэ хэрэгцээ шаардлагыг Америкийн нийгмийн сэтгэл судлаач Брене Браун гурван үндсэн хэсэгт хувааж тодорхойлжээ.
1. ”Seen”-Харагдах хэрэгцээ
Харагдах хэрэгцээ нь хүмүүсийн нийгмийн харилцаанд оролцох, өөрийн байр сууриа олж, бусдад танигдах хүсэлтэй холбоотой. Энэ нь зөвхөн физик харагдах байдал бус харин сэтгэл санааныхаа хувьд нийгмийн болон хувийн түвшинд “би байж байна” гэдгээ бусдад харуулах хэрэгцээ юм. Хүн өөрийгөө сайн хүн, амжилттай ажилтан эсвэл нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн гэж үзүүлэх хүсэлтэй байдаг. Энэ нь тухайн хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дэмжиж, сэтгэл зүйн амар амгалан, итгэлтэй байдалд хүрэхэд тусалдаг аж.
Харагдах хэрэгцээ нь хүний нийгмийн харилцаанд оролцох, өөрийн байр суурийг олж, хүлээн зөвшөөрүүлэхэд тусалдаг аж. Сэтгэл судлаач Брене Браун энэхүү хэрэгцээг “Төрсөн гэртээ, эсвэл нийгмийн хүрээнд хүмүүс биднийг анхаарч харж, үнэлж байгааг мэдэрч байх нь бидний сэтгэлийг тайвшруулдаг” хэмээн тодорхойлжээ. Хүмүүс төрөлхөөсөө өөрсдийгөө харуулах, хүмүүсийн анхаарлын төвд байхыг хүсдэг. Хэрвээ бидний энэ хэрэгцээ хангагдахгүй бол ганцаардал, сэтгэл гутралд орох эрсдэл үүсдэг байна.
2. ”Heard”-Сонсогдох хэрэгцээ
Хүмүүс өөрсдийнхөө сэтгэл санааны байдал, бодол санаагаа бусдад илэрхийлэхийг хүсдэг. Бидний сэтгэл зүйн хэрэгцээ зөвхөн мэдрэмжээ бусдад хуваалцах төдийд төгсгөл болдоггүй. Тэр мэдрэмжийг үнэхээр хүлээн зөвшөөрч, сонсож, ойлгох нь чухал байдаг аж. Тухайлбал, сонсогдох хэрэгцээ нь сэтгэл зүйн эрүүл мэнд талаасаа чухал хэрэгцээ бөгөөд хүн хоорондын харилцааны хувьд эрүүл харилцааны чухал хэлбэр аж. Сонсогдох хэрэгцээ нь зөвхөн үгсийг сонсохоос илүү, тухайн хүний дотоод мэдрэмжийг бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэх явдал юм. Уг хэрэгцээ нь хүний сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой. Учир нь хүн өөрийн бодол санаагаа хэн нэгэнд илэрхийлэх нь сэтгэл зүйн тайван байдлыг хангаж, харилцааг гүнзгийрүүлэхэд тусалдаг аж. Сэтгэл судлаач Брене Браун энэхүү хэрэгцээг “Бид зөвхөн ярихдаа биш, тухайн хүний зүрх сэтгэлийг ойлгохыг хүсэж байдаг. Яагаад гэвэл зөвхөн сонсох нь бидний бодол санааг биш, харин түүнийг хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлдэг”гэж тайлбарласан байдаг. Хэрвээ бидэнд бусдад сонсогдох боломж олдохгүй бол уг хүнд хэцүү мэдрэмжээ тээсээр гансрах, гуниглаж, туйлдах мэдрэмжийг авах аж. Иймээс энэ хэрэгцээгээ хангасаар илүү нээлттэй, бусадтай дотно харилцаа тогтоож, сэтгэл зүйн тэнцвэрт байдал, итгэлцэл бий болгох боломжтой.
3. “Understood”-Ойлгогдох хэрэгцээ
Хүний сэтгэл зүйн хамгийн чухал хэрэгцээний нэг нь өөрийгөө ойлгуулж, бусдад бүрэн ойлгогдох хэрэгцээ юм. Ойлгогдох хэрэгцээ нь зөвхөн хүний үгсийг сонсохоос илүү, түүний сэтгэл санаа, бодол санааг, зан төрхийг, хэлсэн үгийн цаадах утга санааг бүрэн ойлгохыг шаарддаг. Бусад хүн бидний бодол, мэдрэмж, санаа бодлыг ойлгож, зөв хүлээн авч байхыг бид хүсдэг. Сэтгэл судлаач Брене Браун энэхүү хэрэгцээг “Бид зөвхөн ярьж байгаа зүйлсээ бус, өөрийнхөө гүн ухаан, мэдрэмж, сэтгэл санаа, түүнийг юу өдөөж байгааг илэрхийлэхийг хүсдэг” гэж тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, бид зөвхөн үгээр илэрхийлсэн мэдээллээ бус, бидний сэтгэл санааны байдал, тэр үгийн ард байгаа бодол санаа, мэдрэмжүүдийг бас ойлгуулж, хүлээн зөвшөөрүүлэхийг хүсдэг.
Ойлгогдох хэрэгцээ хангагдсанаар хүн хоорондын харилцаа илүү гүнзгий, үнэ цэнтэй болдог. Улмаар бусадтай зөв ойлголцож чадсанаар харилцаанд итгэлцэл, нөхөрсөг байдал бий болдог. Энэ нь гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олны дунд эерэг хандлагыг бий болгодог байна. Ийнхүү харагдах, сонсогдох, ойлгогдох хэрэгцээг хангах нь зөвхөн хувь хүний амьдралын чанарыг сайжруулах төдийгүй нийгмийн харилцааны эрүүл орчныг бий болгодог аж. Энэхүү хэрэгцээг хангаснаар бид илүү эерэг, нээлттэй харилцаа үүсгэж, хувийн болон нийгмийн түвшинд амжилттай, сэтгэл хангалуун амьдрах боломж бүрдэх аж.
Хэрэгцээний боловсрол
Монголчууд бид өөрийгөө илэрхийлж, мэдрэмжээ хуваалцаж буй нэгнийг “Энэ хүн өөрийгөө яриад эготой, дутуугийн мэдрэмжтэй, хохирогч сэтгэлзүйтэй” гэж зэмлэх нь бий. Гэтэл чухамдаа хүн болгонд өөрийгөө илэрхийлэх, үнэлүүлэх хэрэгцээ, шаардлага гэж байдаг.

"Хүн мэдрэмжээ гаргаж байж л асуудлаа хөндлөнгөөс харж, ойлгож чаддаг. Дотор байгаа бодол мэдрэмжээ гаргахгүйгээр өөрийгөө таних хэцүү. Монголчууд “Бодоод бодоод бодын шийр дөрөв” гэж ярьдаг. Хэтэрхий их бодвол тархи толгой “гашилдаг” гэдэг шүү дээ. Тиймээс бодоод байгаагаа ярих, хуваалцах чухал. Дотроо байгаа зүйлээ ил гаргах хэрэгтэй. Хүн хэн нэгэнд асуудлаа ярьж байхдаа өөрийгөө давхар ажиглаж, санаагаа ойлгож, гарцаа олох нь бий."
Энэ хэрэгцээ нь зөвхөн сэтгэл зүйн эрүүл мэндэд төдийгүй амьдралын чанарт чухал нөлөөтэй. Өөрийгөө илэрхийлэх нь зөвхөн сэтгэл санаагаа хуваалцах арга биш, харин сэтгэл зүйн тэнцвэртэй байдлыг хадгалж, амьдралын утга учрыг мэдрэх нэгэн чухал алхам гэж сэтгэл судлаачид үздэг. Иймд хүмүүсийн эдгээр хэрэгцээг ойлгож, харилцан хүлээн зөвшөөрөх нь сэтгэл зүй, нийгмийн харилцаанд чухал нөлөөтэй юм.