
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуу, томуу төсөв өвчин болон менингококкт халдварын талаар мэдээлэл өглөө.
Энэ талаар ХӨСҮТ-өөс "Менингококкт халдвар нь агаар дуслаар дамждаг нянгийн халдвар. Маш өвөрмөц тууралт арьсан дээр туурч, тархины хаван болон халдварын шокоор нас барах өндөр эрсдэлтэй өвчинд тооцогддог. Тандалтын мэдээгээр 5-10 жилийн үечлэлтэй дэгддэг гэж үздэг. 2025, 2026 он бол менингококкт халдварын дэгдэлтийн жил гэж үзэж байгаа. Ихэвчлэн 3-9 насны хүүхэд өвддөг. Өвчлөл хоёр хэлбэрээр явагдана. Менингит буюу тархины гадна бүрхүүлийн үрэвслийн шинж буюу ухаан санаа балартах, хүчтэй өвдөх, татах, огцом халуурах зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Нөгөө хэлбэр нь арьсан дээр өвөрмөц цусархаг тууралт туурна. Хөнгөн, дунд, хүнд, нэн хүнд ангиллаар өвддөг. Биеийн байдал өдрөөр биш цагаар хэмжигддэг. Налайх дүүрэгт бүртгэгдсэн тохиолдол оношлогдох гэж цаг алдсан байсан. Биеийн байдал маш хүнд байхдаа эмч дуудсан. Хүүхэд маш хүнд байсан учраас манайх хүүхдийг зөөвөрлөж авчирсан. Менингит өвчнийг үүсгэсэн нян, бактерийг тээж явдаг хүмүүс байдаг. Энэ нь ихэвчлэн түвэнх залгиурын улайсан үрэвсэлтэй насанд хүрсэн хүмүүс байдаг. Мөн тухайн өвчнөөр өвдсөн хүнтэй хавьтал болсон тохиолдолд халдвар авдаг. Зөвхөн менингитээр өвдсөн тохиолдолд нас барах эрсдэл 15, хөнгөн өвдсөн тохиолдолд 40, хүнд өвдсөн бол 95-100 хувь нь нас бардаг гэсэн дүгнэлттэй хүнд өвчин” гэсэн мэдээлэл өглөө.