Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт АНУ-д ажиллаж байна. Тэрээр "Манай улсын хувьд энхийг сахиулах ажиллагааны оролцоог гурав дахин нэмэгдүүлэхийг зорьж байгаа. Тиймээс энэ хүрээнд Америкийн талтай хийдэг цэргийн сургууль, хамтарсан дадлагыг өргөжүүлэх, энхийг сахиулах ажиллагаанд шаардлагатай зэвсэг техникийг тусламжаар авч Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж буй газар оронд хүргэх асуудлыг шийдвэрлэлээ.
Мөн ажлын айлчлалын хүрээнд АНУ-д сургах цэргийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх, Аляскийн их сургуульд энгийн иргэдийг америкийн иргэдийн нэгэн адил хөнгөлөлттэй нөхцөлөөр сургах боломж байгаа талаар санал солилцлоо.
Түүнчлэн хамтарсан сургуульд оролцож буй Монголын цэргийн багийн оролцоог салаанаас ротын хэмжээнд хүргэх талаар санал солилцож, АНУ, Канад, Монгол гурван улсын цэргийн хамтарсан сургуулийн үйл явц, зэвсэглэлд нэвтэрсэн шинэ техник технологитой газар дээр нь танилцлаа" гэв.