УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр дараах хэлэлцүүлэг өрнөв.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: -Нүүрсний том хулгай явах гээд байгаа юм биш биз дээ гэсэн хардлага төрж байна. БНХАУ-ын эрх ашгийн үүднээс хандсан заалтууд байна. Төмөр замын хил холболтын гэрээ шүү дээ. Гэтэл нүүрсний гэрээ болсон байна. Уурхайн гэрээ хийхгүй бол төмөр замын ажлыг эхлүүлэхгүй гэсэн нөхцөлтэй гэрээ байна. Бас БНХАУ-ын сэргээгдэх эрчим хүчний экспортыг дэмжих заалт байна. Хаана, аль талд ажиллаад байна вэ.

БНХАУ-ын компанудыг дэмжсэн, тус улсад 16 жил нүүрс зарах л гэрээ болсон байна. Дээрээс нь өмнөх технологиудтай адил нууцад оруулж байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан: -Таны болгоомжлолыг хүлээж авч байна. Гэрээ байгуулах, хэрэгжүүлэх шатанд хариуцлагатай ажиллана. Янз бүрийн байдлаар алдаа оноо гаргасан бол хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ хэлье.

Төмөр замын хил холболт, нүүрс худалдах, худалдан авах, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван асуудлыг салгаж ойлгохгүй гэсэн логикоор өнгөрсөн 11 жилийн хугацаанд ажлын хэсгүүд ажиллаж ирсэн.

Өргөн уудам тал нутаг, нартай, салхитай давуу байдлаа ашиглан сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж БНХАУ руу экспортлох зорилгоор оруулсан зохицуулалтууд бий.