УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хаврын морин уралдааныг эргэн сэргээхийг шаардсан морьт жагсаал болсонтой холбогдуулан мэдээлэл хийлээ.

Тэрээр "Хаврын морин уралдаан бол уламжлал биш. Өөрөөр хэлбэл, хаврын морин уралдаан нь эртнээс уламжилж ирсэн өв соёлын нэг хэсэг биш гэдгийг шүүх болон архивын ерөнхий газрын баримтаар тогтоосон. Түүнчлэн хаврын морин уралдааныг 2004 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд 15-хан жилийн түүхтэй байтал өв соёл гэж тодорхойлтлоо андуурах болсон нь улстөрчдийн асар хүчтэй нөлөө, оролцооны илрэл.

Манай улс 2004 оноос хойш Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан уралдаанд оролцсон тохиолдолд тухайн уяачид цол, чимэг олгодог хуультай болсон. Тэгэхээр энэ үеэс бид хууль ёсоор хүүхдийн эрхийг зөрчиж эхэлсэн гэсэн үг. Харин 2019 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа есдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд Хүүхдээр морь унуулж, уралдуулах, аливаа уралдаан сунгаан зохион байгуулахгүй байх тогтоолыг батлан гаргасан. Харамсалтай нь, Засгийн газрын ийм тогтоол, хоёр ч удаагийн шүүхийн шийдвэртэй боловч хууль зөрчиж ирсэн. Сонгуулийн үеэр уяачдын зүгээс “Хэрвээ та нар бидний саналыг авъя гэвэл хаврын уралдааныг сэргээ” гэх шахалт үзүүлдэг. Өнгөрсөн жилийн Цагаан сараар л гэхэд Ерөнхий сайд алдарт уяачидтай суугаад нэвтрүүлэг хийхэд хаврын уралдааныг сөхөж гаргаж байсан. Энэ бол уяачдын лобби улс төрд асар хүчтэй байдгийн илрэл.

Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан байхад хаврын уралдааныг сэргээх хүлээлтийг зохион байгуулалттайгаар үүсгээд байж болохгүй, энэ бол нийт уяачид биш цөөн хэдэн мөнгөтэй хүмүүсийн сүлжээний ажил гэдгийг орон нутгийнхан өөрсдөө сайн мэднэ. Шүүх, Засгийн газрын зүгээс цэг тавьчихаад байхад хаврын уралдааныг сэргээх хүлээлт үүсгээд байж болохгүй. Хамгийн сүүлд л гэхэд Монголын морин спорт, уяачдын холбооны их хурал Төрийн ордонд болж байх жишээний. Тэд яагаад Төрийн ордонд хурал хийж байгаа вэ гэдгээс асуудал эхэлнэ. АН-ын Б.Пүрэвдорж гишүүн жишээлбэл, энэ хуралд оройлон оролцсон. Ерөөсөө улстөрчдөө лоббидох оролдлогыг уяачид байнга гаргадаг байдлаа цаашид болих хэрэгтэй. Хүүхдийн эрхийг зөрчих гэсэн оролдлогыг бид хүлээн зөвшөөрч болохгүй. Харин томчууд өөрсдөө морио унаж, уралдахаас авахуулаад морины соёлыг түгээн дэлгэрүүлэх бүрэн боломжтой.

Хүүхдүүд морь унаж уралдсанаар унаж бэртэх, цаашлаад амиа ч алдах эрсдэлтэй. Хичээл сургууль завсардах хүртэл бүх шатанд хохирогч болж байдаг учраас хүүхдээр морь унуулахыг хэрхэвч зөвшөөрч болохгүй.

Морин соёлыг үгүй хийж байна гээд байдаг. Гэтэл бодит байдалд морин соёлыг хэн үгүй хийж байгааг бодох хэрэгтэй. Морин соёлыг тээж явах ёстой хүмүүс нь яагаад морио унаж хэрэглэхээ больчихсон юм. Яагаад мотоцикль унаад байдаг юм. Уламжлалт өв соёлоо дэлгэрүүлэх ажлыг томчууд өөрсдөөсөө эхлэх ёстой” гэв.