Энэтхэг улс 1947 онд Их Британийн колониос тусгаар тогтнолоо зарлаж байсан түүхтэй. Тусгаар тогтнолоо зарласнаас хойш 1949 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр анхны Үндсэн хуулиа баталж, Үндсэн хууль нь 1950 оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс хэрэгжиж эхэлснээр дэлхий дахин Бүгд найрамдах засаглалаа тунхаглан баталгаажуулсан юм.
Өчигдөр Шинэ Дели хотод Үндсэн хуулиа баталсны 76 дахь жилийн ойн баяраа Энэтхэгийн ард түмэн өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүллээ. Баярын өдрийг тохиолдуулан Дели хотын төв өргөн чөлөөнд уламжлал ёсоор цэргийн жагсаал зохион байгуулжээ.
Ерөнхий сайд Нарендра Моди баярт өдрийг тохиолдуулан үг хэлж, Энэтхэг улсын тусгаар тогтнолын төлөө амь биеэ өргөсөн баатруудад хүндэтгэл үзүүлсэн байна. Мөн баярыг үзэж сонирхохоор ирсэн гадаад улс орнуудын төлөөлөгчид, хөрш орнуудын удирдагчид, өмнөх засаглалын тэргүүлэгчдэд гүн талархал илэрхийлжээ.
Цэргийн жагсаал ням гарагийн өглөө 10:30 цагт эхэлж, цаг хагас үргэлжилсэн байна. Цэргийн жагсаал, баярын арга хэмжээнд гадна дотны 10,000 зочин уригджээ.
Уригдсан зочдын дунд Индонез улсын Ерөнхийлөгч Прабово Субианто багтсан байна. Тэрээр Энэтхэгийн Бүгд Найрамдах засаглалаа тогтоосны ойн өдрийг тохиолдуулан тус улсад хоёр хоногийн хугацаатай айлчилжээ. Прабово Субианто нь Индонезын Батлан хамгаалахын сайд байсан бөгөөд өнгөрсөн жилийн сонгуулиар ялж төрийн тэргүүн болсон.
Энэ жил Шинэ Делид болсон цэргийн баярын жагсаалд Индонезын армийн цэргүүд зочноор оролцсон байна. Энэтхэг улс жил бүрийн энэ өдөр хийдэг цэргийн жагсаалаараа улс орныхоо олон талт хөгжин цэцэглэлт болон армийн хүчин чадлыг дэлхий дахинд бахдан харуулдаг уламжлалтай. Тус улсын арми пуужингийн систем, өндөр хурдтай сөнөөгч онгоцууд, нисдэг тэргүүд, мотоцикл болон хөвөгч төхөөрөмжүүдийг танилцуулсан байна.
Энэтхэг Индонез улсууд Субиантогийн айлчлалын хүрээнд эрүүл мэнд, далай тэнгисийн аюулгүй байдал, дижитал технологийн салбаруудад хамтран ажиллах гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурж, нэгийгээ ах дүү хэмээн дотноор дуудсан байна. Бямба гарагт хийсэн хэвлэлийн хурал дээр Батлан хамгаалах салбарын техник, зэвсэг үйлдвэрлэл болоод ханган нийлүүлэх тал дээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал нэгдсэн тухай Нарендра Моди мэдээлжээ.
Энэтхэг улс өнгөрсөн жил 2.6 тэрбум ам.долларын зэвсэг экспортолсон байна.