
-Мөрийтэй тоглоом гэх хэллэг танай салбарт бий болжээ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
-Би 2005 оноос хойш архины хамааралтай, энэ төрлийн донтолттой хүмүүс болон тэдгээрийн гэр бүлийнхэнд зөвлөгөө өгдөг байсан. Сүүлийн хоёр жил мөрийтэй тоглоомтой холбоотой хүмүүстэй ажиллаж байна. Мөрийтэй тоглоом Монгол Улсын хувьд тахлын хэмжээнд хүрсэн. Мөрийтэй тоглоомын сэдэл, хүмүүсийг уруу татах нөхцөл хаа сайгүй байна. Манай үйлчүүлэгч нарын олонх нь “Өөрийгөө мөрийтэй тоглоомд донтоно гэж бодоогүй байсан” гэж хэлдэг. Эргэн тойрныхон нь ч гайхдаг болохыг хэлдэг. Тиймээс хүмүүсийг маш их автуулж байгаа.
-Мөрийтэй тоглоом чухам яагаад хүмүүсийн донтуулж, хамгийг нь бараад байгаа талаар сэтгэл зүйчийн өнцгөөс тайлбарлахгүй юу?
-Хүмүүс мөрий тавих болгондоо алдаггүй. Эхний үед олонх нь хождог. 20 мянган төгрөгөөр ороод 500 мянга, 50 мянгаар ороод 2 сая төгрөг болгочих жишээтэй. Ингээд хоёр сарынхаа цалинг 30 минутын дотор олчихоор хүний тархи, сэтгэл зүйд маш их хэмжээний адреналин, норадреналин, дофамин зэрэг аз жаргалын даавал ялгардаг. Үүнээс үүдэлтэй хожлын дурсамж тархинд үлдчихдэг. Хэчнээн их мөнгө алдсан ч хожлынх нь дурсамж л санаанд нь ороод, ахин, дахин тоглоод байдаг гэсэн үг. Түүнчлэн нэг доор их хэмжээний мөнгө олсон хүмүүст ажлаа хийгээд, мөнгө олоод, түүгээрээ амьдрах боломжгүй мэт санагддаг болчихдог. Тэгэхээр бусад донтолтоос ялгаатай нь маш их хэмжээний мөнгийг нэг дор авч байгаа үеийн сэтгэл хөдлөл, дурсамж, бахархах мэдрэмж тархинд дурсамжийн голомт үүсгэдэг онцлогтой.
-Ихэвчлэн ямар зан араншинтай, сэтгэл зүйн төлөвтэй хүмүүс донтолтод өртөөд байна вэ?
-Энэ талаар хийсэн нарийн судалгаа байхгүй ч туршлагаасаа анзаарахад, өөртөө хэт өндөр стандарт тавьдаг, дотоод шүүмжлэл ихтэй хүн мөрийтэй тоглоомд донтох нь элбэг. Түүнчлэн маш зарчимч, цэвэрч байх нь түгээмэл. Хүмүүст таалагдах хүсэлтэй, өөрийнхөөрөө байж чаддаггүй, өөрийнхөө нэр хүндийг их анхаардаг зан араншинтай хүн элбэг өртөөд байна уу гэж таамагладаг. Учир нь, мөрийтэй тоглоом тоглох үедээ хүн өөрийнхөөрөө байдаг бөгөөд би чадаж байна гэх мэдрэмжийг авдаг учир энэ хэрэгцээгээ хангахын тулд тоглоомд автах магадлалтай.
-Цахим мөрийтэй тоглоомыг сүүдрийн та хэрхэн хардаг вэ?
-Над дээр үйлчлүүлж байгаа хүмүүс дундаас бага нь 30 сая төгрөгийн өртэй байна. Тэрбум, тэрбумаар нь алдсан, байр, саваа барьцаалчихсан хүмүүс их ирдэг. Түүнчлэн тоглож байгаа хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэнд хийгээд биеийн эрүүл мэнд нь доройтдог. Учир нь bet тавих спортын тоглолтууд ихэнхдээ шөнө болдог. Тиймээс тоглодог хүмүүсийн нойрны хэмнэл алдагдчихсан байдаг. Энэ нь эрүүл мэндийн байдалд нь шууд нөлөө үзүүлдэг. Түүнчлэн байнгын сэтгэл түгшилт, санаа зовнилтой, уур, бухимдалтай байдаг. Мөн гэр бүлийнхэн, эргэн тойронтойгоо харилцахаа болиод, бооцоот тоглоомоо л бодно. Ингэхээр ажлын бүтээмж буурна. Гэр бүлийн харилцаа муудаж, халуун дулаан уур амьсгал байхгүй болно. Гэр бүлийнхээ санхүүд сүйрэл авчирдаг. Худлаа ярьдаг болно. Даамжирсаар гэр бүл салалтын томоохон шалтгаан болдог. Их хэмжээний өр тавьсан хүмүүс амиа хорлох оролдлого хийсэн байдаг. Тоглож байгаа хүмүүсийн олонх нь үхлийн талаар бодсон байдаг. Оролдлого хийсэн хүн ч цөөнгүй бий.
-Bet буюу бооцоот тоглоомын зар сурталчилгаа манайд ямар нэг хязгаарлалтгүй байдаг. Энэ нь ямар сөрөг үр дагавартай вэ?
-Өдөөгч болчихдог. Түүнчлэн зөвхөн нүдэнд харагдаж байгаа зүйл өдөөгч болохгүй. Тоглоом болгон өөр, өөр аятай байдаг. Тухайн аяыг сонсоход л тоглох сэдэл төрнө. Донтолт гэдэг гарвал гарчъя гээд гарчихдаг зүйл биш. Хүний тархинд донтолтын хамаарлын голомт үүсчихдэг. Тоглож байж л амьдралын таашаал мэдэрдэг болчихно гэсэн үг. Үүнийг ор үндэсгүй алга болгоно гэж байхгүй. Түүнчлэн гадаад болон дотоод өдөөгч гэж бий. Гадаад өдөөгчид, хажууд нь хүн тоглоод, мөнгө хожихыг сонсох, харах, өр нэхэгдэх, гэр бүлийнхэн нь буруутгах, чичлэх зэргийг нэрлэж болно. Харин дотоод өдөөгч нь, өөрийгөө буруутгах, түгших зэрэг орно. Дансандаа мөнгө байлгахгүй байх, дансаа хянуулах, өөрийгөө завгүй байлгах, ухаалаг утгаа солих зэрэг аргыг хүмүүс хэрэглэх нь түгээмэл. Гэхдээ энэ урт настай арга биш. Жилийн дараа, хагас жилийн дараа дахиад л тоглочихдог. Тиймээс мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авах нь зүй.
-Насны хувьд, ихэвчлэн аль үеийнхэн илүү өртөх магадлалтай байдаг вэ?
-Ихэвчлэн 25-40 насны залуучууд байдаг. Гэхдээ бага насны хүүхдүүд ч тоглодог болсон. Манай дээр хамгийн багадаа 13 настай хүүхэд үйлчлүүлж байсан. Хүүхдүүдийн тухайд, хатуу хяналттай айлын хүүхдүүд донтолтод өртөх магадлал өндөр байдаг. Хувийн орон зайг нь олгодоггүй, бүх зүйлийг нь хянадаг зэрэг айлын хүүхдүүд өөрөөрөө байх орчин хайгаад, тоглоомд донтох магадлалтай.
-Урьдчилан сэргийлэх тал дээр та юу хэлэх вэ?
-Хаа нэг буюу гэм хохиролгүй тоглож байгаа хүмүүс байдаг. Үүнийг эрсдэлгүй тоглогч гэж үздэг. Эрсдэлтэй тоглогч хэзээ бий болдог гэхээр давтамж нь ойртох, хадгаламж, хөрөнгөөрөө бооцоо тавьж тоглох тухай бодох үеэс эхэлдэг. Харин зээл авах, хадгаламжаа авах, чухал хөрөнгөө тоглоомд тавих үеэс асуудалтай тоглогч бий болдог. Гүн донтолт нь, байнга санаашрах, зүүдлэх, дансанд мөнгө ормогц тоглох зэргийг хэлнэ. Тиймээс зээл тавих, хөрөнгөө бооцоод өгөх тухай бодоод эхэлж байгаа л бол асуудал эхэлж байна гэсэн үг. Тэр цагаас тоглоомоо зогсоох нь зүй.