УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өдөр өргөн мэдүүлсэн Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Зулпхар хийв. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, С.Эрдэнэбат, Д.Ганмаа, Д.Пүрэвдаваа, Л.Энхнасан, С.Бямбацогт, Б.Пунсалмаа нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хүрээнд хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчныг нээж өгөх нь зүйтэй гэсэн саналыг хэлээд хотын хөгжлийн үзэл баримтлал, ерөнхий төлөвлөгөөг Засгийн газар батлах боломжтой эсэхийг тодруулав. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Хууль эрх зүйн хүрээнд улсын нийслэл тэр дундаа хотын үзэл баримтлал, ерөнхий төлөвлөгөөг УИХ баталдаг жишиг бий. Энэ хүрээнд “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлахаар оруулж ирээд байна. Түүхэн нийслэлийг сэргээн байгуулах, цаашдаа бодлогын зөв шийдэл гаргахын тулп УИХ хотын үзэл баримтлал, төлөвлөгөөгөө баталдаг байх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзсэн” хэмээн хариуллаа.
Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, Шинэ хот байгуулах хүрээнд хөрөнгө оруулалт татах нь чухал. Гадаад, дотоодын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт татах гол зүйл нь газар байтал үүнийг эзэмшүүлэхгүй гэснийг эргэн харах боломжтой эсэх, хотын хөгжлийн эдийн засгийн үндэс, үзэл баримтлалын талаар лавлав. Хархорум хот Монгол Улсын түүхэн нийслэл байсан, цаашид ч хот байгуулсны хойно эрэмбэ дараатайгаар нийслэл хотын статустай болгох боломжтой. Энэ утгаар асуудалд хариуцлагатай хандаж, газар төлөвлөлт, зохион байгуулалттай холбоотой асуудлыг зөв хийх ёстой гэж ажлын хэсэг үзсэн. Иймд хотын газар төлөвлөлт, зохион байгуулалтын асуудлыг Улсын Их Хурлаар танилцуулж, хуульчлагдан батлагддаг байх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэж үзсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хариултдаа тодотгов. Мөн тэрбээр хотын эдийн засгийн үндэс суурь, үзэл баримтлалын хувьд түүхэн өв соёл, үнэт зүйлээ сэргээх, хадгалах асуудалд тулгуурлан олон төрөлт аялал жуулчлалыг дэмжинэ. Бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангаж, бие даан хөгжих ёстой гэж үзсэн хэмээх нэмэлт тайлбарыг өглөө. Улмаар хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталлаа.