Сонгуулийн ерөнхий хорооноос улс төрийн намуудын төлөөлөлд “Улс төрийн намын санхүүгийн тайлангийн бүтэц, тайлагнах журам”, “Намд төрийн санхүүжилт олгох, шууд бус дэмжлэгийг шийдвэрлэх, намын санхүү болон үйл ажиллагааг тайлагнах, мэдээлэх, хяналт тавих журам”-ыг танилцуулах сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Сургалтад улс төрийн 19 намын санхүүгийн 30 гаруй мэргэжилтэн оролцсон юм. Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын ахлах шинжээч Д.Дариймаа, мэргэжилтэн Б.Амаржаргал нар “Улс төрийн намын санхүүгийн тайлангийн бүтэц, тайлагнах журам”-ыг танилцуулж, Сангийн яамны цахим систем /ebalance.mof.gov.mn/-д санхүүгийн тайлан оруулах, тайлагнах талаар зааварчилгаа өглөө. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газрын дарга Д.Баяндүүрэн, Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаа нар Намд төрийн санхүүжилт олгох, шууд бус дэмжлэгийг шийдвэрлэх, намын санхүү болон үйл ажиллагааг тайлагнах, мэдээлэх, хяналт тавих журам”-ыг танилцуулж, Улс төрийн намын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн хэрэгжилтийг хангах талаар мэдээлэл өгөв. Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт орууснаар нам дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг хуульд нийцүүлж, бүртгүүлэх хугацааг л 2025 оны арванхорёрдугаар сарын 31-нийг хүртэл хойшлуулсан. Тиймээс Улс төрийн намын тухай хуулийн бусад зохицуулалтын хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатайг сургалтын үеэр онцолсон юм. “Улс төрийн намын санхүүгийн тайлангийн бүтэц, тайлагнах журам”, “Намд төрийн санхүүжилт олгох, шууд бус дэмжлэгийг шийдвэрлэх, намын санхүү болон үйл ажиллагааг тайлагнах, мэдээлэх, хяналт тавих журам”-ыг Сонгуулийн ерөнхий хорооны www.m-election.mn цахим сайт, эрх зүйн мэдээллийн www.legalinfo.mn нэгдсэн системд байршуулсан. “Сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан” цахим систем /e-election.mn/ -д намын хандивын мэдээлэл оруулах, тайлан гаргах, тайлагнах талаар “Интерактив” ХХК-ийн бүтээгдэхүүний менежер У.Наранханд зааварчилгаа өглөө.