Matrix салоны Ерөнхий захирал, үүсгэн байгуулагч Н.Батжаргалтай үсчин, гоо сайхны салбарын орчин үеийн чиг хандлага, монгол үсчдийн ур чадвар, үйлчлүүлэгчдийн онцлог зэрэг өргөн сэдвээр ярилцлаа. Тэрбээр үсчин, гоо сайхны салбарт 20 гаруй жил ажиллаж, “Matrix-ын Бачка” тодотголоор олны хүндэтгэлийг хүлээсэн, мэргэжилтэн юм. Түүний үүсгэн байгуулсан Matrix салон нь 20 жилийн түүхтэй бөгөөд Монгол Улсад үсчин, гоо сайхны салбарын үйлчилгээний түвшинг шинэ түвшинд гаргах, үсчин гэх мэргэжлийн үнэ цэнэ, үнэлэмжийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн гоо зүйн хандлагыг төлөвшүүлэх зэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

-Сайн байна уу. Matrix салоны 20 жилийн ой 2021 онд болсон байх аа. Тэгэхээр та энэ салбарт 20 илүү жил ажилласан байж таарах нь. Бусдын гадаад үзэмж, дотоод хүчийг гоодох “шидтэй” энэ мэргэжлээр мэргэших болсон түүхээс нь ярилцлагаа эхэлье?

-Сайн байна уу. Би 1998 оноос хойш энэ салбарт ажиллаж байна. 1998 онд МУГЖ Т.Ариунаа эгч “Үггүй мордсон чи” дууныхаа клипыг хийж байсан юм. Тус клипний уран бүтээлчдийн үс засалт дээр анх ажиллаж байсан юм. Тийм болохоор 1998 онд үсчин болж байснаа тод санадаг. Би Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, “оддын үсчин” Д.Одонгоо багшийн шавь.

-Ажлын гараагаа хэрхэн эхэлж байв. Matrix салоныг нээсэн дурсамжаа хуваалцахгүй юу?

-Анх Д.Одонгоо багшийнхаа “Vidal” салонд ажилладаг байлаа. Тухайн үед үйлчлүүлэгчид маань салон нээж өгье зэрэг санал их тавьдаг байсан. Түүнийг багшдаа хэлтэл багш маань “Хэрэв чи тэгж бодож байгаа бол цүнхээ үүрээд яв” гэж хэлсэн. Уг нь би багшдаа үйлчлүүлэгчдэдээ үнэлэгдэж байгаагаа ойлгуулах санаатай тэр тухай ярьсан ч багш маань буруугаар ойлгочихсон. Би ч буруу ойлгосон гэдгийг нь тайлбарлаж чадалгүй, багшийнхаа хэлснээр цүнхээ үүрээд “Vidal” салоноосоо гарч байлаа. “Vidal” салондоо би үнэхээр хайртай байсан. Хэрэв тэгж гараагүй бол би одоо хүртэл ажиллаж л байгаа байх. Салоноосоо гарсны дараа “Vidal” салонд байсан нэг үсчин, “Smile” салонд байсан үсчинтэй хамтраад шинэ газар нээхээр төлөвлөж байгаагаа дуулгасан. Улмаар бид хамтарч ажиллахаар болсон. Гэвч удалгүй хамтарч салон нээсэн хоёр хүн маань хоёулаа салоноо орхичихсон. Ингээд намайг ганцаараа үлдэхэд байрны түрээслэгч түрээсээ бүхэлд нь өгөөд үргэлжлүүлэн ажиллах эсэхийг асуусан. Би ч саналыг хүлээж авснаар өнөөдрийн Matrix бий болсон.

-Багш нь таныг өөрийн гэсэн салон нээгээд, ажиллуулах нөөцтэй гэж хараад, танд энэ сонголтыг олгосон ч байж болох юм?

-Би бас тэгж боддог. Багш маань надад тэгж хэлээгүй бол би одоо ч тэндээ л ажиллаж байгаа. Тиймээс болох ёстой зүйл л болсон юм байна гэж боддог.

Эмэгтэй хүний үс эд, хэрэгслээс нь ч илүү үнэ цэнтэй байх учиртай

- Matrix их содон нэр. Салоныхоо нэрийг яаж өгсөн бэ?

-Бидний байрлаж байсан оффисын доор Худалдаа хөгжлийн банк үйл ажиллагаа явуулдаг байсан юм. Тус банкны ажилчид манай салонд тохирох нэрийг толь бичгээс олсон гээд Matrix гэх нэрийг санал болгож байлаа. Matrix гэдэг нь бүх зүйлийн хязгааргүйг илтгэх үг. Мөнгөний хязгааргүй, өнгөний хязгааргүй, бодлын, тооны гээд бүх юмны хязгааргүйг хэлнэ. Энэ утгаар нь бэлгэдээд, салоноо ийн нэрлэж байсан.

-Одоогоос 20 гаруй жилийн өмнө та мэргэжлээ эзэмшсэн гэлээ. Тухайн үеийн үсчдийн ур чадвар, салбарын хөгжил ямар байсан талаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Намайг анх үсчин болох үед манай улсад чадварлаг үсчин олон байсан. Тухайлбал, Ч.Болдхуяг гээд маш чадварлаг, мастер үсчин байлаа. Японы техникийг монголд нутагшуулсан гэж би хувьдаа боддог юм. Манай Д.Одонгоо багшийн багш нь л даа. Ч.Болдхуяг багш анх “Smile” гэх салоныг нээгээд, зах зээлийн үед хүмүүсийн үсийг 5 ам.доллароор засаж байсан гэдэг. Тухайн нийгмийн хамгийн карьертай хүмүүс тус салоноор үйлчлүүлдэг байсан. Үйлчлүүлэгчдээ дагаад ажилчид нь ч ур чадварын хувьд сайжирсан байх. Тухайн үеийн “Smile” салонд 6-8 үсчин маш чадварлаг үсчин ажилладаг байсан. Тэд Монголын үсчин, гоо сайхны салбарыг өнөөдрийн түвшин хүрэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж би хувьдаа боддог юм.

-“Smile” салон үсчин, гоо сайхны салбарын хөрсийг бэлтгээд, “Vidal” зэрэг салон суурийг нь бэхэлсэн байх. “Matrix”-ыг тэдний залгамж болов уу гэж хардаг?

-Анх намайг үсчин болж байхад хийсвэр, хэтэрхий гоё, бусдын анхаарал татахуйц үс засалт зонхилж байсан. Харин Одонгоогийн оддын салон гэгдэж байсан “Vidal” салон энэ хандлагыг өөрчилж, үсчин, гоо сайхны салбарын соёл төлөвшихөд үнэтэй хувь нэмэр оруулсан. Энэ зарчмыг нь “Matrix” салон үргэлжлүүлээд ажилласан. Бид урлаг, соёлынхныг хэт ганган биш тохирсон, зохисон чиг хандлага руу нь хөтөлсөн. Хүмүүс Matrix салоныг ганган, гоё болгодог гэх буруу ойлголттой байдаг. Бид хувь хүний нас, хүйс, ажил мэргэжил, онцлогт нь тохирсон өдөр тутмын, үнэ цэнтэй засалтуудыг хийж ирсэн. Мөн манай салоны зах зээл дээр нэвтрүүлсэн нэг чухал зүйл бол Office color. Одоо ч тус үйлчилгээ топ бүтээгдэхүүнээр нэрлэгддэг. Эмэгтэйчүүд үсээ будна гэхээр ганган, сортой, гял цял болно гэж төсөөлдөг. Тэр ойлголтыг нь оффисын, орчин үеийн түвшинд авчирсан гэсэн үг. Нүүрний хэлбэр, царайны болон үсний өнгө, үсний өтгөн шингэн зэргээс шалтгаалан үсэн дээр нь 88 ширхэг сорыг оруулж, бор өнгөнөөс бор өнгө рүү уусган будах будалтыг зах зээлд нэвтрүүлж байсан. Одоо хүмүүс Office color гэдгээр нь хэдийнэ мэддэг болсон. Энэ ажил маш чухал ач холбогдолтой. Эмэгтэй хүний үс засалт, үсний өнгө нь хэрэглэж байгаа эд, хэрэгслээс нь илүү үнэ цэнтэй байх учиртай. Энэ агуулгыг хүмүүст ойлгуулах гэж 20 жил энэ салбарт ажилласан байна.

-Үсчин, гоо сайхны салбарын үйлчилгээний түвшнийг сайжруулах, үсчин гэх мэргэжлийн үнэ цэнэ, үнэлэмжийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн гоо зүйн хандлагыг төлөвшүүлэх зэрэгт Matrix салоны оруулсан хувь нэмэх их болов уу гэж хэрэглэгчийн хувьд хардаг. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Matrix салоны монголын үсчин, гоо сайхны салбарт оруулсан хувь нэмрийг би маш үнэ цэнтэй гэж хэлнэ. Бидний ажиллаж, хийж бүтээж байгааг хараад олон хүн урам зориг авч, үйлчилгээний соёлоо өөрчилж, салоноо шинэчилсэн. Цаашлаад олон хүн үсчин гэх салбарыг арай өөр өнцгөөр хардаг болсон. Хамгийн, хамгийн, хамгийн гэх маш олон үзүүлэлт дээр Matrix салон нэрлэгддэг. Хамгийн олон үсчинтэй, хамгийн олон салбартай. Түүнчлэн үсчин, гоо сайхны салбарын хамгийн өндөр цалинг өгч байсан, хамгийн их маркетинг хийж байсан гээд ихийг нэрлэж болно. Мөн хүн үсээ засуулахдаа олны хөлд, зам зуур байгаа газар ордог гэх ойлголтыг эвдэж, зорьж ирдэг газар болгож чадсан. Манай салбарууд нэгдүгээр давхарт байдаггүй. Хамгийн үнэ цэнтэй байршилд, өндөр давхарт салбаруудаа нээсэн. Мөн манай хамт олны нэг амин сүнс бол монгол хүн, монгол үнэ цэн. Тухайлбал, олимп дэлхийн аваргууд Matrix салоноор үсээ засуулчихаад, амжилт үзүүлээд зогсож байгаа нь бидний хувьд маш том үнэ цэн. Мөн үсээ гоё янзлуулчихсан хүн гудамжинд гараад шүлсээ хаяхгүй, өөртөө итгэлтэй, соёлтой явна. Энэ мэтчилэн монгол хүн монголын үнэ цэн гэх зарчмаар ажилласнаар монгол салон өнөөдрийн зэрэгт үйл ажиллагаа явуулж байгаа.

-Танай салоны цаашдын төлөвлөгөө, алсын хараа юу вэ?

-2025 онд бид үйлчилгээний маш том системийг салбартаа нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн энэ оноос Монгол Улсын үсчин, гоо сайхны салбарт анхдагч гэж хэлж болох нэг бодлого нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа. Цаг нь болохоор мэдээллээ хүргэнэ ээ. Matrix салон 30 насныхаа босгон дээр байна. Тиймээс цаашдаа өндөр далайцтай, том амбицтай ажиллана. 2025 онд бидний зорьж буй өөр нэг зүйл нь, АНУ-д дэлхийн түвшинд өрсөлдөхүйц салбар нээхээр төлөвлөж байна. Манай салон анх нээгдсэн цагаасаа эхлээд л маш их судалгаа хийсэн. Компанийн засаглал, компанийн эрх чөлөө, хүмүүсийн хөгжил, ажилтан, компани хоёулаа ашигтай байхын тулд ямар зарчмаар ажиллах вэ зэргийг бодож, төлөвлөж ирсэн. Үүний үндсэн дээр өнөөдөр Matrix салон захирал нь байхгүй хоёр жил болоход үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр л байна. Эндээс бид ямар сайн судалгаа, төлөвлөгөөтэй, ямар дотортой ажиллаж ирсэн нь харагдах болов уу гэж найдаж байна.

Монгол залуучууд тэмцэж байгаа ч ажиллахад, бизнес эрхлэхэд бэрх нөхцөлд амьдарч байна

-Монголын үсчин, гоо сайхны салбар олон улстай харьцуулахад аль хавьд яваа гэж та хардаг вэ?

-Манай улсын үсчин, гоо сайхны салбар дэлхийд тэргүүлэх түвшинд байгаа. Хүмүүс үүнийг тэмцээн, уралдаанаар хэмжих гэдэг. Үнэн хэрэгтээ үйлчилгээний соёл, нийгэмд үзүүлж байгаа нөлөө зэргээр нь харвал дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэнэ гэхэд ч хилсдэхгүй. Тухайлбал, Дубайн баячуудын шоуг үзэхээр тэнд байгаа хүмүүсийн үс засалт манай 1990 оны хэв маяг байх жишээтэй. Мөн АНУ-д хүн болгон үсээ засуулж чаддаггүй. Үсээ засуулж үзсэн гэж боддог хэсэг нь ч өөртөө тохирсон, үнэ цэнтэй үс засалт хийлгэж үзээгүй байдаг. Тэнд зөвхөн олны танил, мөнгөтэй хүмүүс л мэргэжлийн түвшинд үсээ засуулдаг. Монголд харин нийт иргэд нь маш өндөр шалгуураар, чанартай үйлчилгээ авдаг. Манай улсын үсчин, гоо сайхны салбар тийм түвшинд ажиллаж байгаа.

-Хэрэглэгчдийн хувьд?

-Монгол хэрэглэгчид дээд түвшний шаардлага, шалгуур, мэдрэмжтэй. Бид өөрсдийнхөө үнэ цэнтэй зүйлийг үнэгүй мэт ойлголдог. Бодит байдал дээр монголоос илүү хөгжиж байгаа, монголоос илүү боловсролтой залуучуудтай, монголоос илүү амьд орчинтой газар дэлхийд цөөн. Гэвч бид өөрсдийнхөө байгаа газрын болохгүй, бүтэхгүй мэтээр ойлгодог. Бидэнд дутагдаж байгаа зүйл нь суурь системийн соёл. Түүнээс ур чадвар, оюуны чадавх, амьдрах, өрсөлдөх чадвараараа монгол залуучууд дэлхийд дээгүүр эгнэнэ.

-Matrix салоны 20 жилийн ойгоороо монголд анхдагч гэж хэлж болохуйц виртуал шоу толилуулсан гэсэн. Тэр талаар мэдээлэл өгөхгүй юу?

-2021 онд Matrix салоны 20 жилийн ой болсон. Бид ойгоо тохиолдуулан Монголд анх удаа виртуал шоу зохион байгуулсан. Шоу уран сайхны киноноос ч өндөр зардалтай бүтсэн. 15 минутын шоуг 400 орчим сая төгрөгийн өртгөөр бий болгосон. Balmain, Cristian dior зэрэг дэлхийн томоохон брэндүүд виртуал шоу хийх болсон. Үүний жишгээр монголдоо энэ төрлийн шоу хийхийг зорьсон. Манай салон өнгөрсөн хугацаанд нийт 10 удаа шоу зохион байгуулсан. 20 дахь жилийн ойн дээрээ арай өөр түвшний шоу хийсэн нь тэр. Тэр шоу монголд хийсэн эхний бөгөөд эцсийн виртуал шоу.

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүсийг зах зээл дээр дэмжих бодлоготой байгаасай гэж хүсдэг. Монгол залуучууд тэмцэж байгаа ч ажиллахад, бизнес эрхлэхэд бэрх нөхцөлд амьдарч байна. Тиймээс нийгэмдээ гоё үлгэр дуурайлалтай байхыг бүх хүнд, бүх улс төрчдөд уриалмаар байна.