Чили улсын Ерөнхийлөгч Габриэль Борич өнгөрсөн баасан гарагт дэлхийн хамгийн өмнөд хэсэг болох Антарктид зочилжээ. Тэрээр дэлхийн өмнөд туйлд зочилж хөл тавьсан Чилийн төдийгүй Латин Америкийн анхны төрийн тэргүүн болж түүх бүтээлээ гэж Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлсэн байна.
Ерөнхийлөгч Борич Батлан хамгаалахын сайд Мая Фернандез, Хүрээлэн буй орчны сайд Майса Рохас болон армийн гурван командлагчийн хамт Өмнөд туйлд ирсэн байна. Тэд Чилийн өмнөд хэсгийн Пунта Аренасаас нисэж өмнөд туйл дахь АНУ-ын судалгааны Эмундсен-Скотт баазад газарджээ. Эндээс Антарктид дахь Юнион Гласиерт байдаг Чилийн судалгааны станц руу Херкулес С-130 цэргийн онгоцоор хүрсэн байна.
Энэ удаагийн айлчлал нь Антарктид дахь Чили улсын бие даасан тусгаар байдлын чухал баталгаа болж байна гэж Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр ярьжээ.
Хорьдугаар зууны үед Чили, Франц, АНУ, Их Британи, Аргентин, Япон улсууд Өмнөд туйлд судалгааны станцуудаа байгуулсан. Эдгээр улс орнууд шинжлэх ухааны судалгаа хийхийн зэрэгцээ хориотой бүс нутагт өөрсдийн эзэмшлийг тогтоох эрмэлзлэлтэй.
Чили улс өнгөрсөн жилүүдэд Өмнөд туйлын хойд хэсэгт судалгааны ажлыг эрчимтэй явуулж байсан. Харин сүүлийн үед судалгааны ажлынхаа хүрээг Беллиншуасен, Веддел Сийс гэсэн газруудад явуулахаар төлөвлөж байгаа гэж Ерөнхийлөгчийн албанаас мэдээлжээ.
Антарктидад 2007 онд Шинэ Зеландын Ерөнхий сайд асан Хелен Кларк, 2011 онд Норвегийн Ерөнхий сайд асан Йенс Столтенберг нар айлчилж байжээ. Столтенберг Норвегийн аялагч судлаач Роалд Эмундсений 1911 онд Өмнөд туйлд хийсэн аяллын зуун жилийн ойг тохиолдуулан 2011 онд айлчилсан юм.