“Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн 619 дэх дугаар уншигчдын гарт очлоо. Шинэ дугаараас онцлох сэдвүүдийг танилцуулъя.

НЭГ: 2025 онд юу биднийг хүлээж байна вэ

Улиран одсон 2024 онд дэлхийн даяар их сонгуулийн жил тохиож 80 шахам оронд ойролцоогоор дөрвөн тэрбум хүн ирэх он жилүүдэд өөрчлөлт авчрах итгэл найдвар тээн саналаа өгсөн. “Америкийг дахин агуу болгох” даалгавар авсан Дональд Трампын эргэн ирэлтээс эхлээд Их Британи, Энэтхэг, Япон, БНСУ, Мексик, Өмнөд Африк зэрэг олон оронд эрх баригч намууд парламентад зонхилох суудлаа алдсан нь улс орныхоо ирээдүй, эдийн засгийн байдалд сэтгэл дундуур байгаа сонгогчдын тавьсан дүн юм. Тэгвэл 2025 он бүхэлдээ шинэ удирдагчдаас сонгуулийн амлалтаа нэхэх, өөрчлөлтийг ярих бус бодитоор үлгэрлэхийг шаардах хүлээлтийн жил байх төлөвтэй. Эс бөгөөс геополитикийн өрсөлдөөн улам ширүүсэж буй дэлхий ертөнцөд эмх замбараагүй байдлын шинэ давлагаа үүсэж болзошгүй юм. Мөн нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөснөөр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэх Дональд Трампын шийдвэрээс дэлхий нийтийн олон асуудал хамаарна.

Монгол Улсын хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламентад сонгогдсон 126 гишүүний баталсан анхны “алдагдалгүй” тодотголтой төсөвт энэ жил нийт 314 төсөл, арга хэмжээг 19.2 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгасан билээ. Тэр дундаа хамтарсан Засгийн газрын нэрийн хуудас болж буй урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь дэд бүтцийг бий болгох зорилготой 14 мега төсөл 2025 онд гараанаас гарч байна. УИХ шинэ оны босгон дээр Засгийн газраас өргөн барьсан Гашуунсухайт-Ганцмод төмөр замыг холбох бүтээн байгуулалтын гэрээний үндсэн чиглэлийг баталж, Франц улстай хамтран “Зөөвч овоо” төслийг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцэж эхэлсэн нь ирэх жилүүдийн эдийн засгийн өсөлт, монголчуудын амьдралын чанарын үзүүлэлтийг тодорхойлно.

С.Лхагвасүрэнгийн "Хүлээлтийн жил 2025" нийтлэлээс

ХОЁР: Шинэ үе

Он солигдож, цаг эргэснээр зарим зүйл өөрчлөгдөж, зарим нь бүр мартагддаг. Энэ жишгээр 2024 онтой хамт үлдсэн нэг чухал, нэн сонирхолтой хүчин зүйл бол уугуул дижитал иргэд хэмээн шагшигдаж ирсэн альфачуудын төрөлт дууссанд юм. Учир нь 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш төрсөн хүүхдүүд альфа хэмээх хүн ам зүйн бүлэгт багтахгүй бөгөөд тэд бета гэх шинэ бүлгийг түүчээлэх юм. Бета бол шинэ зууны, шинэ эриний төлөөлөл. Тэд дараагийн зуун, дараагийн эринд одоог төлөөлж амьдарна. Тэдний хэрэгцээ, үнэ цэн, давуу тал, амьдралын голчийг тодорхойлж, таамаглах нь нийгмийн ирээдүйг зураглах хамгийн чухал хүчин зүйл аж. Тиймээс энэ чиглэлийн судлаач нар бета гэх нэн шинэ судлагдахууныг төнхөж, илүү сайн ирээдүй бэлтгэх “гарын авлага” бэлтгэхээр мэрийж байна.

О.Даваасүрэнгийн "Тавтай морил BETA GEN" нийтлэлээс

ГУРАВ: Индексүүд доройтсоор

Монгол Улс сүүлийн жилүүдэд олон сорилттой тулгарч байна. Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд Монгол Улс 67 орны дунд 61-рт эрэмбэлэгдсэн нь өрсөлдөх чадварын хувьд төдийлөн өндөр амжилттай биш байгааг илтгэнэ. Түүнчлэн, Монгол Улс ардчиллын индексээр 2024 онд 4 байр ухарч, хэвлэлийн эрх чөлөөний индексээр 21 байр ухарсан. Мөн авлигын индексээр таван байр ухарч, 121-рт эрэмбэлэгдсэн нь төрийн үйл ажиллагааны ил тод байдал, авлига, засаглалын чанарт сөргөөр нөлөөлж байгааг эдгээр үзүүлэлтүүд батлан харуулж буй. Угтаа төрийн үйл ажиллагааны ил тод байдал, авлига, засаглалын чанар нь улс орны ирээдүйн хөгжилд чухал нөлөө үзүүлдэг. Гэтэл энэхүү үзүүлэлтээр бид тогтмол уруудаж байгаа нь Монгол Улсын хөгжилд саад учруулж, иргэдийн амьдралын чанар, нийгмийн итгэл үнэмшилд сөргөөр нөлөөлөхөд хүргэж байна.

И.Сарангоогийн "Ухарч буй Монгол" нийтлэлээс

ДӨРӨВ: 17 хоногийн дотор тойрогт хийсгэсэн 18 тэрбум

2024 оны ээлжит сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 6,434.5 сая төгрөг, тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 894.7-1,526.1 сая төгрөгийн хооронд Үндэсний аудитын газраас тогтоосон. Гэтэл УИХ-ын 2020 ээлжит сонгуулиар тойрогт нэр дэвшигчдийн зарцуулах зардлын дээд хэмжээг тухайн тойргоос хамааран 360.4 сая төгрөгөөс 775.5 сая төгрөгийн хооронд тогтоож байсан ч дараагийн сонгуулийн хүртэл ийнхүү өссөн билээ. Түүхэндээ 126 УИХ-ын гишүүнтэй болсон энэ удаагийн сонгуульд нийт 1336 нэр дэвшигч нэр дэвшиж, 92 тэрбум 682 сая төгрөгийн зардал (92,682,396,621.04) гаргажээ. Харин хамгийн өндөр сонгуулийн зардал гаргасан тойрог бол УИХ-ын хоёрдугаар тойрог. Ховд, Завхан, Увс, Говь-Алтай зэрэг аймгуудыг багтаасан энэ тойрогт 103 нэр дэвшигч дэвшиж 10 нь УИХ-ын гишүүн болсон юм. Нийт сонгуулийн зардлын дүн нь 18 тэрбум 323 сая (18,323,304,431.70) төгрөгөөр хэмжигдэж байна. Хамгийн их зардал гарсан УИХ-ын хоёрдугаар тойрог (Ховд, Завхан, Увс, Говь-Алтай) т нэр дэвшигчдийн зарцуулсан мөнгөөр юу хийж болохыг тооцож үзье л дээ. Ховд аймагт зарлагдсан тендерүүд дээр жишээлээд тооцъё. Сонгуулиар цацсан мөнгөөр 18,408,106,183.70 төгрөгөөр 250 хүний суудалтай 14 заал, 240 хүүхдийн ортой 7 цэцэрлэг, гэрэлтүүлгийг нь шийдсэн 61 ундны усны худагтай болох боломжтой байв. Гэтэл 17 хоногийн хугацаанд ийнхүү салхинд хийсэн одсон. Бүтээн байгуулалт, боловсролд энэ мөнгийг сонгуулиар бус сонгуулиас өмнө зарцуулж байсан бол өдий хэмжээний их зардал гаргахгүйгээр УИХ-ын гишүүн болох боломжтой байв.

О.Эрдэнэчимэгийн "Нэг тойрогт хийсгэсэн 18 тэрбум ба дөрвөн аймагт 14 цэцэрлэг бүтээх боломж" нийтлэлээс

ТАВ: Төрийн хэтийдсэн эрх

Зах зээлийн боловч төрийн оролцоотой зохицуулалт хийдэг холимог тогтолцоогоор эдийн засгаа удирддаг манай улсын хувьд зохист харьцааг алдагдуулж, нийгмээрээ гажуудалд ороод байна. Төр хувийн хэвшилтэй өрсөлдөж, хуушуур хийх, хувцас оёход хүртэл оролцож байгааг төрийн сайд нь ч хэлж буй. Үр ашиггүй, олон төрийн өмчит компанийг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж, дарга удирдлагуудынх нь халаасыг түнтийлгэдэг, нийгэм, ард иргэддээ хүртээлгүй, сөрөг үр дагавартай улс төрийн шийдвэр гаргадаг, төсвийн зардлыг тэлж, хувийн хөрөнгө оруулалтыг бууруулдаг гажуудлыг л бид бий болголоо. Энэ нь эдийн засаг дахь төрийн оролцоо ихэдсэнтэй холбоотой.

Энэ жил ч төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, ашиггүй ажилладаг компаниудыг татан буулгаж, хувьд шилжүүлж, нэгтгэх асуудал Засгийн газрын түвшинд яригдсан. Хэрвээ энэ шийдэл бодитоор хэрэгжиж эхэлбэл, эдийн засаг дахь төрийн оролцоо бага ч гэсэн хумигдаж, тэр хэрээр хувийн хэвшлийнхэнд орон зай нэмэгдэнэ. Төр заавал ашиггүй бизнес хийх шаардлага байхгүй шүү дээ. Жишээлэхэд, хог шүүрдэх, хоол хийх, авто бааз байгуулах ажлыг хувийнхан маш хурдтай, менежмент сайтай босгоод ирнэ. Түүнчлэн төсвийн зардлаа багасгаж, үр ашиггүй хөрөнгө оруулалтуудыг бууруулж, төрийн бүтцэд институцийн болоод бүтээмжийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага бийг дахин хэлье.

Б.Цэнд-Аюушийн "Гажуудал" нийтлэлээс

ЗУРГАА: Эго биш хэрэгцээ

Хүний амьдрах хэрэгцээ зөвхөн бие махбодийн, хоол хүнс, нойр, ус гэх мэт зүйлсээр хязгаарлагддаггүй. Үүнд дотор сэтгэл зүйн буюу харагдах, сонсогдох, ойлгогдох хэрэгцээ чухал үүрэг гүйцэтгэдэг. Нэг үгээр хүн болгонд өөрийгөө илэрхийлэх, хүлээн зөвшөөрөгдөх, сэтгэл санаа, санаачилгаа дамжуулах, ойлгогдох хэрэгцээ шаардлага гэж бий. Энэ хэрэгцээг хангах замаар хүн өөрийн үнэт зүйлс, итгэл үнэмшлээ бий болгож, амьдралын чанараа сайжруулдаг байна. Тэгвэл энэ хэрэгцээ шаардлагыг Америкийн нийгмийн сэтгэл судлаач Брене Браун гурван үндсэн хэсэгт хувааж тодорхойлжээ. Монголчууд бид өөрийгөө илэрхийлж, мэдрэмжээ хуваалцаж буй нэгнийг “Энэ хүн өөрийгөө яриад эготой, дутуугийн мэдрэмжтэй, хохирогч сэтгэлзүйтэй” гэж зэмлэх нь бий. Гэтэл чухамдаа хүн болгонд өөрийгөө илэрхийлэх, үнэлүүлэх хэрэгцээ, шаардлага гэж байдаг. Уг хэрэгцээнүүд нь зөвхөн сэтгэл зүйн эрүүл мэндэд төдийгүй амьдралын чанарт чухал нөлөөтэй. Өөрийгөө илэрхийлэх нь зөвхөн сэтгэл санаагаа хуваалцах арга биш, харин сэтгэл зүйн тэнцвэртэй байдлыг хадгалж, амьдралын утга учрыг мэдрэх нэгэн чухал алхам гэж сэтгэл судлаачид үздэг. Иймд хүмүүсийн эдгээр хэрэгцээг ойлгож, харилцан хүлээн зөвшөөрөх нь сэтгэл зүй, нийгмийн харилцаанд чухал нөлөөтэй юм.

И.Сарангоогийн "Зөвшөөрөгдөх хүсэл" нийтлэлээс

ДОЛОО: Болзоо тарифжсан нь

Шинэ үеийн залуус ганц бие байхыг эрхэмлэх болжээ. Үүнд биеэ даасан байдал, цаг завгүй амьдралын хэв маяг зэрэг олон зүйл нөлөөлж байгаа ч хайр дурлалын харилцааны хамгийн гол “дөнгө” нь мөнгө аж. Товчхондоо, үнийн хөөргөдөл, инфляцын савлагаа залуусын дурлах, хайрлах, болзох боломжийг ч хазаарлаж байна. Энэ талаарх судалгааг АНУ-ын “LendingTree” судалгааны хүрээлэнгээс хийсэн бөгөөд залуусын 65 хувь нь инфляц тэдний болзооны шийдвэр, хайр дурлалын амьдралд нөлөөлсөн гэж хариулжээ. Мөн олонх нь ганц бие байхыг илүүд үздэг гэсэн бол ердөө есөн хувь нь хайр дурлалын харилцаа тогтоохоор төлөвлөж байгаа талаараа өгүүлсэн байна. Харин 23 хувь нь болзсон тохиолдолд аль болох бага мөнгө зарцуулахыг хичээдэг гэсэн бол 21 хувь нь цөөн болзоонд явахыг эрмэлздэг хэмээжээ. Хамгийн сонирхолтой нь судалгаанд оролцсон хүмүүсийн 14 хувь нь болзсоны улмаас өрөнд орсон бөгөөд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс хоёр дахин их санхүүгийн эрсдэл хүлээдэг болох нь тогтоогдсон байна.

Д.Сарангийн "Хайрын өртөг" нийтлэлээс

НАЙМ: Төр өөрөө хамгийн том хууль зөрчигч

Хуулиас давсан үйлчлэлтэй тогтоол баталж мөнгө тараасан Засгийн газар удахгүй үүнийхээ горыг амсаж иргэдийн шахалт, шаардлагад өртөнө. Санхүүгийн тайлан тооцоо нь эцэслэгдээгүй байсан ч иргэд Цагаан сарын өмнө мөнгө тараахыг шаардана. “Өөрсдийнхөө эрх ашгийн төлөө хүссэн үедээ мөнгө тараачихаад одоо болохоор иргэдийнхээ төлөө Цагаан сарын өмнө өгөхийг шаардаж байна” гээд л зүтгэнэ. Тэр үед Засгийн газар яах вэ. Дахиад л хуулиас давсан тогтоол батлах уу. Эсвэл “Хавар болж утаа багасаж байгаа юм чинь зүгээр” гээд 2023 оны ногдол ашгийг тараасан шигээ дөрөвдүгээр сард тараах уу. Үе, үеийн эрх баригчид өөрсдөө дахин сонгогдох, эрх мэдлээ хадгалахын төлөө хуулиас давсан буруу жишиг тогтоочихоод дараа нь түүндээ ороогдож, түүнийгээ хэрэгжүүлэх гэж бүдчих боллоо. Үүнд иргэд, олон нийтийг буруутгах аргагүй. “Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух билээ” гэдэг үг бий. Өөрсдөө эхлээд халамжаар угжаагүй бол иргэд халамж өгөхийг шаардаж, биелүүлэхгүй бол түлхэж унагахыг оролддог жишиг тогтохгүй л байсан болов уу.

С.Шийлэгтөмөрийн "Төрд болохгүй юм гэж үгүй" нийтлэлээс

ЕС: Эрт илрүүлэг оройтож эхэлсэн нь

Өвдөж, өвчлөл хүндрэхээс нь урьтаж илрүүлэн, эмчилнэ гэдэг тун сайн хэрэг. Гэхдээ эрт илрүүлгийг илүү эрт эхлэх хэрэгтэй байна. Учир нь зургаан нас гэдэг зарим төрлийн өвчлөлийг илрүүлээд, эмчлэхэд оройтдог хугацаа аж. Тухайлбал, хүүхдийн харааны хөгжил 5-6 нас хүртэл үргэлжилдэг бөгөөд түүнээс хойш хараа тогтож, насанд хүрсэн хүнийхтэй ижил түвшинд хардаг байна. Тиймээс зургаан наснаас нь өмнө хүүхдийн нүдийг үзүүлж, харааны ямар нэг асуудал байгаа эсэхийг шалгуулж, шаардлагатай тохиолдолд эмчлүүлэх хэрэгтэй аж. Гаднын улсад хүүхдийн нүдний харааг бага насанд нь, товлолт үзлэгийнх нь үеэр тогтмол шалгадаг. Манайд ч ийм боломж бий. Вакцин хийлгэхэд нь, үзлэг, оношилгоонд орохоор өрх, дүүргийн эмнэлэгт хандахад нь нүдний харааг нь шалгах бололцоо бий. Гэвч боловсон хүчин хангалтгүй байна. Түүнчлэн эцэг, эхчүүд хийгээд эмч, мэргэжилтнүүдийн дунд энэ төрлийн ойлголт хомс байдаг аж.

Д.Сарангийн "Эрт илрүүлгийг эрт эхлүүлэх хэрэгцээ" нийтлэлээс

АРАВ: Ирэх онд нээлтээ хийх дэлхийн шилдгүүд

Ажил хаялт, цалин хөлсний маргааны дараа сүүлийн хагас жилд нь эв зүйгээ олж, зургийн талбайгаа засаж эхэлсэн Холливуудын урлангууд 2025 онд ямар бүтээл гаргахаар зэхэж байгааг тоймлоё. Ямар ч тохиолдолд тасалбарын орлогоороо цойлж ашиг дууддаг адал явдалт түүх, супер баатруудын дүрээ оны эхэнд дэлгэдэг нь Холливуудын уламжлал. Нэгдүгээр сард “Universal Pictures” Хүн-чоныг үзэгчидтэй уулзуулж “Wolf Man” франчайзыг эхлүүлэх бол хоёрдугаар сард “Marvel”-ын Ахмад Америк шинэ ертөнцөөр аялахаар хоёр жилийн дараа эргэж ирнэ. 2016 оны “Hacksaw Ridge” киноны амжилтаасаа хойш найруулагчийн сандалд суугаагүй Мел Гибсон энэ сарын сүүлээр “Flight Risk” хэмээх тулаант триллер төрлийн бүтээлээ нээхээр зэхэж буй. Хатан зоригтны найруулсан нислэгийн эрсдлэгийг жүжигчин Марк Уолберг үүрэх юм. Цар тахлын жилүүдээс хойш үзэгчдийн тоогоо тогтмол өндөрт барих болсон видео стрийминг үйлчилгээнүүд энэ жил ч кинотеатрт хувиа тавьж өгөхгүй нь. “Netflix”-ийн үзэгчдийг хуйлруулдаг хамгийн том хоёр шоу 2025 онд эргэн ирэхийг үзэгчид тэсэн ядан хүлээж байна. Залуу жүжигчин Женна Ортегагийн тоглосон “Wednesday” хоёр дахь бүлгээ оны сүүлээр гаргах бол “Stranger Things” тав улирал буюу сүүлчийн ангиудаараа үзэгчидтэйгээ уулзах гэж байна. 2021 онд эхний бүлгээрээ дээд амжилт тогтоож бүх цагийн хамгийн олон үзэлттэй цувралаар шалгарсан “Squid game 2” нээлтээ хийсэн долоо хоногийн хугацаанд дахин үзэлтээрээ тэргүүллээ. Одоогоор 100 шахам улсад “Netflix” хэрэглэгчдийн жагсаалтыг тэргүүлээд буй арваалжин тоглоомын сүүлийн бүлэг хэдийнэ зураг авалтаа эхэлсэн бөгөөд 2025 оны эцсээр цацагдана гэх мэдээллийг найруулагч Хван Дун Хюк баталсан. Энэ зуурт “Squid game ”-ийн шүтэн бишрэгч Леонардо Ди Каприо сүүлийн бүлэгт дүр бүтээх тухай цуу яриа ч дэгдээд амжив.

С.Лхагвасүрэнгийн "2025 онд дэлгэцийн өмнө уях бүтээлүүд" нийтлэлээс

АРВАННЭГ: Анхны оперетта

“Үндэстний ТОЙМ” сэтгүүл Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын урын сантай хамтран Монголын сонгодог урлагийн түүхэн дэх сор бүтээлүүдийг анхлан туурвисан уран бүтээлчдийг танилцуулах “Сонгодог урлагийн анхдагчид” буланг эхлүүлсэн билээ. Энэхүү булангийнхаа 24 дэх дугаарт Иохан Штраусын “Сарьсан багваахай” опереттагийн талаар өгүүллээ. Иохан Штраус арав гаруй хошин дуурь бичсэний нэг нь өдгөө дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Die Fledermaus (The Bat) буюу “Сарьсан багваахай” хошин дуурь юм. Австрийн нэрт хөгжмийн зохиолч Иохан Штраусын “Сарьсан багваахай” дуурь нь анх 1874 оны дөрөвдүгээр сарын 5-нд Вена хотын “Ан дер Вин” театрт тоглогдож байжээ. Тавигдсаныхаа дараагаар нэг их удалгүй дэлхий даяар алдартай болж, өнөөдөр уг дуурийг дэлхийн олон театрт толилуулж байна. Энэхүү дуурь нь Иохан Штраусын хамгийн алдартай, хошин инээдмийн дуурь бөгөөд хөгжмийн урлагт ихээхэн нөлөө үзүүлсэн бүтээл гэж үздэг. Мөн уг бүтээлийг Венийн хошин дуурийн оргил хэмээн тооцдог бөгөөд К.Хафнер, Р.Генее нар цомнолыг нь бичсэн гурван үзэгдэлт бэсрэг хошин дуурь юм. Дэлхийн олон оронд энэхүү бүтээлийг “Зул сар”-ын баярыг тохиолдуулан тоглодгоороо онцлогтой. Монголын сонгодог урлагийн тайзнаа анх 2009 оны зургаадугаар сарын 19-ний өдөр монгол хэлээр уг дуурийг тавьсан юм. Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Эрдэнэбаатар тайзнаа найруулан тавьж, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдаж байсан түүхтэй. УДБЭТ анх тавьснаас нь хойш 2019 онд дахин сэргээн тавьсан бөгөөд уг бүтээлийн найруулагчаар тус театрын ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатар, зураачаар ерөнхий зураач Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар, удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү нар ажилласан билээ.

О.Эрдэнэчимэгийн "Монголын тайзнаа тавигдсан анхны оперетта “Сарьсан багваахай” нийтлэлээс