Арав гаруйхан жилийн дараа ачааллаа дийлэхээ болих эв санааны нэгдлийн тогтолцоог нэрийн дансанд суурилсан тэтгэврийн тогтолцоо руу шилжүүлж байна. Одоо хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлээр өндөр наснтуудын тэтгэврийг олгосноор нийгмийн даатгалын сан жил бүр алдагдалтай байгаа.
Ингэж явсаар 2037 он гэхэд энэ сан ачааллаа бүрмөсөн даахгүй нөхцөлд хүрэхийг мэргэжлийнхэн судлаад тогтоочихсон. Тиймээс иргэд нийгмийн даатгалын шимтгэлээ нэрийн дансандаа хуримтлуулж, тэтгэвэрт гарахдаа өөрөө авдаг тогтолцоо руу аажмаар зүглэж буй.
Уг нь Нэрийн дансны хуулийг батлаад 20 гаруй жил болсон ч бодитоор мөнгөжүүлж чадаагүй энэ онтой золгосон байдаг. 2024 оноос л нэрийн дансыг амь оруулж, нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийг хуримтлуулж бодитоор мөнгө хуваарилж эхэлсэн. Ингэснээр иргэд төлсөн шимтгэлийн мөнгөө өөрөө хүртэх боломж нээгдэж байгаа юм.
Нэг ч иргэн нэрийн дансаар тэтгэвэр тогтоолгоогүй
Өөрөө хэдэн төгрөг хураана, хожим түүнийгээ хүртэх нэрийн дансны энэ тогтолцоог хамгийн шударга зарчим гэдэг. Тиймээс 1999 онд хууль баталж, 1960 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүмүүсийг нэрийн дансаар тэтгэвэрт гарах нөхцөлийг бүрдүүлж байлаа. Гэхдээ монголчуудын нэрийн дансанд бодитоор нэг ч төгрөг хуримтлагдаагүй тул хуулийг хүчингүй болгож, 1979 оноос хойш төрсөн хүмүүсийг нэрийн дансанд хамруулах зохицуулалттай болсон. Нөгөөтэйгүүр нэрийн данснаас тэтгэвэр тогтоолговол одоогийн хувиарлалтын тогтолцооноос хамаагүй бага мөнгө ногдохоор байсан ч гэдэг. Тиймээс 1960-1979 оны хооронд төрсөн хүмүүс нэрийн данс болоод хувь тэнцүүлсэн аргаар тэтгэвэр тогтоолгох сонголтыг үлдээжээ. Гэхдээ одоогоор нэг ч иргэн нэрийн дансаар тэтгэвэр тогтоолгоогүй байна.
Тэгвэл 1979 оноос хойш төрсөн хүмүүс таван жилийн дараагаас эхнээсээ тэтгэвэрт гарч эхэлнэ. Тэд одоогийн хуулиар сонголтгүйгээр нэрийн дансанд үндэслэж тэтгэврээ тогтоолгоно. Гэхдээ одоогийн нөхцөл байдал, хуульд тусгасан аргачлалаар нэрийн дансаар тэтгэвэр тогтоолгоход хэд хэдэн асуудал үүсэх нь.
Нэрийн данс нийгмийн баталгаа болох уу?
Нэрийн дансны аргаар тэтгэвэр тогтоох аргачлал нь нэг асуудал болж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэрийн дансны аргаар тэтгэвэр тогтоохыг ийм байдлаар хуульчилжээ. Даатгуулагчийн нэрийн дансны тухайн жилийн үлдэгдэл болон мөнгөжүүлсэн орлогын нийлбэр дүнг тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийллийг 12-оор үржүүлсэнд хувааж олгохоор томъёолжээ. Өөрөөр хэлбэл, тухайн хүнийг хүйсээр нь ялгаж, хэдэн жил тэтгэвэр авахыг тооцоолж, нэрийн дансны үлдэгдлийг нь хуваарилж олгоно гэсэн үг. Ингэхдээ тэтгэвэр авах дундаж хугацааг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс жил бүр тогтоохоор хуульчилсан байна. Энэ жилийн байдлаар эмэгтэй хүнийг дунджаар 22 жил, эрэгтэй хүнийг 15 жил тэтгэвэр авна гэж тооцоолжээ. Жишээлж үзье. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүний нэрийн дансанд хуримтлал болон хүү нийлээд адилхан 150 сая төгрөг хуримтлагдсан гэж бодъё. Тэгвэл 150 сая төгрөгийг эмэгтэй хүн 22 жил буюу 264 сар хувааж авна. Харин эрэгтэй хүн мөнгөө 15 жил буюу 180 сар хувааж авна. Тэгэхээр эмэгтэй хүний сарын тэтгэвэр 568182 төгрөг, эрэгтэй хүнийх 833333 төгрөг болохоор байна. Хэдийгээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ижил хэмжээний мөнгө хураасан ч сарын зөрүү нь бараг 300 мянган төгрөгөөр хэмжигдэх нь.
Түүнчлэн хэдийгээр нэрийн дансанд хуримтлагдах мөнгөнд хүү бодож, өнөөгийн үнэ цэнийг хадгалах ч гэлээ 5, 10 жилийн дараа 500 мянган төгрөгийн тэтгэвэр хүний нийгмийн баталгаа болж чадахгүй. Нэг жилд 500 мянга гаруй төгрөгөөр тэтгэвэр тогтоогоод дараа жил нь үүнийг өөрчлөх эсэх ч тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, нэрийн дансаар тэтгэвэр тогтоолгох иргэд одоогийн тэтгэврийн насныхнаас дор амьжиргаатай болох эрсдэл өндөр байна. 1960 оноос хойш төрсөн хүмүүс ч сонголттой учраас цалинд үндэслэн тэтгэвэр тогтоолгож болно. Харин 1979 оноос хойш төрсөн хүмүүс л нэрийн дансны эрсдэлд өртөх нь.
Хоёрдугаарт, хүмүүс тэтгэвэр авах 22, 15 жилээ гүйцээхгүй нас барвал яах вэ. Нэрийн дансанд цугласан мөнгийг ар гэрийнхэнд нь өвлүүлэх зохицуулалт одоогоор алга. Одоо хэрэгжиж байгаа өвлөгдөх зохицуулалт нь тэтгэвэр авагч нас барвал зөвхөн 20 жил хамт амьдарсан эхнэр, нөхөрт нь 20 хувийн нэмэгдэл олгодог. Харин одоогийн хуульд нэрийн дансны мөнгийг хэрхэн өвлүүлэхэд хариулт алга. Энэ мэт асуудлууд байгаа учраас хэрэгжиж эхэлсэн ч нэрийн дансны аргаар тэтгэвэр тогтоолгох нэг ч хүн алга.

1979 оноос хойш төрсөн хүмүүс нэрийн данснаас тэтгэвэр тогтоолгоход хэд хэдэн асуудал байна. Тэтгэврийн насанд хүрсэн хүнд эхний жил тэтгэвэр тогтоож өгчихөөд дараа жил нь яах вэ. Нэрийн дансыг хэрхэн удирдах вэ. Нэг тогтоосон дүнгээ нэг ч төгрөгөөр өсгөхгүй насан туршид нь олгох юм уу гэдэг асуултад хариулт алга. Хоёрдугаарт, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс монгол хүний тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэл гэдэг зүйлийг тогтоосон. Энэ тоо өндөр байвал сард авах тэтгэврийн хэмжээ бага гарна. Өндөр насладаг гээд бага тэтгэвэр авах ёстой гэсэн үг үү. Мөн нэрийн дансны хуримтлалыг олон төрлийн зүйлд ашиглах нь буруу гэж харж байгаа. Өмнө нь аваад ашиглачихвал хожим нь бага тэтгэвэр л авна шүү дээ.
Иргэдээс хамаарах эрсдэл
Энэ оноос нэрийн дансыг бодитоор мөнгөжүүлж эхэлснийг өмнө нь дурдсан билээ. Албаныхныхны мэдээллээр одоогийн байдлаар нэрийн дансанд нэг сая даатгуулагчийн 178 тэрбум төгрөгийн хуримтлал үүссэн байна. Тэгвэл Нийгмийн даатгалын багц хуулийн хүрээнд нэрийн дансны хуримтлалыг орон сууц, эрүүл мэнд, боловсролд зарцуулж болохоор хуульчилсан. Гэхдээ одоогоор нарийн зохицуулалтууд гараагүй бөгөөд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам журам боловсруулахаар ажиллаж байгааг албаны эх сурвалж хэлж байна. Нэгэнт хуульчилсан учраас иргэд цаашдаа нэрийн дансанд хуримтлагдсан мөнгөө орон сууц худалдаж авахдаа, эмчлүүлэхдээ, боловсрол эзэмшихдээ ашиглаж болно гэсэн үг. Ингэснээр хожим авах тэтгэврийн хэмжээ нь багасна. Тэр тусмаа “одоо өгч л байвал авъя” гэдэг сэтгэхүйтэй монголчуудын ирээдүй нийгмийн баталгаа үгүй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, иргэд ч ирээдүйнхээ амьжиргааг үгүй хийх магадлалтай юм.
Нэрийн дансанд нарийн зохицуулалт хэрэгтэй
Хэдийгээр өөрийнхөө хураасныг ирээдүйд хүртэх нэрийн дансанд суурилсан тэтгэврийн тогтолцоо шударга ч гэлээ хүмүүсийн амьжиргааг дордуулах эрсдэлтэйг эдийн засагч, судлаачид хэлж байна. Нэрийн дансны хуримтлалыг өндөр хувиар мөнгөжүүлэх, өнөөгийн үнэ цэнийг урт хугацаанд хадгалах, өмнө нь ашиглахтай холбоотой нарийн зохицуулалт гаргах шаардлага байна. Түүнчлэн хувийн тэтгэврийн тогтолцоог давхар хөгжүүлж, төрийн үүрэх ачааллыг багасгах шаардлага ч бийг давхар сануулж буй.