Өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу гэдэг дээр маргадаг шиг эдийн засагт инфляц өндөр байгаа учраас цалин нэмж байна уу, эсвэл цалин нэмснээр инфляц өсөж байна уу гэдгийн хариулт маргаантай хэвээр. Инфляц нь та бидний орлогын өсөлтөд, бидний орлогын өсөлт инфляцад гэсэн харилцан бие биеийнхээ өсөлтийн шалтгаан болдог. Сүүлийн 2 жилд төрийн албан хаагчдын цалинг нэмсэн нь эдийн засагт цалингийн өсөлтийг бий болгож, эрэлтийн шалтгаант инфляц өсөхөд нөлөөлөв.

Үнэ, цалин ээлжлэн өсөх үзэгдэл

Сонгууль угтсан төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлээс үүдсэн үнийн өсөлт 2025 онд үргэлжилнэ. Цар тахал, геополитикийн нөлөөгөөр 2021-2022 онд үнийн өсөлт дэлхий даяар эрчимжсэн. Манай улсад хоёр оронтой тоогоор хоёр жил дамнан өссөн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эрчим энэ онд саарч буй. Өнгөрсөн зургаадугаар сард 5.1 хувь болж доод түвшинд хүрч буураад байсан жилийн инфляц, сүүлийн саруудад эргэн өсөж байна.

Жилийн инфляц энэ оны наймдугаар сард 6.5 хувь, есдүгээр сард 6.7 хувь, аравдугаар сард 7 хувь, арванхоёрдугаар сард 8.1 хувиар өслөө.

Хэдийгээр сүүлийн нэг жилийн хугацаанд нэг оронтой тоогоор инфляц өсөж байгаа хэдий ч хоёр жил дараалж хоёр оронтой тоогоор өссөн инфляцын дараах нэг оронтой тооны өсөлт хүн бүрт хүчтэй мэдрэгдсээр. Иргэдийн худалдан авах чадварыг хадгалахын тулд инфляцын түвшинтэй уяж цалинг нэмэх нь зүйн хэрэг. Гэхдээ цалин нэмэгдмэгц аж ахуйн нэгжийн зардал өсөж, ашгийн хэмжээ буурах учраас ашгийн түвшнээ хадгалахын тулд бизнес эрхлэгчид бараа, үйлчилгээний үнээ өсгөх нь дамжиггүй. Нөгөө талд цалин нэмэгдсэнээс орлогоо дагаж, иргэдийн худалдан авалт өсдөг. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг шиг олохынхоо хэрээр бид зарцуулдаг нь үнэн. Монголчуудад нийтлэг байдаг энэ зан эргээд эрэлтийг нэмэгдүүлж, инфляц өсөх шалтгаан болдог. Бараа, үйлчилгээний үнийн өсөлт, цалин өсгөх нөхцөлийг шаарддаг бол цалин өсгөхийн тулд бүтээгдэхүүн, үйлчилгээний үнээ нэмдэг харилцан хамаарал бүхий гинжин хэлхээтэй.

Инфляцад идүүлсэн “нэрлэсэн” цалингийн өсөлт

Эдийн засагч Д.Ган-Очирын “Цалин болон орлого, инфляц хоорондын уялдаа” судалгаанаас харахад Монгол Улсын цалингийн өсөлт нь нэг улирлын дараагаас инфляцын шалтгаан болдог бол, инфляц нь хоёр улирлын дараагаас цалингийн өсөлтийг бий болгодог ажээ. Цалингийн нэг удаагийн өндөр өсөлтөөс шалтгаалсан инфляц нь бодит цалингийн өсөлтийг бууруулахад нөлөөтэй учраас нэг дор өндөр дүнгээр биш алгуур үе шаттай нэмэгдүүлэх нь үнэд ирэх нөлөөг бууруулна гэдгийг тус судалгаанд дурдсан байна. Мэдээж үнийн өсөлтийг давах нэг гарц нь орлогоо нэмэгдүүлэх явдал. Энэ оны III улирлын байдлаар улсын дундаж цалин сая 2.4 сая төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 23.4 хувиар өсжээ. 2020 онтой харьцуулахад нэрлэсэн цалин 200 хувиар буюу хоёр дахин нэмэгдсэн боловч иргэдийн худалдан авах чадварыг илэрхийлсэн буюу инфляцаар засварлагдсан бодит цалингийн индекс ердөө 38.8 хувиар нэмэгджээ.

"Бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт муудаж байна. 50 мянган төгрөгөөр худалдан авч байгаа барааны тоо хэмжээ хэрхэн буурч байгааг хүн бүр л мэдэрч байгаа байх. Бүх зүйлийн үнэ өсөж байгаа үед бидний хувьд цалингаа нэмэхээс өөр арга алга. Үнийн өсөлтөөс гадна залуучууд маш ихээр гадагшаа явж байна. Ажиллах хүчний гадагшлах урсгал эрчимжсэн учраас өнөөдөр ажиллах хүн олдохгүй байна. Бизнес эрхэлж байгаа хүний хувьд тогтвортой үйл ажиллагаагаа явуулахын тулд одоо байгаа боловсон хүчнээ хадгалах ёстой. Үүний тулд цалингаа нэмж байна."

"Үнийн өсөлт өндөр, төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн нэмэгдлийг дагаад цалингаа нэмэх шаардлага үүсэж байна. Гэхдээ цалин нэмлээ гээд жил хүрэхгүй хугацаанд цалингийн нэмэгдэл тухайн ажилтны орлогод нөлөөлөхөө больж байна. НДШ, НӨАТ, ХАОАТ, ААНОАТ гээд татварын ачаалал бидэнд маш их байна. Ажиллаж байгаа хүнийхээ цалин хөлс, бусад нийгмийн асуудлыг шийдвэрлэе гэхээр компанид үлдэх ашиг бага болчихдог. Бизнес эрхлэхэд заримдаа шантрах, урам хугарах үе их тохиолддог."

Үнийн хоёр дахь үеийн нөлөөнд өртөхгүй байх гарц

Жил хүрэхгүй хугацаанд төрийн албан хаагчдыг цалин нэмдэг жишиг тогтлоо. Хамгийн сүүлд 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар, төрийн нийтлэг үйлчилгээний салбарын цалинг 20 хувиар нэмсэн бол 2025 онд дахин төрийн албан хаагчдын цалинг инфляцын түвшинтэй уялдуулан 6 хувиар нэмэхээр төсөв баталсан. Цалин нэмэхээс гадна төрийн албанд ажиллах орон тоо ч жилээс жилд өсөж байна. Нийгмийн даатгалын байгууллагын мэдээллээс харахад нийт ажиллагсдын 28 хувь нь өнөөдөр төсөвт байгууллагад ажиллаж, дунджаар 2.6 сая төгрөгийн цалин авдаг.

2025 оны төсвийг хэлэлцэн батлахдаа ирэх онд төрийн албанд шинээр нэмэхээр тооцсон 2000 гаруй ажлын байрыг 1100-аар бууруулж, 40 тэрбум төгрөгийг төсвийн урсгал зардлаас хассан. Гэсэн ч төрийн албан хаагчдын тоо энэ онд 1000-аар өснө. 2025 оны төсвийн зардал 33.5 их наяд төгрөг байгаагийн 11.5 их наяд төгрөгийг төрийн албан хаагчдын цалин хөлс, нэмэгдэл, урамшуулалд зарцуулах юм.

"Манай улсын хөдөлмөрийн зах зээл дээр байгаа нийт ажиллагсдын гуравны нэг нь өнөөдөр төрд ажиллаж байна. Төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, үр ашиггүй бүтэц, орон тоог бууруулах замаар чадварлаг цомхон бүтцийг бий болгох хэрэгтэй. Чадвартай боловсон хүчин бүрдүүлснээр бүтээмж өснө. Бүтээмжтэй уялдуулан цалин нэмэх нь эдийн засгийн хамгийн зөв шийдвэр."

Төрийн албаны бүтээмжийг өсгөлгүйгээр албан хаагчдын орон тоо, тэдний нэрлэсэн цалинг өсгөсөн нь 2025 онд “үнэ, цалин ээлжлэн өсөх үзэгдэл” үргэлжлэх анхааруулга гэлтэй. Цалинг нэмсэн ч орон тоог нэмэхгүй, чадварлаг цомхон бүтэц байгуулах, эсвэл технологи, инновац нэвтрүүлэх төрийн албан хаагчдын бүтээмжийг өсгөснөөр “Үнэ, цалин ээлжлэх үзэгдэл”-ийг сөрөх боломжтой билээ.